Ардын намын “шинэ долоо” ямар түүх үлдээх бол…

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Ардын намын “шинэ долоо” ямар түүх үлдээх бол…

Ардын намын “шинэ долоо” ямар түүх үлдээх бол…

“Ардын намын анхны долоо”, Нам доторх Дэвшилтэт холбооны долоо”, “Долоон бурхан харвадаггүй”…Монгол Ардын Намд долоогийн тоо нэлээд хамааралтай байгаа биз. “Дордохын долоо” гэдгийн утгыг марттал намтайгаа холбосон бас нэг шинэ “долоо” нь Дэвшилтэт холбооны долоон гишүүн бололтой. Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нараас бүрдсэн энэ холбоо цаашид сонгууль ойртох тусам өргөжин тэлэх биз ээ. Учир нь тэдний зорилт нь “авлигын эсрэг”, “шинэ засаглалын бодлогын төлөө”, “дэвшилтэт намын төлөө”, “ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө” гэсэн цаг үеэ олсон, эрэлттэй сэдвийг багтаажээ. Харин “Дэвшилтэт намын төлөө” гэсэн нь нам дотроос нам мэндэлж мэднэ гэсэн хардлагыг ч дагуулаад эхэлж. Бүрэлдэхүүн нь ч сонирхолтой зураглалыг харуулах бөгөөд бүгдээрээ УИХ-ын гишүүн байгаа нь бүлэг дотроос бүлэг мэндэлж магад гэсэн таамаглал төрүүлэх аж.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын тухайд “Дараагийн Ерөнхий сайд болоосой” гэсэн пиарын чанартай мэдээ түүнийг дагах болоод удаж байна. Өөрөө ч улам бататгах мэт “нуувч”-наас ажиглах тактикийг баримталж байгаа нь “Яагаад болохгүй гэж” гэсэн хариу нь байж болзошгүй. Түүнийг эрэлттэй болгосон шалтгаан нь хааяа цөөн үг хэлэхдээ олонхийн нам дотроо шүүмжлэлтэй, “бай”-гаа оносон бараг аффоризм айлдчихаад байгаа юм.

Тухайлбал, оны өмнөхөн иргэний нийгмийн байгууллагуудын санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулсан Авлигын эсрэг түншлэлд нэгдэх үйл ажиллагааны үеэр тэрбээр “Загас дотроосоо өтдөг. Монголын түүхийн бүх муу муухай улс төрийн намаас эхтэй”, “Авлига гэдэг хорт хавдраас салахын тулд улс төрийн тууштай хүсэл эрмэлзэл байх нь зайлшгүй”, “Улс төрийн нам авлигын вирус тээгч учраас парламент хорт хавдар тээгч болсон” гэхчлэн хэлсэн нь олны анхаарал татсан. 

Өнгөрсөн онд л гэхэд нэг жилийн орлого нь таван тэрбум орчимд хүрч “ангийнхнаа” орлогоороо манлайлж байсныг нь АТГ-ын дүн мэдээний дараахан хэвлэлүүд онцолж байсан. Эндээс харахад түүнийг төсвөөс хумслаад байхааргүй “шуналын хор” нь гарсан төрийн хар хүн болжээ гэж итгэх хүн цөөнгүй. Удам угсаа талаасаа ч, өнөөг хүртэл элдэв гэм зэмд хутгалдаагүйг нь бодсон ч “Бие цэх бол сүүдэр цэх” хэмээн түүнийг дагагчид цөөнгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг байсан ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдын суудал горилоогүй цэвэр имиж Ж.Энхбаярыг ч,  Т.Аюурсайхан, Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ нарыг ч чимж явааг үгүйсгэх аргагүй.

Харин энэ удаад тэд яагаад “Дэвшилт”-ийн тухай яриад эхлэв. Одоогийн намаа “дэвшилтгүй” гэж үзэв үү, байгаагаас нь илүү хөгжүүлж дэвшүүлж өндөрт гаргана гэсэн санаа юу. Аль эсвэл энэ хаврын “улс төр”-ийг эхлүүлж байна уу гэдгээ эртнээс ил гаргах нь чухал санагдана. Учир нь дээрх “долоо”-г дагах залуус, итгэх жирийн гишүүд чамлахааргүй олон байх.

Хэрэв ямарваа улс төрийн “том хөдөлгөөн”, бүр Засгийн газрыг огцруулах хэмжээний “ажиллагаа” эхлүүлбэл тийм ч таатай хэрэг биш болов уу. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчдын харц хааяа ч атугай Монголын зүг ширвэж, сээтэгнэх аяс арайхийн ажиглагдах боллоо. Одоогоор зээл тусламж өгсөн болон өгөх гэж байгаа улс орнуудын хувьд ч хамгийн том шалгуур үзүүлэлт нь улс төрийн тогтвортой байдал яах аргагүй мөн. Дотоодын үйлдвэрлэгчид, шинэ хуулиудад дасан зохицож, У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогын “амт”-нд дасч ядан амьдарч яваа жирийн иргэд ч улс төрийн тогтвортой байдлыг хүсч байгаа нь ажиглагддаг.

Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж болно. Гэхдээ олонхийн намын залуус, тэр тусмаа нэгэн үеийнхэн, УИХ дотроосоо алдаа оноогоо шүүж шүүмжилж яваа бол дэмжихээс аргагүй. Харин улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэх, намаа дахин 32, 33 болгон талцуулах хэмжээний сөрөг үр дүнг даллаж байгаа бол харамсалтай. Үнэн хэрэгтээ өмнө нь талцаж, 65-уулаа байж парламентын нэгэн бүрэн эрхийн хугацаанд Засгийн газраа сольсны бодитой үр дүн харагдахгүй л байна. Гэтэл одоо дэвшилтээр жигүүрлэсэн дэд нам уу, “авлигачдыг агнана” гэж айлгасан гомдогсод Авлигын эсрэг нам байгуулах гээд байна уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Гэрэл, сүүдэртэй аль ч талаас нь харсан “Дэвшилтэт намын төлөө” Дэвшилтэт холбооныхон олуулаа болоосой, гэхдээ нам болтлоо бүү томроосой. Тэгвэл сөрөг нөлөө нь дагаж томорч мэднэ” гэсэн дүр зураг анзаарагдаж байна. “Зураг, зодоон хоёрыг холоос хар” гэгчээр эдгээр залуусыг дэмжиж байгаа бол намаа хагалан бутаргатал нь цаасан малгай бүү өмсгөөрэй. Бодлогоор өрсөлдөж намын бодлогоо хэрэгжүүлэх, дотроо шаардлага тавьж ажлаа сайжруулах гэж байгаа бол хар хорын үгээр урам зоригийг нь бүү  унтраагаасай гэж “холоос харах” гишүүдэд нь сануулахад илүүдэхгүй биз ээ. Энэ удаагийн “долоо” Ардын намд ямар шинэ түүх үлдээхийг гэрэл гэгээтэйгээр зөгнөн таамаглаж амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж