“Хүчирхийлэгч ичихгүй бол хохирогч би ичихгүй”

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

“Хүчирхийлэгч ичихгүй бол хохирогч би ичихгүй”

“Хүчирхийлэгч ичихгүй бол хохирогч би ичихгүй”

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд “Mint” клубт баяраа тэмдэглэж явсан бүсгүйчүүдийн нэг нь зүс таних хүнд ухаан алдатлаа зодуулсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан нь олон эмэгтэйчүүдийг бухимдахад хүргэсэн юм.

Тэр бүсгүйг Д.Болортуяа гэдэг. Тэрбээр ‘Сиберри Фарм’ ХХК-ийн захирал бөгөөд Монгол Улсад ургуулсан чацарганаар гоо сайхан, арьс арчилгааны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд гаднын 12 улсад бүтээгдэхүүнээ экспортолдог, амжилттай яваа залуу бүсгүй. Гэтэл гуравдугаар сарын 8-ны өдөр зүс таних хүнд ухаан алдталаа зодуулсны улмаас тэрбээр тархины хүндэвтэр гэмтэл авч, баруун гар нь хугарсан аж. Д.Болортуяа бүсгүйн биеийн хэсэг нь хөхөрч, хавдсан байдалтай байсан үеэ зургаар баримтжуулжээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдүүлэг өгөх үеэр нь түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Тухайн өдөр юу болсон талаар ярихгүй юу?

-2018 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс 8-ны өдөрт шилжих шөнө “Mint” клуб руу ажлынхаа таван бүсгүйтэй орсон юм. Хэрэг болохоос өмнө хоёр бүсгүй түрүүлээд гэртээ харьсан. Баяраа тэмдэглээд сууж байтал АНУ-д нэг хотод амьдарч байсан эртний танил н.Тамиртай таараад ойр зуурын юм яриад л өнгөрсөн. Ширээндээ сууж байтал н.Тамир буцаж ирээд үгийн зөрөөгүй цохиж унагаагаад, өшиглөөд дээрээс минь дэвссэн. Намайг зодуулж байхад ажлын бүсгүйчүүд н.Тамирыг салгасан юм билээ. Тэгээд цагдаа дуудсан байсан. Ухаан ортол би “Mint” клубийн камерын хяналтын өрөөнд байж таарсан. Дуудлагаар ирсэн цагдаа анхан шатны байцаалт авах ёстой байтал аваагүй. Тухайн үед хамгийн сонин нь “Mint” клубийн бие хамгаалагчид байгаагүй. Дараа нь тэр клубийн бие хамгаалагчид гэнэт гарч ирээд цагдаа энэ хэргийг зохицуулчихлаа гэж хэлээд орж ирсэн. Эмэгтэй хүнд гар хүрсэн байна гээд н.Тамирыг миний өмнө сөгдүүлж, уучлалт гуйлгасан. Тэгээд түүнийг явуулсан. Гэхдээ тэр залуу намайг зодчихоод юу ч болоогүй юм шиг зүгээр бүжиглээд явж байсан гэсэн. Би тархиндаа хүнд гэмтэл авлаа. Гар хугарсан, бүх бие хөх няц болсон. Миний цахим хуудаснаа тавьсан зургуудаас, бичсэн постоос харсан байлгүй. Би маш гомдолтой байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэй хүнийг ухаан алдтал, хэвтэрт ортол зодсон тэр хүн бол хүн биш араатан.

-н.Тамиртай хэр харьцаатай байсан бэ?

-Ямар ч асуудалгүй энгийн харьцаатай байсан. Надаас ес дүү залуу шүү дээ.

-Тухайн үед н.Тамир гэх хүн согтууруулах хэрэглэсэн байсан уу?

-Нэлээн хэрэглэсэн байсан. Өөр ч зүйл хэрэглэсэн байхыг үгүйсгэхгүй.

-Та н.Тамирын талаар хэр их зүйл мэдэх вэ?

-н.Тамир АНУ-д амьдардаг байсан. Австрали улсад маркетингийн мэргэжлээр сургуулиа төгсөөд Монголд ирээд нэгэн компанид бизнесийн албаны дарга хийдэг залуу. Энэ бүх мэдээллийг түүний фейсбүүк хуудаснаас л олж мэдсэн. Одоо фейсбүүк хаягаа устгасан байна лээ.

-Танд хичнээн төгрөгийн хохирол учирсан бэ?

Би тэр хүнээс эмчилгээ хийлгэсэн бүх зардал, эмэгтэй хүн санаатайгаар зодсоны ял, дээрээс нь би тархиараа мөнгө олдог хүн. Миний ажлыг алдагдуулж, надад олон сая төгрөгийн хохирол учруулсан учраас бүгдийг нэхэмжилнэ. Өөрт нь тохирох шийтгэлийг өгнө. Би эмнэлэгт дөрвөн хоног хэвтэж байгаад, байцаалт өгөхөөр энд ирсэн. Буцаад эмнэлэг рүүгээ очно. Тархины цусан хангамжийг сайжруулах эмчилгээ, тархины зөөлөн эдийн эмчилгээ гэхчлэн олон эмчилгээ хийлгэж байгаа. Цаашид эмчилгээ маань олон сар үргэлжилнэ гэж эмч хэлсэн. 

-Хэргийг цагдаагийн байгууллагад хэзээ мэдэгдэв?

-Тухайн үед цагдаа ирсэн ч мэдүүлэг аваагүй. Би маргааш /2018.03.09/ нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн. Гэмтлийн эмнэлэг орж гэмтлээ тодорхойлуулсан. Шүүх эмнэлэг орсон. Миний хэрэг одоо байцаалтын шатандаа явж байна. 

-Тухайн өдрөөс хойш тантай н.Тамир  биечлэн уулзсан уу?

-Хэрэг болсон өдрийн маргааш нь над руу ярьсан. “Намайг уучлаарай би эмнэлгийн бүх зардлыг даая” гэсэн. Тэгэхээр нь “би хүрээд ир ярилцъя” гэж хэлсэн. Гэтэл над дээр ээжийнхээ дүү болон үеэлийн хамт ирсэн. Тэр гурав над дээр ирчихээд намайг доромжилсон. Би “эмэгтэй хүнийг ингэж аймаар зодож гэмтээсэн хүн хариуцлагаа хүлээх ёстой. Би чамд хариуцлага хүлээлгэнэ” гэж хэлсэн чинь хуулиар явах юм бол нэг сая 200 мянган төгрөгийн торгууль төлөөд сална шүү дээ гэж хэлж байгаа юм. Үеэл нь тухайн үеийн бичлэгийг үзье гэсэн. Тэгэхээр нь би бичлэгийг цагдаад өгсний дараа үзээрэй гэсэн. Өдөр цагдаагийн байгууллагаас “Mint” клубт хэрэг гардаг оройн бичлэгийг авахаар явсан.

-Та өөрийн цахим хуудаснаа тухайн өдрийн үйл явдлыг бичсэн пост, зураг зэргийг оруулсан байсан. Их бага хэмжээгээр дарамт шахалт ирж байна уу?

-Өчигдөр /2018.03.13/ над руу н.Тамирын өмгөөлөгч нь ярьсан. Настайвтар эмэгтэй байх шиг байна лээ. Надад “Чи тийм амархан “аавын хаалга руу” хийнэ гэж байхгүй байх. Чамайг яахыг чинь харна” гэхчилэн дарамт шахалт үзүүлэх маягтай зүйлс хэлээд утсаа салгасан. Би “Mint” клубийг, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн дуудлага хүлээж аваад ирээд анхан шатны байцаалт авах ёстой байж аваагүй явсан цагдааг, намайг хэвтэрт ортол зодсон н.Тамир  энэ гуравт заавал хариуцлага тооцуулна.

-Хүчирхийллийн эсрэг зоригтойгоор дуугарсан цөөн эмэгтэйн нэг бол та. Таныг өөрийн цахим хуудаснаа болсон хэргийн талаарх  бичсэн постыг олон мянган хүн хуваалцаж, сэтгэгдэл ч олон хүн бичсэн  байсан. Тань руу  хандах эмэгтэйчүүд олон байна уу?

-Монгол Улсад эмэгтэй хүний эрх аймшигтай ихээр зөрчигддөг юм байна. Өдийг хүртэл надад тохиолдоогүй явсан учраас мэдээгүй явж. Би урд нь хэзээ ч  эрэгтэй хүнд зодуулж үзээгүй. Надад анх удаа ийм хэрэг тохиолдлоо. Аймшигтай санагдаж байна. Эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэл Монгол Улсыг эзэлчихжээ. Би л хэлж байгаа болохоос миний цаана өчнөөн эмэгтэйчүүд байгаа. Миний бичсэн постоос хойш над руу хандаж байгаа олон эмэгтэй байна. “Надад туслаач би ч гэсэн хүчирхийлэлд өртсөн”, Манай нөхөр зодсон”, “Гудамжинд шалтгаангүйгээр зодуулсан” гээд зөндөө эмэгтэйчүүд над руу хандаж байна. Гэмтлийн эмнэлэг дээр үзүүлэх гээд очтол ихэвчлэн зодуулсан эмэгтэйчүүд, цагдаагийн хэлтэс дээр очсон бас л нүүр ам нь хөхөрсөн эмэгтэйчүүд. Ямар нийгэмд бид нар амьдраад байгаа юм. Өрх толгойлсон эмэгтэйчүүд хэд байна нийгмийн дийлэнх нь байгаа. Архичин эрэгтэйчүүд хэд байна нийгмийг бүхэлд нь эзэлж байна. Эхнэрийнхээ олсон цалингаар архи авч ууж үр хүүхэд,эхнэрээ дарамталдаг хэрэг хөшигний цаана үйлдэгдэж байна шүү дээ. Үүнийг эмэгтэйчүүд зоригтой дуугарч хэлж чадахгүй байна. Тэгвэл үүнийг би илэрхийлнэ. Надад одоо айж, ичих нүүр алга. Би эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэнэ. Хүчирхийлэгч ичихгүй бол хохирогч би ичихгүй. Монголд сайн эрэгтэй хүмүүс зөндөө байгаа. Гэсэн ч иймэрхүү муу залуусаас болж тэд нэр хүндээ алдаж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж