Бавари Мюнхэн клуб 7 жил дарааллан дунд шөвөгт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Бавари Мюнхэн клуб 7 жил дарааллан дунд шөвөгт шалгарлаа

Бавари Мюнхэн клуб 7 жил дарааллан дунд шөвөгт шалгарлаа

Германы Бавари Мюнхэн клуб аваргуудын лигийн дунд шөвгийн төлөө Туркийн Бешикташ клубыг хүлээн авч хариу тоглолтоо хийлээ. Хоёр багийн эхний тоглолт Бавари Мюнхэн клубын “Алианз Арена” ордонд болж талбайн эзэд өрсөлдөгчөө 5-0 харьцаатай буулгаж аваад байсан. Тэгвэл урьд шөнө хоёр багийн хариу тоглолт Туркийн Стамбул хотын “Водафон Парк” цэнгэлдэх хүрээлэнд болж зочин баг Бавари Мюнхэн багийн ялалтаар өндөрлөжээ. Бавари Мюнхэн клуб 2 тоглолтын үр дүнгээр 8-1 харьцаатай хожиж дунд шөвөгт шалгарч байна.

  • Бешикташ 1-3 Бавари Мюнхэн (гоол: В.Лаув 59’, Т.Алкантара 18’, Г.Гонул авто 46’, С.Вагнер 84’)

Бешикташ: Т.Зенгин, Ж.Эркин, Г.Медель, Н.Уйсал, Г.Гонул, О.Озьякул, Т.Арслан (А.Хатчинсон 60’), Ж.Ленс (Талиска 60’), М.Пектемек, Р.Куарежма, В.Лаув (Р.Бабел 75’)

Бавари Мюнхэн: С.Ульрайх, Д.Алаба, М.Хуммельс (Н.Зюле 46’), Ж.Боатенг, Рафинья, Т.Алкантара (Х.Родригес 35’), Х.Мартинес, А.Видаль, Ф.Рибери, Р.Левандовский (С.Вагнер 68’), Т.Мюллер

Тоглолтын эхний гоолыг Т.Мюллерийн дамжуулалтаар Т.Алкантара оруулсан. 2-р үе дөнгөж эхлээд Бавари Мюнхэн клубын жигүүрийн хамгаалагч Рафиньягийн хөндлөн дамжуулалтыг Бешикташ клубын хамгаалагч Г.Гонул цэвэрлэх гээд өөрийн хаалгандаа оруулсан. Ингэснээр үр дүн нэгэнтээ Бавари Мюнхэн клубын талд шийдэгдэх нь тодорхой болсон. Тоглолт 2-0 болсноос хойш талбайн эздээс В.Лаув, харин зочдоос сэлгээгээр талбайд орж ирсэн В.Вагнер тус бүр нэг гоол оруулснаар тоглолт өндөрлөсөн. Бавари Мюнхэн клуб шөвгийн 16-д Туркийн багийг буулгаж авснаар Аваргуудын лигт 7 жил дарааллан дунд шөвөгт шалгарч байна.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж