‘News’ агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг онцолж байна.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг онцолж байгаа шалтгаан нь манай агентлагийн нэгэн уншигч тус сангаас “Зээл олгохгүй байна. Ямар учраас сангийн ажил зогсонги байдалтай байгааг тодруулж өгөөч” гэж хүссэн тул энэ удаагийн дугаартаа онцоллоо.
Тус сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, зээл олгож, жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг юм. Тэгвэл 2018 он гарсаар энэ сангаас нэг ч төгрөгийн зээл олгогдоогүй гэж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гомдоллож байна. 2018 оны улсын төсөвт 97,7 тэрбум төгрөгийг уг санд төсөвлөсөн. Үүний 70,5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх бол 27,2 тэрбум төгрөгийг сангийн өөрийн орлого буюу зээлийн эргэн төлөлтөөр нөхнө.
Гэвч 2018 оны нэгдүгээр улирал дуусч байхад тендер сонгон шалгаруулалтаа ч зарлаагүй, сандаа хэдэн төгрөг төсөвлөгдсөн талаар баримжаа ч үгүй 20 гаруй ажилтан ширээ “бөглөж” сууна.
Дээрх асуудлаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл төсвийн хэлтэстэй утсаар холбогдоход нэгэн ажилтан “хэдэн төгрөг төсөвлөгдсөнийг мэдэхгүй. Ойролцоогоор 100 тэрбум байх. Зээл олгох сонгон шалгаруулалт зарлагдаагүй байгаа” гэсэн хариултыг өгсөн юм. Ямар учраас сонгон шалгаруулалтаа зарлахгүй байгааг тайлбарлахдаа “улсын төсвөөс санхүүжилт орж ирээгүй” гэв.
Тэгвэл Сангийн яамны хэвлэлийн төлөөлгч Н.Дуламсүрэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас сонгон шалгаруулалтаа зарлаж, зээл авах эздээ тодруулсны дараа шаардлагатай санхүүжилтийг Сангийн яам шилжүүлдэг” гэсэн тайлбарыг өгсөн. Тэгэхээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажилчид төсөв санхүү хүлээхгүйгээр сонгон шалгаруулалтаа зарлах ёстой гэсэн үг. Харамсалтай нь энэ үүргээ ухамсарлаж байгаа эсэх нь ч эргэлзээтэй байна.
Дашрамд дуулгахад, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн А-29 дүгээр тушаалаар дараах шийдвэрийг гаргажээ. Энэхүү тушаалаар 2016-2017 онуудад төсөл нь дэмжигдэж гэрээ байгуулсан боловч санхүүжилт нь олгогдоогүй, гэрээ байгуулаагүй иргэн, аж ахуйн нэгжийн төсөлд дэмжлэг үзүүлэхгүй байхаар заажээ.
Монгол улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр батлагдаагүй тул 2016-2017 онуудад төсөл нь дэмжигдэж гэрээ байгуулсан боловч санхүүжилт нь олгогдоогүй, гэрээ байгуулаагүй нэгдүгээр хавсралтад дурдсан иргэн, аж ахуйн нэгжийн төсөлд дэмжлэг үзүүлэх шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-21, А-94, А-125, А-126 дугаар тушаалуудын дагуу гэрээ байгуулсан боловч эх үүсвэрийн хүрэлцээнээс шалтгаалан санхүүжилтийг дутуу олгосон хоёрдугаар хавсралтад дурдсан иргэн, аж ахуйн нэгжийн төсөлд олгосон санхүүжилтийн хэмжээгээр гэрээ шинэчлэн байгуулахыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /С.Төгсбилэг/-д даалгасугай.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-125, А-126 дугаар тушаалаас энэхүү тушаалын нэгдүгээр хавсралтад дурьдсан иргэн, аж ахуйн нэгжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /С.Төгсбилэг/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлого, зохицуулалтын газар /М.Дондогдорж/-т тус тус үүрэг болгосугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл тушаал хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.