Европын холбооны нөлөө бүхий Герман улсын канцлераар Ангела Меркель дөрөв дэх удаагаа улиран сонгогдлоо. Парламентын 364 гишүүний 315 нь Ангела Меркелийг дэмжсэнээр тэрбээр улиран сонгогджээ. Ангела Меркель 2005 оноос хойш тус албан тушаалыг хашиж байна. Ингэснээрээ тэрбээр Германы канцлераар 16 жил ажилласан Хелмут Кольтой эн зэрэгцэх болов. Меркель өнгөрсөн хугацаанд Евро бүсийн өрийн хямралыг давж, Ойрхи-Дорнод, Африкийн дүрвэгсдийн их урсгалтай нүүр тулсан бөгөөд дотоод болон гадаад бодлогын асуудалд шийдэмгий байдлаар ажиллажээ. 2015 оны цагаачдад нээлттэй хаалганы бодлого явуулсны үр дүнд Ангела Меркелийн рейтинг унаж, есдүгээр сарын сонгуулиар сонгогчдоос тааруу дүн авсан юм. Гэвч тэрбээр энэ сарын эхээр Социал демократ намын гишүүдтэй тохиролцож чадсанаар эвсэл байгуулж чаджээ. Ангела Меркель парламентын сонгуулиас хойш зургаан сарын турш эвсэл байгуулахаар ажилласан юм. Үүний ачаар Европын хамгийн том эдийн засаг улс төрийн тодорхойгүй нөхцөл байдлаас гарчээ.
Дөрөв дэх удаагаа улиран сонгогдсоноор өдгөө 63 настай Ангела Меркель хүчирхэг эмэгтэй улс төрч гэдгээ баталж, бас тэтгэвэрт гарах болоогүй гэдгээ харуулав. Ангела Меркель “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төрч-эмэгтэйчүүдийн жагсаалтыг удаа дараа тэргүүлж, 2015 онд “Time” сэтгүүлийн оны хүнээр тодорч байв. Ангела Меркель 1990 онд эрх баригч Христийн ардчилсан холбоонд /ХАХ/ элсэн орж, тэр жилээ тухайн намаас анхны нэгдсэн Бундестагийн депутатаар сонгогдож байв. Үүнээс хойш 10 жилийн дараа Ангела уг намыг толгойлох болсон аж. Улмаар 1991 онд Хелмут Коль түүнийг эмэгтэйчүүд, залуучуудын асуудал хариуцсан сайдаар томилжээ. Дараа нь 1994 онд Байгаль орчин, цөмийн реакторын аюулгүй байдлын сайдаар ажилласан. Ангела Меркель ХАХ-ны ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөгдөхийг шаардан, 2002 онд Гельмут Колийн дараа түүний суудлыг эзэлсэн байна. Ингээд 2005 оны арваннэгдүгээр сард Германы канцлераар сонгогдсон билээ.