Өнгөрсөн онд 3430 эмэгтэй, 430 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн онд 3430 эмэгтэй, 430 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ

Өнгөрсөн онд 3430 эмэгтэй, 430 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хэрэг бүртгэх албанаас төрийн болон төрийн бус байгууллага иргэдийг оролцуулан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2018.03.15/ зохион байгууллаа.


Улсын хэмжээнд 2017 онд “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нийт гэмт хэргийн 27.3 хувийг эзэлж, энэ гэмт хэргийн 37,9 хувийг согтуугаар үйлдэж байгаа нь энэ гэмт хэргийн үндсэн шалтгаан нь архидалт байгаа аж.

Уг хэлэлцүүлэгт ХЗДХЯ, Шүүхийн ерөнхий зөвлөл, УЕПГ, МХЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэл, дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсийн дарга нар, Хэрэг бүртгэх тасгийн дарга нар, МӨХ, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, дүүргүүдийн хорооны хурлын болон засаг дарга нар, Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, ”Лантуун дохио” ,”Хөөрхөн зүрхний аян” ТББ-ууд оролцож байна.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь архидан согтуурахыг бууруулах, иргэдийн харилцааны соёлыг  төлөвшүүлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршиж буй юм.

Өнгөрсөн онд 3430 эмэгтэй, 430 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ

Хэрэг бүртгэх албаны ахлах мөрдөгч Цагдаагийн дэд хурандаа Т.Төгсмаа

Хэрэг бүртгэх албаны ахлах мөрдөгч Цагдаагийн дэд хурандаа Т.Төгсмаатай цөөн хором ярилцлаа. 

-Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хэдэн хувийг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг эзэлж байна вэ?

-Монгол Улсад 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 8812 буюу 27.3 хувь нь “Хүний эрүүл  мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг эзэлж байна. Энэ гэмт хэргийн сүүлийн үеийн статистик тоон баримтаас харахад 38.9 хувийг согтуугаар үйлдсэн. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн нэгдүгээрт архидан согтуурал эзэлж байна.  Энэ гэмт хэргийн улмаас 2017 онд 8980 хүн гэмтсэн. Үүнээс 3430 эмэгтэй, 430 хүүхэд өртөж хохирсон байна. Энэ гэмт хэргийн өсөлт 2017 онд 6.8 хувийн өсөлттэй байгаа учир урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Иймээс Хэрэг бүртгэх албанаас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж архидан согтууруулахыг бууруулах, иргэдийг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцэж байна.

-Өнгөрсөн онд нийт хэчнээн хүн энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон бэ?

-2017 онд сэжигтнээр шалгагдсан хүмүүсийн 3359 буюу 42.6 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй 2755 буюу 37,9 хувь нь архидан согтуурсан үедээ 452 буюу 6.2 хувь нь бүлэглэж 211 буюу 2.9 хувь нь хүүхэд оролцож 974 буюу 13 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн байна. Энэ гэмт хэрэгт 2017 онд 7267 хүн шалгагдсан. 937 нь эмэгтэй 211 хүүхэд байгаа. Нийт шалгагдсан хүмүүсийг өмнөх оныхтой харьцуулбал буурсан үзүүлэлттэй байна. 

Гэмт хэргийн гол шалтгаан нөхцөл нь архидан согтууралт

Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Эрдэнэхүү

-‘Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулж буй өнөөдрийн хэлэлцүүлэгт хууль хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг иргэний, төрийн бус байгууллагууд оролцож байна. Монгол Улсад бүртгэгдсэн гэмт хэргийн 30 гаруй хувийг “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг эзэлж  байна. Манай хэлтсийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 761 гэмт хэрэг бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага энэ төрлийн дуудлага мэдээллийг аваад шалгаад хуулийн дагуу шийдээд явж байна. Эдгээр гэмт хэргийн үйлдэгдсэн газрыг аваад үзвэл 50 орчим хувь нь гудамж талбай олон нийтийн газар баар цэнгээний газруудад үйлдэгдсэн байдаг. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн нэлээд хувийг архидалт эзэлж байна. Үүнээс гадна хүмүүсийн харилцаанаас болж энэ төрлийн  гэмт хэрэг гарч байна. Тэгэхээр бусдыг хүндэтгэж, тэвчээртэй хандаж байгаасай гэж хүсэж байна’ гэв. 

Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Д.Цэргийнхүү

-‘Сүүлийн жилүүдийн статистик мэдээллийг харах юм бол энэ төрлийн гэмт хэргийн 27-30 хувийг эзэлж  байна. Энэ гэмт хэргийн гарч буй шалтгаан нөхцөл нь мэдээж архидалттай холбоотой. Баянгол дүүргийн хувьд нэлээн орон сууцажсан, дэд бүтэц хөгжсөн дүүрэг юм. Үүнийг дагаад архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд олон бий. Тиймээс иргэдийг архи согтууруулан ундаа хэрэглэсэн үедээ бусдын биед гэмтэл учруулахгүй байх, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандахыг зөвлөж байна. Манай хэлтэст нийт гэмт хэргийн 30-34 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлдэг. Харин насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь харьцангуй бага. Цаашид бид бүхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон ажлыг төлөвлөсөн байгаа’ гэлээ. 

Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Ц.Ариунбат

-‘Манай хэлтэс нь нутаг дэвсгэрийнхээ онцлогоос хамаарч ажилгүйдэл ядуурал их байдаг тул ихэнхдээ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг нэлээд гардаг. Тухайлбал зөрчлийн дуудлага мэдээллийн 60 орчим хувь нь хувь нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эзэлдэг. Гол төлөв ахуйн хүрээнд архидалт их байгаа учраас энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нар нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг. Иймд манай хэлтсээс гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилгоор хүчирхийлэл үйлдсэн, холбогдогч этгээдэд аль болох хүрч ажиллахыг зорилго болгож байна. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд бид “баталгаа” гаргаж өгдөг. Үүний цаад зорилго нь хуулиа сурталчилж таниулж, яриа таниулга хийгээд тухайн иргэнд хуулийн талаас нь мэдлэг олгож сануулга өгдөг. Хэрэв “баталгаа” өгөөд гарын үсэг зурсны дараа дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл эрүүгийн хэрэг үүсгэдэг байгаа’ гэж мэдээллээ. 

 Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж