ОХУ тус улсад үйлдвэрлэсэн мэдрэлд нөлөөлөх хорт бодис Их Британид халдлагын хэрэгсэл болсон талаар тайлбар өгөхөөс татгалзсаны дараа Лондонд суугаа ОХУ-ын 23 дипломатчийг хөөх болсон байна.
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “нууц тагнуул” хэмээн тодорхойлогдсон тэдгээр дипломатуудыг Их Британиас гарч явахад нэг долоо хоногийн хугацаа өгсөн байна. Их Британи мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд ОХУ манай нам тайван хотод “дайны үеэр хориглосон химийн зэвсэг ашигласан” хэмээн мэдүүлсэн байна.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Их Британид гарсан халдлагад Москва ямар ч хамаагүй хэмээн хамтарч ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Сергей Лавровын саналыг хүлээж авахаас татгалзаж, Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн энэ оны зургадугаар сард ОХУ-д болох Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохгүй хэмээжээ.
НҮБ-д суугаа Их Британийн байнгын төлөөлөгч Жонатан Аллен Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр ОХУ-ыг буруутгаж, Химийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай олон улсын конвенцийг зөрчсөн гэжээ.
Их Британид мэдрэлд нөлөөлөх химийн хортой бодисын халдлагад өртсөн Сергей Скрипал 2010 оноос Их Британид суурьшсан бөгөөд 2006 онд Английн Ми-6 тагнуулын албанд ОХУ-ын нууцтай холбоотой мэдээлэл дамжуулсан хэргээр шүүхээс ял сонсч байжээ.
Эх сурвалж: BBC