“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э
Наядугаар бүлэг
ШУНАХАЙ ЭРДЭЭ ШЯН ЛИН ХИЛСЭЭР ЗАНЧУУЛЖ, ЖӨТГӨР ЭМИЙН ЖОРЫГ ВАН БУМБА ДЭМИЙ Л БИЧИВ
Хүзүүгээ гилжийлгэн, уруулаа ярвайж байснаа Жинь Гүй хүйтнээр инээгээд “Нанги зангуу, анхилмал цэцэг шиг дэлгэрэхийг хэн үзсэн бэ. Нанги зангуу анхилмал үнэртэй болчихвол жинхэнэ цэцгээр яах юм бэ. Мэргэн үгүйн туйл болой”1 гэжээ. Шян Лин “Ганц нанги зангууны цэцэг анхилмал биш лянхуаны навч, хонгорцог хүртэл цөм нэг зүйлийн сэрүүн соргог үнэртэй. Хэдий анхилмал цэцэгт хүрэхгүй боловч тунгалаг өдөр намуун шөнө, үдэш орой, өглөө эрт нарийн ажвал тэр сэрүүн соргог үнэр нь аливаа цэцгээс сайхан үнэртэнэ. Зангуу, хүрээний нүд, хулсны навч, зэгсний үндсэнд хүртэл шүүдэр тохиолдвол сэрүүн сайхан соргог үнэр нь хүний цээжийг онгойлгоно” гэсэнд цаадах нь:
-Чиний хэлэхээр бол цахирмаа, гавир төдий сайхан үнэргүй гэсэн үгүү гэв. Шян Лин:
-Ярьсаар байгаад ам халаад цээрлэхийг мартаж, цахирмаа, гавирын үнэрийг бас яаж сайхан үнэртэй адилтгаж болно вэ гэв. Тэр хоёрыг ийн ярьж байтал Жинь Гүйн инж Бао Чань гэгч Шян Линг зааж, “Чи үхлээ эрж байна уу. Яагаад авхайн нэрээр дуудав” гэсэнд цаадах нь гэнэт сэхээ авч ихэд эвгүйрхсэн байдалтай болоод царайчлан инээмсэглэж:
-Нэгэн цагийн амны алдааг найнай битгий тоогоорой гэв. Цаадах нь инээгээд:
-Ямар хамаа байна. Чи даанч хичээж байна. Би ганц тэр “Анхилмал” гэх үгийг үнэхээр зохимжгүй гэж бодох тул өөрчилж болох уу… гэсэнд цаадах нь инээж:
-Найнай юунд энэ үгийг хэлж байгаа юм бэ. Одоо миний төрсөн энэ бие хүртэл найнайгийн болоод байхад нэг нэрийг өөрчилж болох уу гэж надаас асуух нь, үнэхээр миний хэрээс хэтэрчээ. Найнай дуртай үгээрээ сольж болно шүү дээ гэсэнд Жинь Гүй хүйтнээр инээж:
-Чиний үг буруугүй боловч авхай юм бодож мэднэ гэсэнд цаадах нь:
-Найнай мэдэхгүй байгаа юм уу. Тэр намайг худалдаж авчрах үед би Лао тайтайд зарагдаж байсан тул авхай над ийм нэр өгсөн юмаа. Сүүлд Даеэд үйлчлэх болсон тул авхайд хамаагүй болсон. Одоо найнай ирсэн учир авхай бүр хамаагүй шүү дээ. Ер нь авхай их ухаантай хүн болохоор энээхэнд уурлахгүй дээ гэв. Жинь Гүй,
-Тийм бол Шян гэдэг нь Чюгийн хэр зохимжгүй. Нанги зангуу намар дэлгэрэх тул Шян гэдэг үгээс илүү утгатай болох бишүү гэсэнд цаадах нь мөн л инээж:
-Найнай ийнхүү өөрчилснөөрөө л дуудвал боллоо гэв. Үүнээс хойш Чю гэдгээр өөрчилснийг Бао Чай ч тоосонгүй.
Энэ Шюэ Пань бол төрөлхийн ханашгүй сэтгэлтэй тул одоо Жинь Гүйг эхнэр болгон аваад цааш нь харвал, түүний инж Бао Чань бас хэдэн хувь илүү царайлаг, хөдөлж барих нь хөнгөн эелдэг тул үргэлж цай ус авчруулан, зориуд түүнийг шоглон өднө. Цаадах нь хэдий учрыг мэдсэн боловч Жинь Гүйгээс айх тул аядан нийлүүлж чадахгүй түүний царайг харж явна. Жинь Гүй ч бас түүний санааг мэдээд “Одоо яг Шян Линг гартаа оруулж авах гээд эв нь таарахгүй байсан юм. Энэ Бао Чаньд дуртай байгаа болохоор түүнийг зоргоор нь байлгавал энэ Шян Лингээс холдох байх. Ингэхээр нь би Шян Линг гартаа оруулж авна. Бао Чань бол миний хүн болохоор тэр үед эвийг нь олоход амар” гэж бодоод шалтаг хүлээж байв. Нэг үдэш Шюэ Пань баахан согтоод Бао Чаниар цай авчруулан ууж байв. Шюэ Пань аяга тосож авах зуураа Бао Чаний гарыг чимхсэнд зайлж гараа таттал цай асгарч хувцас норготол Шюэ Пань эвгүйрхэж “Цайгаа сайн барихгүй яасан юм бэ” гэж гүжирдсэнд цаадах нь: “Хүүеэ сайн барьж авахгүй яасан юм бэ” гэв. Жинь Гүй хүйтнээр инээмсэглэж
-Та хоёрын үг аминдаа зөв юмаа. Хүнийг маллах хэрэг юү байх вэ гэсэнд Шюэ Пань толгой гудайлган инээх аядаад дуугарсангүй. Бао Чань царайгаа улайлган гарав.
Үдэш унтаж амрахын үеэр Жинь Гүй зориуд “Шюэ Панийг “Өөр газар унт. Би ганц шөнө амар унтъя” гэж хөөсөнд цаадах нь дуугарсангүй. Эхнэр нь инээж: “Яая л гэвэл над хэлэх хэрэгтэй. Нууж хавчаад байх хэрэггүй” гэв. Шюэ Пань согтсоноор овлож аяыг нь дагуулан хөнжил дээрээ сөгдөөд Жинь Гүйг татаж инээн:
-Эгч минь, чи Бао Чанийг шагнавал, юм бүхэнд чиний санааг дагасугай. Чи амьд хүний тархи авна гэхэд авчраад л өгнө гэсэнд эхнэр нь инээж:
-Ямар утга учиргүй юм яриад байна. Чи хэнд дурлавал, түүнээ гэртээ авчирвал л боллоо. Хүнд үзэгдвэл муухай бишүү. Би чамаас юу авах юм бэ гэхийг сонсоод Шюэ Пань учиргүй баярлан талархаж, шөнөдөө эрийн журмыг хичээнгүйлэн гүйцэтгэж эхнэрээ зуун зүйлээр нигүүлсжээ. Маргааш нь мөн гадагш гаралгүй гэртээ авалцан наадсаар зүрх нь аяндаа томров. Үдээс хойш Жинь Гүй зориуд гадагш гарч тэр хоёрт чөлөө тавьж өгсөнд Шюэ Пань дор нь ашиглан түлхэж татаж эхэлсэнд, Бао Чань хоёрын хооронд мушилзана. Яг энэ онин дээр л Жинь Гүй анхааран хүлээж байсан тул салашгүй зууралдаж байх үеэр нь бяцхан охин Шө Эрийг дуудав. Энэ охиныг Жинь Гүй гэртээ байхдаа багаас нь зарж ирсэн бөгөөд нялх багад нь эцэг эх нь үгүй болж асарч харгалзах хүнгүй болохоор нь “Хаягдсан охин Шө Эр” хэмээн дуудаж, тусгайлан бүдүүлэг ажилд зарна. Жинь Гүй одоо бол зориуд түүнийг дуудаж: “Чи очоод Чю Линийг миний өрөөнд ороод алчуур аваад ир гэж хэл. Битгий намайг хэллээ гээрэй” гэж захисанд цаадах нь шууд хэлсэн ёсоор яваад, хэлсэн үгийг нь Чю Линд хэлэв. Ямар санаатайг бүү мэд. Жинь Гүй ойрноос юм бүхэнд Чю Линийг мохоож байсан тул түүнээс нүүр олохыг чармайж байсан тэрбээр охины хэлснийг сонсмогц яаран алчуур авахаар гэрт ортол яг мөнөөх хоёрын мушгин мушилзаж байсан дээр таарчихжээ. Чю Лин ихэд ичиж царай нь хүзүүндээ тултал улайж ухран зайлж чадсангүй. Шюэ Пань дотроо, нэгэнт ил болсон ядал Жинь Гүйгээс өөр хэнээс ч айхгүй тэр мөд ирэхгүй гэж бодоод үүдээ хаагаагүй юм байжээ.
Энэ зуур Чю Линг орж ирэхэд төдий л тоосонгүй байтал Бао Чань хурц түргэн зантай хүн болохоор, энэ хүүхэнд баригдсандаа орох газраа олохгүй сандарч Шюэ Панийг цааш нь түлхээд “Энэ намайг хүчиндлээ” гэж хашгиран гарч гүйв.Шюэ Пань түүний хойноос хөөн барьж автал Чю Лин ирж салгасанд халгисан их баяр нь хар уур болж хаа хамаагүй түүнд үхэтлээ хорсов. Тэгээд түүний учирлахыг ч сонсолгүй нулиман хөөж гаргаад “Үхэл дайрсан муу янхан. Юу хийх гэж тэнэж явсан золбин сүнс вэ чи” гэж хараасанд цаадах нь санд мэнд гарч зугтав. Шюэ Пань, Бао Чанийг эрээд олсонгүйдээ мөнөөх Чю Линийг л зүхнэ. Оройн хоолны дараа Шюэ Пань улаан зээрд болоод биеэ угаах гэтэл ус халуун байсанд: “Чю Лин зориуд хорлох гэлээ” гээд чармаан нүцгэн гүйж, түүнийг хэд өшиглөв. Чю Лин хэдийгээр энэ мэтийн юмыг үзээгүй боловч үг хэлэхийн аргагүй ихэд гутрав. Энэ үед Жин Гүй Бао Чанийг: “Өнөө шөнө Шюэ Паньтай хамт Чю Лингийн өрөөнд очиж унт. Чю Линг авчирч өөртэйгөө хамт унтуул” гэж сэмхэн захив. Охиныг энэ үгийг хэлэхэд нь Чю Лин зөвшөөрсөнгүй. Тэгтэл Жинь Гүй: “Намайг бузар гэж голов уу, эсвэл шөнө асран сувилахаас бэрхшээж биеийн амрыг харж байна уу” гээд шинжгүй эзэн чинь, улааныг үзэн урваж, шарыг үзэн шарваж, миний хүнийг эзлээд бас чамайг үл ирүүлэх нь чухам ямар санаатай юм бэ. Намайг гачигдуулан алах санаатай байхаа гэж хараав. Шюэ Пань энэ үгийг сонсоод, Бао Чаний учир сааруузай гэж яаран хүрч очоод Чю Линийг харааж “Хүндлэлийг дагадаггүй адгийн амьтан! Одоо очихгүй бол зодно” гэж айлгасанд цаадах нь арга буюу хөнжлөө аваад явсанд Жинь Гүй: “Наадахаа газраар дэвсээд унт” гэв. Түүний үгийг даган газраар хэвттэл: “Ус авчир. Хөл баз” гэх мэтээр шөнөдөө долоо найман удаа босгоод унтуулсангүй.
Харин Шюэ Пань, Бао Чанийгаа барьж аваад эрдэнэ сувд олсон мэт юу ч бодож санах юмгүй аашилж байхад Жинь Гүй түүнийг дотроо: “Чамайг яахав, хэдэн хоног жаргаана. Дараа нь надад битгий гомдоорой, чамд үзүүлнэ” гэж занан, хажуугаар нь Чиү Линийг үгүй хийх аргыг сүвэгчилж байв. Түүнээс хойш хагас сар болсны дараа Жинь Гүй өвдлөө гэсэн яриа гаргав. Зүрх нь өвдөж, хөл гар нь татаж гэнэ. Эмнэж засаад ч тус болсонгүй гэнэ. Энэ юунаас болсон бэ гэвэл Чю Лин уурлуулснаас боллоо гэдэг ов мэх зохиов. Төдөлгүй хэд хоногийн дараа Жинь Гүйн дэр дотроос, цаасан дээр түүний нас жил, од гаргийг нь бичээд таван зүүгээр зүрх хавирга сүврэг, үе гишүүг нь шивсэн цаасан хүн гарч ирэв гэсэн яриа гаргав. Тэгээд Шюэ Имад мэдүүлэв. Эмгэний гар хөл салгалан сандарч зарц нарыг нь занчих гэсэнд Жинь Гүй:
-Олон хүнийг хилсдүүлж болохгүй. Багцаалбал, энэ Бао Цаний үүсгэсэн чөтгөр дарах арга байхаа гэж хэлэв. Шюэ Пань:
-Тэр, энэ хэдэн өдөр чиний гэрт орох завгүй байсан. Зүгээр байгаа хүнийг гүжирдэж болохгүй шүү гэв. Жинь Гүй хүйтнээр инээж:
-Түүнээс өөр хэн байх юм бэ. Би өөрийгөө хорлох уу. Өөр хэн нэгэн байлаа гэхэд миний байранд яаж орох юм бэ гэсэнд Шюэ Пань:
-Чамтай чинь, Чю Лин л өдөр болгон хамт байгаа биз дээ. Тэр л мэднэ дээ. Урьдаар түүнээс өчиг ав гэв. Цаадах нь:
-Хэнээс ч өчиг авлаа гэхэд, би тэгсэн гэж хүлээх хүн байхуу. Нэг удаадаа мэдээгүй царайтай өнгөрвөл яана. Намайг алсан ч зовох зүйлгүй. Дахиад нэг сайхныг олоод авахад чамд зүгээр юм бишүү. Үнэнийг хэлбэл, та гурваас өөр хэн намайг илүү үзэх юм бэ гэсээр уйлав. Тэгтэл Шюэ Пань уурлаад үүдний хөшүүрэг модыг сугалан авуут: “Энэ бол чиний үйлдсэн хэрэг” гээд Чю Линийг нүүр нүдгүй балбав. Түүнээс болж Чю Лин намайг гүжирдлээ гэж гомдол гаргасанд Шюэ Има сандран хориглож: “Учрыг нь олоогүй байж хүн зодно гэж юү гэсэн үг вэ. Энэ ахин бидэнд хэдэн жил үйлчлэхдээ алдаа гаргаагүй хүн шүү. Яагаад ийм нүгэлт хэрэг хийж байгаа юм бэ. Чи учрыг нь мэдэж байж аашил”… гэж өмөөрөв. Жинь Гүй, хадам эхийн үгийг сонсоод Шюэ Пань зөөлөрч магадгүй гэж бодоод, дуу тавин уйлж:
-Энэ хагас сар Бао Цанийг миний гэрт оруулахгүй түрэмгийлэн эзлээд, одоо ганцхан Чю Лин л надтай цуг байна. Би Бао Цаниас юм асууя гэхээр түүнийг өмөөрнө. Одоо Чю Линийг зодож байна. Намайг алаад дахиад баян эрхэм, сайхныг авбал барав. Юунд бас ингэж аашилна вэ гэсэнд Шюэ Пань ихэд цухалдав. Шюэ Има ч бэр нь, хүүг нь хавчин хадарч машид жигшүүртэй аашлахыг үзээд туйлын их хорсов. Хүү нь харин энэ хүүхэнд хавчигдаад, зориг зүрхгүй болсонд бүр ч тачаадав. Одоо бас шивэгчинтэйгээ холбоотой болсныг нь “Түрэмгийлэн эзлэв” гээд өөрөө эр нөхрөө хүндэлдэг ёс номтой эхнэрийн тоонд орно гэнэ. Энэ хараал, хорлолын зүйлийг чухам хэн үүсгэсэн бэ. Энгийн үгэнд “Мэргэн ноён гэрийн хэргийг таслахуйяа бэрх” гэдэгчлэн энэ хэр хадам эцэг эх бологсод үнэхээр орхиул хөшигний доторх хэргийг таслахад бэрх болов. Тэгээд ээж нь, Шюэ Паньд уураа гаргаж зандран:
-Өөдгүй муу нүглийн үр. Нохой ч чамаас илүү нэр нүүртэй. Яаж, яахаараа дагуул инжээ хүртэл үлдээдэггүй юм бэ? Эм чинь, чамайг инжээ түрэмгийлэн эзэллээ гэж байна. Одоо чи ямар нүүрээрээ хүний өөдөөс харах юм бэ? Эхнэрийн чинь, дэрэнд юм хийсэн тэр муухай аргыг чухам хэн үйлдсэнийг ч асууж мэдэлгүйгээр хүн зодно! Чиний, шинийг олохоороо хуучнаа хаягч адгуус гэдгийг мэдсэн бол тэр үед юуны төдий зовно вэ? Энэ охин муу байсан ч чи зодох ёсгүй. Би даруй зууч дуудаад үүнийг худалдвал чиний сэтгэл амарна биз… гэхчилэн уурласнаа Чю Линд “Чи юм хумаа янзлаад нааш ир” гэв. Тэгснээ хүн дуудаж: “Яваад, зууч дуудаад ир. Үүнийг хэдэн лан мөнгөөр худалдаж “Нүдэнд орсон хог, шүдэнд орсон махыг” авч хаявал бүгд амар тайван амьдарна” гэв. Шюэ Пань эхийнхээ уурласанд толгой гудайна. Жинь Гүй, хадмынхаа үгэнд эмзэглэн цонхоор толгойгоо гарган уйлж:
-Настан та, хүнээ худалдсан ч, нэгийг хэлээд нөгөөг хадрах хэрэггүй. Бид тийм хүнтэй таарахгүй, атаа жөтөөнд хатаж шинэсэн улс юм уу. Юун нүдэнд орсон хог, шүдэнд орсон махыг авч хаях вэ. Хэний хог, хэний мах вэ? Энэ илүүдлээ гэсэн бол яагаад миний инжийг дэргэдээ авч байгаа юм бэ гэж асуув. Шюэ Има, амьсгаадан дагжиж:
-Бэр нь хадам эхтэйгээ цонхоор хэрэлддэг чинь хаанах айлын ёс суртал вэ? Удамтай айлын охин байтлаа ямар үг хэлж амны зоргоор бархирч байна вэ гэв. Шюэ Пань бачимдан дэвсэлж:
-Больцгоо, больцгоо! Хүний элэг доог боллоо… гэсэнд Жинь Гүй, хийвэл бүү ай, айвал бүү хий гэж бодоод дуугаа чангалан:
-Би хүний элэг доог болохоос айхгүй. Бага эм чинь намайг хорлож байхад би хүний элэг доог болохоос айх уу. Эсвэл намайг худалдаад түүнээ үлдээ. Шюэ овогтынхон мөнгөтэй, юм бүхэнд мөнгөөр түрдгийг мэдэхгүйхэн байх вэ. Бас сайн садантай эрдэж хүнийг хяхна. Чи эртхэн сүрээ хэрэглэхгүй юү хүлээгээ вэ. Намайг муу хэлэх гэж байгаа бол, хэн та нарыг манайд дахин дахин очиж уруулаа цорвойлгон гуй гэсэн юм бэ. Нүд чинь сохорсон уу гээд хацраа алгадав. Шюэ Пань сандарч юм хэлж ч чадахгүй, хориглож ч чадахгүй, цохиж ч чадахгүй, гуйвал бүр дордоно гэж бодоод, санаа алдан: “Заяагүй хүн юм” гэснээ өөр үг олж хэлж чадсангүй.
Энэ үед Бао Чай, эхийгээ ятган тайтгаруулсанд “Энэ Шян Линг худалдана” гэв. Охин нь инээж:
-Манайх хүн худалдаж авна уу гэхээс бид хүн худалдаж болохгүй. Ижий уурандаа эндүүрчээ. Хүн сонсвол элэглэнэ шүү. Ах, бэргэн хоёр, Шян Линг муу хэлж байгаа бол би заръя. Надад хүн хэрэгтэй… гэсэнд ээж нь:
-Түүнийг энд байлгавал зовлон болно. Харин явуулбал санаа амар болно гэв. Бао Чай:
-Тэр надтай байгаад тийшээ очихгүй л бол худалдсанаас ялгаа юү байхав гэв. Шян Лин Шюэ Имагийн өмнөөс ухасхийн очоод уйлан “Авхайг дуртайяа дагана. Эндээс явахгүй” гэж гуйсанд цаадах нь аргагүйдэв.
Үүнээс хойш Шян Лин Бао Чайг дагаж явдаг болсон ч сарны доор мэлрэн, зулын дэргэд гөлөрч, үргэлж санаа алддаг болжээ. Шюэ Панийд хэдэн жил болсон боловч цусанд гэмтэй байснаар жирэмсэн болоогүй ажээ. Одоо бас уур хилэн давхацсанаа, санаа сэтгэл, бие махбод хямарч сарын юм нь хоригдон улмаар хатингаршиж турсаар хоол унданд дургүй болоод эмч залж эм уугаад тус болсонгүй. Энэ үед ядахдаа, Жинь Гүй хэдэн удаа хэрүүл үүсгэсэнд Шюэ Пань уурандаа буюу архины идээр хоёр удаа авирлаж, мод шийдэм эргүүлсэнд цаадах нь цохивол цохь гэж биеэ өгч, хутга мэс баривал алаатах гэж хүзүүгээ сунгах тул хөдөлж чадахгүй, дэмий л үймээн шуугиан болж байгаад зогсоно. Жинь Гүй харин улам давшуурч Бао Чаньд царайгаа харуулах болов. Энэ охин, Шян Линтэй таарахгүйгээс гадна галд тос цацсан мэт долгин зантай. Тэгэхдээ, Шюэ Паньтай санаа нийлнэ. Сүүлдээ Жинь Гүй ч тоохоо болив. Саяхнаас Жинь Гүй түүнийг дарлах гэж оролдсоныг нь үл тоожээ. Эхлээд энэ тэрхэн дээр үг зөрж байтал Жинь Гүй уурлан цохих гэнэ. Бао Чань гар хөдөлгөн хариуцаагүй мөртөө газарт өнхрөн, өдөр бол хутга шөвөг эрж, шөнө бол дээс шидэмс шүүрч үхнэ хатна гэж янз янзаар аашилна. Шюэ Пань ганцаардан, алины нь ч талд орж чадахгүй самгардан тэвдэж, аргаа барж, алгаа маажихдаа гадагш гарч айл хэсэж цагийг нөгцөөнө. Жинь Гүй уурлан аашлахгүй үед хүн цуглуулж даалуу тавьж, шоо орхиж наргина. Бас багаасаа яс хэмлэх дуртай тул өдөр тахиа, галуу алуулж махыг нь хүнд өгөөд ясыг нь тосонд хууруулан мэрж архи ууна. Үүнээсээ уйдвал “Өөр эр эм бэлгэ эрхтэнтэй элдэвлэн жаргаад болж байхад, би яагаад болдоггүй юм” гэж хараал тавина. Шюэ Има эх, охин хоёр түүнийг ер ойшоохгүй, далдуур нулимс унагана. Шюэ Паньд ч өөр арга байхгүй. Нэгэн цагийн тэнэглэлтээр энэ “Голомт хорлуулах шулмасыг” авсандаа гэмшинэ. Энэ бүхнийг Нин, Рун хоёр ордны их бага хүмүүс цөмөөр мэдээд шүүрс алдацгаасан ажээ.
Энэ үед Бао Юй, нэгэнт зуун хоногийг дуусгаад гадуур гарч яваад Жинь Гүйтэй таарч, царай зүс, байдал төлөв нь гойдгүй, бусад эгч дүүстэй төлөв адил гоолиг цэвэрхэн төрсөн мөртөө, яагаад ийм зантай болсон юм бол гэж гайхаад гунихарчээ. Тэгээд ээжийнхээ мэндийг мэдэхээр очоод, энд ирсэн Ин Чүний хөхүүл эхтэй таарав. Түүний ярихыг сонсвол, Сүнь Шаозү гэгч их л өлзий муутай хүн юм. Авхай аргагүйдэн, хүнээс далд нулимс унагаж явах тул гэрт нь авчирч хэдэн өдөр байлган уйтгарыг нь сэргээе гэж бодож байна гэжээ. Тэгэхэд нь Ван ФүРэнь: “Би энэ хоёр өдөр түүнийг авчиръя гэсэн боловч энэ тэр явдлаас болоод амжсангүй. Тэр өдөр Бао Юй очиж ирээд хэлж байсан юмаа. Маргааш сайн өдөр болохоор хүн явуулж авчируулна” гэв.
Тэднийг ийн ярилцаж байтал Жя Мү хүн явуулж Бао Юйд “Маргааш өглөө эрт Тянь Чи Мяо сүмд очиж жамцаг айлтган мөргөтүгэй” гэж хэлүүлжээ. Бао Юй ч энүүгээр тэрүүгээр зугаалан явахыг хүсэж байсан тул Жя Мүгийн үгэнд ихэд баярлажээ. Түүнээсээ болоод шөнө ч нойр дутуу хонов. Өглөө эртхэн босож, угааж самнаад, хэдэн эмгэн дагуулж тэргэнд суун хотын баруун хаалгаар гарч мөнөөх сүмд очиж, хүж зул асаан жамцаг айлтган мөргөв. Энэ сүмд урьдчилан бэлтгэжээ. Бао Юй аймхай учир догшин дүртэй бурхдад ойртож чаддаггүй тул арц, хүж шатаахыг нь шатааж, зурмал бурхдад мөргөөд шалавхан гарч амрав.
Тэгээд хоол идсэний дараа олон эмгэн, Ли Гүй нар Бао Юйг дагаж орчноор тойрон зугаалав. Бао Юйгийн хөл өвдсөн учир сэлүүн газарт оруулж амраав. Эмгэд түүнийг унтуузай гэж ван овогт өвгөн бумбыг залж авчран түүнтэй яриулж суулгав. Энэ өвгөн бумба бол хөдөөгүүр эм зарж, бас элдэв жор олж авчран өвчин анагааж ашиг олдог хүн. Сүмийн гадаа дайз өлгөж, тан, үрэл, гоёо зэргийн зүйлийг цуглуулжээ. Нин, Рун хоёр ордонд дандаа ирж танил дасал болсон хүн юм. Түүний гоёо эм бол наамагц тус болдог тул түүнд Ван Ите /Ван гоёо ч/ гэдэг нэр өгчээ. Түүнийг ороод ирмэгц ханзан дээр хажуулж байсан Бао Юй инээж:
-Юун сайн хэрэг вэ, таны ирэх… Таныг шог инээдтэй юм ярихдаа тун сайн гэж сонссон шүү. Бидэнд сонин юм хэлж өгөөч… гэсэнд эмч инээж:
-Агь битгий унтаарай. Гэдсэн дэх Мяньжин2 чинь гэм болуузай гэсэнд хүмүүс инээлдэв. Бао Юй инээн босож хувцсаа засав. Ван Ите шавь нараа дуудан: “Цай хурдан авчир” гэсэнд Бэй Мин:
-Манай агь цай уухгүй. Энэ гэрийн гоёоны үнэрээс жигшинэ гэв. Эмч инээж:
-Арай тэр хэмжээнд хүрэхгүй байх. Гоёог гэрт авчирдаггүй юм. Эр Еэгийн өнөөдөр ирэхийг мэдсэн учир хэдэн өдрийн өмнөөс хүжээр утсан гэв. Бао Юй:
-Тийм байхаа. Чиний гоёоны эмийг сайн гэж олон сонссон. Чухам ямар өвчнийг засдаг юм бэ дээ гэсэнд эмч
-Миний гоёог яривал урт юм хөвөрнө. Нарийн учрыг нь цөөн үгээр хэлэх аргагүй. Нийтдээ зуун хорин зүйлийн эмийг бие махбодод тэнцүүлэн бүлээн сэрүүнийг хавсруулж хэрэглэнэ. Дотор талд хүч тамирыг сэлбэн, хий цусыг зохицуулж, хоол идэх дурыг сайжруулан, сэтгэл зүрхийг амрааж, халуун хүйтнийг тэгшлэн, хоол шингээн, цэрийг ховхолно. Гадна талд хий, цусыг даран, судас шөрмөсийг тэгшилж, тунгалаг цөвийг ялган, хөөрөлтийг дарна. Түүний чадал сахиулсан мэт. Наамагц л мэдэгдэнэ гэв. Бао Юй:
-Нэг гоёо ийм олон өвчин засна гэхийг би итгэхгүй. Би чамаас асууя. Ийм нэг зүйлийн өвчинд нааж болох уу… гэсэнд Ван Ите:
-Зуун өвчин, мянган гамшгийг тэр даруй засаж чадна. Тус болохгүй бол Эр Еэ миний сахлыг зулгааж, үрчгэр хацрыг минь алгадан сүмийг буулгаж болно. За тэр ганц өвчнөө хэлтүгэй гэв. Бао Юй:
-Чи таагаад үз л дээ.Таагаад олчихвол даруй тус болно гэсэнд эмч, жаахан эргэцүүлэн бодоод инээн:
-Үүнийг үнэхээр таахад бэрх юм байна. Гоёо нэг их тус болохгүй байж мэднэ гэв. Бао Юй түүнийг миний дэргэд суутугай гэсэнд эмч сэрдхийснээ аяарханаар:
-Би одоо таачихсан. Санавал Эр Еэ одоо ертөнцийн явдлыг мэдсэн тул тамир хүчийг сэлбэх эм хэрэгтэй болсон биш биз гэж асуув. Тэгтэл Бэй Мин зандрангуйгаар:
-Үхэл дайрсан чиний хацрыг алгадсугай гэсэнд Бао Юй учрыг мэдээгүй болохоор сандарч: “Чи юү гэж байгаа юм бэ” гэсэнд цаадах нь: “Наадах чинь дэмий чалчиж байна” гэв. Эмч айж, дахиад юм асуухаас урьтан:
-Эр Еэ шууд хэлбэл дээрдээ гэв. Бао Юй:
-Би чамаас нэг юм асууя. Эм хүний атаа жөтөөнд наадаг эм байна уу… гэсэнд Ван Ите алга ташин инээж:
-Ийм жор байхгүйгээр барахгүй. Тийм юм ердөө сонссонгүй ээ гэсэнд Бао Юй инээж:
-Тийм юм бол төдий гайхамшигтай юм биш байна гэв. Эмч:
-Атаа жөтөөнд хэрэглэдэг гоёо гэж үнэхээр үзээгүй. Нэг зүйлийн уух эм байдаг. Засаж чадаж ч магадгүй. Тэрхэн дороо тус болохгүй байж мэдэх тул удаан уух хэрэгтэй… гэсэнд Бао Юй:
-Ямар эмийг яаж ууна гэнээ… гэсэнд эмч:
-Үүнийг жөтөө засах тан гэдэг юм. Сайн алим нэг, мөсөн чихэр хоёр цэн, жүржийн хальс нэг цэнг гурван аяга усаар шалзартал чанаж, өглөө бүр нэг алим идвэл яваандаа сайн болно гэсэнд Бао Юй:
-Энэ уг нь гайгүй юм. Гэвч тус болохгүй байхаа… гэсэнд эмч:
-Нэг уугаад тус болохгүй бол арав уухгүй юү. Өнөөдөр уугаад тус болохгүй бол маргааш уухгүй юү. Энэ жил тус болохгүй бол хойтон уухгүй юү. Юу ч болсон энэ гурван зүйлийн эм уушиг, ходоодыг засах тул хор болохгүй. Амтлаг сайхан бөгөөд бас ханиадыг дарна. Зуун жил уувал хүн эрхэтгүй үхнэ. Үхвэл юундаа жөтөөрхөх вэ. Тэр цагт даруй тус болно гэв.
Энэ үгийг сонсоод Бао Юйгээс эхлээд цөм тачигнатал хөхрөлдөцгөөн: “Тосон гулгуур уруул” гэж хочилсонд Ван Ите: “Хэрэггүй юм ярьж, үдийн нойр сэргээх төдий боллоо. Ямар хамаа байна даа. Таныг л инээлгэсэн бол болох нь тэр. Та нарт би нэг юм хэлье. Гоёо ч бас худал шүү. Үнэхээр тийм эм байвал уугаад бурхан болохгүй юү. Бас энд ирж өдөр хоногийг нөгцөөж яах юм… гэтэл өлзийт цаг болсон тул Бао Юй гарч архи дусаан түлш шатааж хишиг хүртээн хичээн сүсэглэж дуусаад гэр рүүгээ буцав.
Энэ үед Ин Чүнь гэртээ ирчихсэн байв. Сүнь овогтын эмгэд оройн хоолноос хойш гэртээ харихаар явцгаасны дараа Ин Чүнь зовлонгоо тоочиж байв. Тэрбээр:
-Сүнь Шаозү өнгөнд шунаж, архи уун, мөрийтэй тоглож, гэрийн эмс охидыг үлдээлгүй бузарлажээ. Хэдэнтээ ятган хэлсэнд намайг “Жөтгөөр эхнэрийн үр зулзага” гэж шоолон хараасан. Лаое түүнээс таван мянган лан мөнгө авчээ. Одоо хэдэнтээ ирж нэхээд авч чадсангүй тул миний нүүрэн дээр “Чи миний эхнэр болж аашлах хэрэггүй. Эцэг чинь, миний таван мянган лан мөнгөний оронд чамайг өгсөн юм. Дуртай ч тэр, дургүй ч тэр, чамайг нэг сайн занчаад доод гэрт хөөн явуулж унтуулна. Өвөг чинь амьд байсан тэр үед манай баян эрхэмд шунаж, нааш цааш явалцаж байжээ. Ёсондоо, би чиний эцэг лүгээ үе зэрэг юм. Одоо миний толгойг дарж, нэг үе доор болгожээ. Энэ ургийг барилдсан нь, илүүц явдал болсон хэрэг. Хүн намайг эрх сүрд шунасан мэт хэлнэ гэсээн” гээд мэгшин шогшин уйлсанд цаадуул нь цөм адилхан нулимс унагацгаав. Ван Фүрэнь арга буюу үгээр тайтгаруулах гэж
-Нэгэнт учир мэдэхгүй хүнд тохиолдсон тул ямар арга байна вэ? Бодвол, тэр цагт авга чинь, энэ айлтай ураг барилдаж болохгүй гэж Да Лаоег хориглосонд, тэрбээр маш дуртай байсан тул сэтгэл шуударч үгийг нь авсангүй. Үзвэл, үнэхээр бүтсэнгүй ажээ. Охин минь, энэ бол чиний заяа бизээ гэв. Ин Чүнь уйлж:
-Миний заяа ийм эмзэг гэдгийг би итгэхгүй. Багадаа эхгүй болж золоор авга эгчийн дэргэд ирж хэдэн жил сэтгэл амар байлаа. Тэгсэн чинь ийм байдалд хүрчихдэг юм байна гэв. Ван Фүрэнь ятган ярихын зуур “Хаана амрах дуртай байна вэ” гэж асуусанд Ин Чүнь:
-Саяхан эгч дүү нараасаа салсан болохоор тэд нар зүүднээс салсангүй. Бас сууж байсан гэрээ саналаа. Тэгээд хүрээлэндээ тав гурав хоновол үхсэн ч гомдол алга. Дахиад ирж хонох эсэхийг мэдэхгүй гэсэнд Ван Фүрэнь:
-Битгий тэгж ярь. Залуу эр эм хоёр ам зөрөх нь ерийн л явдал шүү дээ. Юунд ийнхүү ёрын үг хэлж байгаа юм бэ гэв. Тэгээд хүн явуулж, Зы Лин Жөүгийн өрөөг цэвэрлүүлж, тэнд очоод эгч дүүс нь ярьж ойлгуул гэж захив. Бас Бао Юйд хандаж, Лао тайтайд ажиг мэдэгдэж огт болохгүй. Тайтай үүнийг мэдсэн байвал чамтай л ярина шүү гэж хэлэв. Бао Юй толгой дохив.
Энэ шөнө Ин Чүнь хуучин өрөөндөө эгч дүүстэйгээ наргиж хонов. Энд гурав хоноод Шин Фүрэнийд очив. Явахынхаа өмнө Жя Мү, Ван Фүрэнь нартай салах ёс гүйцэтгээд явах гэсэнд эгч дүүс нь салж төвдөхгүй ихэд уярцгаав. Ван Фүрэнь, Шюэ Има нар ятган тайтгаруулж байж тэртээх хүрээнд очихоор явав. Ин Чүнийг Шин Фүрэний тэнд хоёр хоноод байтал Сүнь овогтын гэрээс хүн ирж аваад явав. Ин Чүнь хэдий тэнд очих дургүй байвч Сүнь Шаозүгийн харгис хэрцгийгээс айгаад арга буюу ах дүүгээсээ салан явав. Шин Фүрэнь ер тоосонгүй тул нөхөр гэргий эе эв, гэр орны явдал учрыг сонирхсон ч үгүй. Энэхэн тэрнийг ярьсан болж өнгөрөөв. Хошидын явдлыг мэдсүгэй хэмээвээс доорх бүлгийг үзэгтүн!
Тайлбар:
1.Шян Лин-анхилмал зангуу гэсэн утгатай ажээ.
2.Ми Янжин-буудайн гурилыг усанд угаасаар үлдсэн чингаамал зүйл. Ногоо зууш буюу шөл хийнэ.
Холбоотой мэдээ