БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадам өндөрлөхөд дөрвөн өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. Тус наадамд 49 орон (Олон улсын паралимпийн хорооны тугийн дор Оросын баг) оролцож байгаа бөгөөд нийт 80 багц медалийн эзэд тодрохоос тал нь эзэддээ очоод байна.
Паралимпийн наадам өндөрлөх дөхөх үед тасалбар борлуулалт өндөр гарсан нь зохион байгуулагч БНСУ төдийгүй Олон улсын олимпийн хорооноос сэтгэл хангалуун байгаа аж. Өчигдрийн байдлаар 316 200 билет борлогдсон нь дөрвөн жилийн өмнө Сочид болсон олимпийн рекордыг эвдсэн байна. Мөн энэ нь “Турин 2006” паралимпийн наадмын тасалбарыг нэг дахин нугалсан амжилт болжээ. Хэдийгээр наадмын тэмцээн уралдаан дуусах болоогүй байгаа энэ үед энэ тоо нэмэгдэх боломжтой.
Олон Улсын Олимпийн Хорооноос мэдэгдэл гаргасан бөгөөд “Паралимпийн түүхэн дэх тасалбар борлуулалтын дээд амжилтыг “Пёнчан 2018” эвдсэн нь үнэхээр итгэмээргүй сайхан мэдээ боллоо. Гурван өдрийн дараах байдлаар БНСУ-ын баг тамирчдын амжилт гайхалтай сайн байгаа нь үүнд нөлөөлж байна. Дахиад 6 өдрийн арга хэмжээ үлдээд байгаа энэ үед билет борлуулалт улам өснө гэдэг эргэлзэхгүй байна” гэжээ.
Өчигдөр Олимпийн тосгонд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин зочилж, тэмцээн уралдаан үзэн баг тамирчдаа дэмжсэн. Түүний эхнэр Ким Жон Сун эдгээр өдрүүдэд тун идэвхтэй байгаа бөгөөд тоглолт бүрийг олимпийн тосгонд ирж үзэхийг хичээж байна. Мөн БНСУ-ын алдартай одууд ч Пёнчанд очиж, ард иргэдээ уриалж байгаа юм.