Амьдралынхаа туршид хүнд, ховор өвчинтэй тэмцэж, ертөнцийн гарал үүслийн талаарх таамаглал, ололт, нээлтүүдээрээ алдаршсан Британийн онолын физикч Стивен Хокингийн үхэл шинжлэх ухааны салбарынхныг уй гашууд автууллаа. Оршин буй цаг үеийнхээ хамгийн агуу, хамгийн их хүндлэл хүлээсэн суут эрдэмтний амьдрал бүхэлдээ түүний дэвшүүлж гаргаж ирсэн онолуудынх нь адилаар ер бусын байсан юм.
Шинжлэх ухааны салбарын элч төлөөлөгч гэж тодорхойлж болохоор түүний бүтээлүүд хэн ч уншаад ойлгох энгийн хялбар байдлаар бичигдсэн байдгаараа үргэлж онцлог байв.
Тэрээр космологи /сансар судлал/ болон квант татах хүчний чиглэлүүд, их тэсрэлт, хар нүхний талаарх судалгаа, ололтоороо танигдаж, “Цаг хугацааны товч түүх” (A Brief History of Time) номоороо ихэд алдаршжээ.
Стивен Уильям Хокинг 1942 оны нэгдүгээр сарын 8-нд Английн Оксфорд хотод төржээ. Аав нь биологоч нэгэн байв. Дэлхийн II дайны үед германчуудын бөмбөгдөлтөөс дайжихдаа түүний гэр бүлийнхэн төрөлх хотоо орхин нүүж, Лондонд суурьшжээ. Хокингийн бага нас Лондон болон Сент-Олбанс хотын хооронд өнгөрсөн. Дайны цөвүүн цагт мэндэлсэн түүний хүүхэд нас тачирхан өнгөрсөн гэдэг. Өлөн зэлмэн, ядуу тарчиг амьдрал дунд эцэг, эх нь хүүгээ төлбөр багатай охидын сургуульд сургаж байв. Хокинг найман нас хүртлээ уншиж чаддаггүй байсан төдийгүй өөрийнх нь тодорхойлсноор “тахиан савраар бичсэн мэт” таталган, муухай бичигтэй хүүхэд байжээ.
Гэхдээ тэрээр Оксфордын их сургуульд физикийн ухааны зэрэг хамгаалж, үргэлжлүүлээд Кэмбрижийн их сургуульд сансар судлалын чиглэлээр эрдмийн зориг горилсон суутан юм.
Жаалхүү байхдаа тэр морь унах дуртай, сэлүүрт завины спортоор хичээллэдэг нэгэн байв. Харамсалтай нь, Кэмбрижид суралцаж байхдаа мэдрэл-булчингийн дистрофи өвчтэй болох нь оношлогдож, хожмоо бараг бүрэн мэдээгүй нэгэн болсон юм. Баруунд Лу Геригийн өвчин гэж нэрийддэг хүнийг тахир дутуу болгож, үхэлд хүргэх аюултай төв мэдрэлийн тогтолцооны эдгэшгүй өвчний улмаас тэр үлдсэн амьдралаа тэргэнцэр дээр өнгөрүүлсэн билээ. Зөвхөн уураг тархиныхаа хүчээр тэр 76 насыг насалсан юм.
Хокинг 1964 онд найз бүсгүй Жейнтэйгээ гэрлэхээр зэхэж байх үед эмч нар түүнийг ердөө 2-3 жилийн настай гэж оношилжээ. Золоор өвчний явц эмч нарын тооцоолж байснаас удаан байв. Жейн, Стивен нар гэрлэж, гурван хүүхэдтэй болсон юм.
1988 онд Хокинг мөгөөрсөн хоолойн мэс засал хийлгэж, дахин хэзээ ч ярьж чадахгүй, дуу хоолойгоо бусдад сонсгож чадахгүй болсон ч америк аялгаар ярьдаг компьютер төхөөрөмжийн тусламжтайгаар “хэлтэй”, “дуу хоолойтой” болжээ. Тэргэнцэрт хадагдаж, дуу хоолойгоо алдсан ч тэр судалгааны ажлаа үргэлжлүүлж, энгийн хүн бүхэнд зориулсан сансар судлалын гарын авлага гэж болох “Цаг хугацааны товч түүх” номоо бичиж дуусгасан юм.
Түүний энэ ном дэлхий даяар 10 сая гаруй хувь борлогдсон. Харин зохиолч нь өөрөө “хэзээ ч уншаагүй хамгийн их борлогдсон ном” болох вий гэж эмээж явдгаа нуугаагүй юм.
Амьдралынхаа туршид Хокинг олон арван хүндтэй шагнал, одон зүүжээ. Тэдгээрийн дотор 1990-ээд онд Хокинг Британийн “Хүлэгт баатар” хэргэм олгохоор болсон ч засгийн газар шинжлэх ухааны салбарт хангалттай хөрөнгө мөнгө зарцуулдаггүй гэх шалтгаанаар Хокинг тэр хүндтэй шагналаас татгалзсан билээ.
— ГАЙХАМШИГ БҮТЭЭСЭН СУУТАН —
Хокингийн дэвшүүлсэн сонирхолтой, урьд өмнө хэний ч гаргаж ирээгүй онол бол өдгөө Хокингийн цацраглал хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг, яваандаа ууршин алга болно гэж таамагласан онол юм.
Түүнчлэн дэлхий ертөнц, сансар огторгуй хэрхэн бий болсон талаарх “Их тэсрэлтийн тухай онол” нь тайлагдашгүй оньсого гэгдэж байсан орчлон ертөнцийн бодит шинж чанарыг шинжлэх ухааны талаас тайлбарласнаараа ер бусын нээлт болсон билээ. Тэрээр “Огторгуй ертөнц физикийн хуулиар бий болсон” гэдэгт итгэдэг байсан юм. Нэгэн ярилцлагадаа Хокинг
“Би огторгуй их тэсрэлтийн улмаас үүсч, бий болсон гэдэгт итгэдэг. Судалгаагаараа үүнийг батлах гэж хичээж байна. Ямартай ч сансар огторгуй физикийн хуулиар бий болсон бөгөөд үүнд эхлэл, бас төгсгөл гэж үгүй. Бурхан түүнийг дураараа бүтээгээд, оргүй хоосон дунд гариг, эрхсийг шидээд тогтоочихоогүй. Гэхдээ энэ нь бурхан байдаг, эсвэл үгүй эсэхтэй огт хамаагүй. Бурхан оршин байж болно. Гол нь сансар огторгуй түүний оролцоогүйгээр өөрөө өөрийгөө бүтээсэн”
гэж ярьж байв.
— “ЗОЛГҮЙ” НЭГЭН —
Стивен Хокинг өөрийнхөө тухай “Үнэндээ би их азгүй хүн. Аз намайг үргэлж тойрсоор ирсэн. Гэхдээ би азанд итгэж, гомдож суугаагүй. Зүгээр л энэ бүгдийг өөрөө бүтээх гэж зүтгэдэг” хэмээн ярьсан нь бий.
Гэхдээ тэр өөдрөг нэгэн. Насан туршид нь тэргэнцэрт “хадаж” орхисон хүнд өвчин нь түүнд зарим нэг давуу талыг өгсөн гэж тэр итгэдэг. Ийм өвчтэйгээ мэдэх хүртэл тэр амьдралаас уйдсан байсан тухайгаа ярьж байлаа.
Өвчний улмаас Хокинг бүхэлдээ хэн нэгнээс хамааралтай болсон юм. Тиймдээ ч Хокинг өөрийг нь 20 жилийн турш асарч тойлсон эхнэртээ талархаж явдгаа тохиол бүрт хэрэг болгон илэрхийлдэг байв. Гэхдээ Хокинг асрагч бүсгүйг сонгож, эхнэрээ орхисонд тухайн үед эргэн тойрныхон нь туйлын ихээр балмагдсан гэдэг. Ингээд Хокинг 1995 онд асрагч Элайн Мэйсонтой гэрлэжээ. Тэд 2006 онд гэрлэлтээ цуцлуулсан юм.
Стивен Хокингийн анхны эхнэр Жейний өгүүлсэн түүхээр бүтээсэн “Бүх зүйлийн тухай онол” кино 2014 онд дэлгэцнээ гарсан юм. Жүжигчин Эдди Редмэйн тус кинонд нэрт эрдэмтний дүрийг бүтээсэн. Киноны зураг авалтын бэлтгэлийн явцад Редмэйн Хокингтой уулзаж, заавар, зөвлөгөө авч байв.
Хокинг сансар огторгуйд хэзээнээс татагддаг, хүн төрөлхтөн өөр гаригийг эзлэхгүй бол мөхөлд хүрнэ гэдэгт итгэдэг байсны хувьд харь гариг, бусад гариг дээрх амьдрал, амьд биетийг сонирхдог байв. Тэрээр дэлхийн дулаарал, аварга том солир, эсвэл шинэ төрлийн вирус хүн төрөлхтнийг устгана гэж таамагладаг байсан. Бас Оросын бүтээгч Юрий Милнерийн хамт харь гаригийн амьдралын талаар ул мөр олох төсөл дээр ч ажиллаж байв.
Стивен Хокинг нэгэн удаа “Нас бие гүйцсэн цагаас хойшхи бүхий л амьдралаа би өвчтэй өнгөрүүлсэн. Тэглээ гээд тэр өвчин намайг сайхан гэр бүлтэй болгож, ажилдаа амжилт гаргахыг минь зогсоож чадаагүй” хэмээж байлаа.
“Хүн хэзээ ч итгэл найдвараа алдах ёсгүй гэдгийг амьдрал надад харуулсан”…
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ