УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд Катар улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд, доктор Халид Вин Мухамед Аль Аттияагийн урилгаар Катар улсад ажлын айлчлал хийж, тус улсын нийслэл Доха хотноо зохион байгуулагдаж буй олон улсын батлан хамгаалахын үзэсгэлэн, бага хуралд оролцлоо.
Катар улсын Эмир Шейх Тамим Вин Хамад Аль Танигийн ивээл дор хоёр жилд нэг удаа зохион байгууллагдаг энэхүү үзэсгэлэн, бага хурал нь Европ, Ази, Ойрхи Дорнод, Африкийн зарим орны Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагууд, олон улсын Батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн төлөөлөл оролцдог бүс нутгийн төдийгүй олон улсын томоохон арга хэмжээ юм.
2008 оноос хойш зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн арга хэмжээнд 54 орны Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний төлөөлөгч оролцож, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 180 гаруй олон улсын компани бүтээгдэхүүнээ танилцууллаа. Уг арга хэмжээ нь оролцогч орнуудын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний удирдлага, батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн төлөөлөлд цаашдын харилцаа, хамтын ажиллагааныхаа талаар уулзаж ярилцах боломж олгодгоороо онцлогтой.
Үзэсгэлэн, бага хурлын үеэр Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд Катар улсын дэд Эмир, Абдулла Бин Хамад Аль Тани, тус улсын Ерөнхий сайдын орлогч ба Батлан хамгаалахын сайд доктор Халид Бин Мохамед Аль Аттияа, Катар Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ганем Бин Шахийн Аль Ганем нартай албан ёсны уулзалт хийж, хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахын зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар ч санал бодлоо хуваалцсан юм.
Хоёр тал Монгол, Катар улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээг шинэчлэн илүү өргөн хүрээнд харилцах боломжийг бүрдүүлэх, Батлан хамгаалах яамд хооронд харилцан айлчлал хийх, Катар Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг Монгол Улсад зохион байгуулагддаг ‘Khaan Quest’ олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд оролцуулах, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг тус улсын батлан хамгаалахын сургууль болон араб хэлний сургалтад үргэлжлүүлэх суралцуулах, хоёр орны Зэвсэгт хүчний хамтран зохион байгуулдаг хээрийн сургууль зэрэг сэдвээр ярилцаж, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх цөөнгүй чиглэлээр санал солилцож, харилцан тохиролцлоо.
Мөн Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд БНТУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд ноён Нурэтин Саниклитэй уулзалт хийж батлан хамгаалах салбарын төдийгүй хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засаг, соёл, нийгэм зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлж, цаашид хоёр орны батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн, сайд Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид ОХУ, БНХАУ, БНЭУ, БНТУ-ын батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын үзэсгэлэнгийн танхимаар зочиллоо.
Катар Улсын дэд Эмир, Абдулла Бин Хамад Аль Тани Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хүлээн авч уулзлаа.
Катар Улсын Ерөнхий сайдын орлогч, Батлан хамгаалахын сайд доктор Халид Бин Мохамед Аль Аттияатай хийсэн уулзалт
Катар Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ганем Бин Шахийн Аль Ганемтэй уулзалт зохион байгууллаа.
БНТУ-ын Батлан хамгаалахын сайдтай уулзалт зохион байгууллаа.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам