Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Путин Крымд айлчлав

Путин Крымд айлчлав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гаригт болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Крымийн хойгт айлчилжээ. Сонгуульд улиран сонгогдох магадлал өндөр байгаа Владимир Путин Севастаполь  хотод олон нийтийн өмнө хэлсэн үгэндээ 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн үйл явдлын талаар онцлон дурдсан байна. Ирэх ням гаригт ОХУ Крымийг Украинаас өөртөө нэгтгэсний дөрвөн жилийн ойн өдөр тохиож байгаа бөгөөд Путин хэлэхдээ “Энэ бол Крым эх нутагтаа эргэж нэгдсэн өдөр” хэмээжээ.

Путиныг Крымд айлчлах үеэр Севастополь хотын Нахимовын талбай дээр Путиныг дэмжигчид цугларчээ. ОХУ Крымийг Украинаас салгаж, өөртөө нэгтгэсэн энэ явдал ОХУ болон Европын орнуудын харилцаа муудаж, Москвагийн эсрэг эдийн засгийн олон хориг тавих шалтгаан болсон юм.

Путин Крымийг ОХУ-тай холбох гүүр барьж буй барилгын ажилтнуудтай уулзсаны дараа тус хойгийн ард иргэдэд амьжиргааны түвшинг сайжруулж, ядуурлыг бууруулна хэмээн амласан байна. Керчийн хоолойг дамнуулан барьж буй 19 км урт гүүрэн замыг нээх нээлтийн ёслолын ажиллагааг тавдугаар сарын 9-нд Дэлхийн II дайнд ЗХУ нацистын Германыг ялсан өдөр зохион явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Харин Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко Крымд айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины энэ алхмыг “Тун аюултай өдөөн хатгалга” хэмээн мэдэгджээ.

Укрианины Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд Порошенко Европын түнш орнууд болон дэлхий нийтээс Украины газар нутаг дээр Москвагийн зохион байгуулах гэж үйл явдлыг хориглоход туслахыг уриалсан байна.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж