Тариаланчдын урамшууллыг хэвийн олгоно

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Тариаланчдын урамшууллыг хэвийн олгоно

Монгол орны өнцөг булан бүрт өвлийн бэлтгэлийг хангах их ажил өрнөлөө. Малчид хадландаа гарч, хадуурын дуу тал нутгийг сэрээж байгаа энэ цаг дор тариаланчид ургац хураалтын их ажилдаа ирэх долоо хоногоос орохоор бэлтгэлээ хангаж эхлэв. Тиймээс салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл ажил ямар шатанд байгааг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгаас тодрууллаа.


-Малчид хадландаа гарсан гэх мэдээлэл байна. Энэ жил улсын хэмжээнд хэчнээн тооны өвс тэжээл бэлтгэхээр төлөвлөөд байна вэ?

-Сүүлийн жилүүдэд өвөл их хатуу орох болсон. Өвлийн ид хүйтэн тачигнах цагаар малчид өвс, тэжээлээ дууслаа гэдэг. Тиймээс хадлан, тэжээлийг ахиу бэлтгэж, нөөцлөх талд яам анхаарал хандуулж ирсэн. Энэ өвлийн хувьд 1.2 сая тонн өвс, 48 мянган тонн ногоон тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн өвлийнхтэй харьцуулахад өвс 100 тонноор нэмэгдүүлэхээр болоод байгаа. Өвлийн бэлтгэл ажил аймаг бүрт жигд хангагдсан учраас төлөвлөсөн хэмжээгээр өвс, тэжээл бэлтгэх бүрэн бололцоотой гэж үзэж байгаа.

-Тариаланчдын хувьд хураасан тариагаа хаана борлуулах вэ. Төр үр худалдан авах болов уу яах бол, урамшуулал олгох болов уу гээд лавлах зүйл их байна?

 
-Сайн үрээс буудайн чанар хамаардаг. Тийм учраас үрээ шинэчлэхэд анхаарч байгаа. Сайн үрийг дотоодоосоо авна. Өнгөрсөн жил компаниудаас сайн үр худалдан авч байсан. Энэ ажил үргэлжилнэ гэж ойлгож болно. Аж ахуйн нэгжүүдийн улсад худалдсан буудайнд нь урамшуулал олгох ажил үргэлжилнэ. Урамшууллын хэмжээ өнгөрсөн жилийнхээрээ хэвээрээ гэж ойлгож болно.

-Малыг вакцинжуулна гэх юм. Хэдий үеэс энэ ажлыг эхлүүлэх юм?

-Өвлөөс наана мал аж ахуйтай холбоотой хоёр ч том ажлыг амжуулахаар төлөвлөөд байна. Эхний ажил нь бүх малыг вакцинцуулалтад хамруулах. Вакцинжуулалтыг ирэх есдүгээр сарын 15-нд бүх аймагт нэгэн зэрэг эхлүүлэхээр төлөвлөсөн. Нийт 34 сая толгой мал вакцинд хамруулна. Малчид бэлтгэлээ сайн хангасан байх шаардлагатай. Газар нутаг ихтэй, тархай бутархай байрладаг болохоор бэрхшээл гарч болзошгүй. Гэхдээ л төлөвлөснийхөө дагуу бүх малыг вакцинд хамруулна гэж зорьж байгаа. Хоёр дахь томоохон ажил нь малчдыг сургалтад хамруулж, үнэмлэхжүүлэхээр болсон. Энэ нь малчин гэдэг бол мэргэжил юм гэж үзэж төрөөс хийх гэж буй том ажлын нэг болно.

-Адууны ханиад 14 аймагт гарсан. Хор хохирол нь бага туссан уу?

-Адууны ханиад өнгөрсөн долдугаар сараас эхэлж гараад бараг бүх аймгийг тархсан гэж хэлж болно. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг яриад, төсвөөс эх үүсвэр гаргаж ажил хийх үү, орон нутаг дахь мэргэжлийн байгууллагын хүчээр адууны ханиадыг зогсоох боломж байна уу гэдгийг судаллаа. Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг тайлагнана.

-Засгийн газрын бондоор санхүүжүүлэх зээлийн санхүүжилт ямар шатандаа явж байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийг санхүүжүүлэх журам, санхүүжүүлдэг банк, орон нутгийн комиссын ажил хэвшчихсэн. Орон нутагт 50-иас доош сая төгрөгийн төслийн зээлийг шийддэг байсан бол энэ жилээс 100 сая төгрөгт хүргэж, өгөх эрх өгсөн. Том төслийн зээлийг нэг тэрбум төгрөгөөс хэтрүүлдэггүй байсан бол үндэсний үйлдвэрийг дэмжих зорилгоор 5-10 тэрбумаар нь олгох боломжийг нээгээд байна. Саяхан яамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих  комисс хуралдаж 290 төслийг авч хэлэлцсэн. Нийт 260 тэрбумын хөрөнгө шаардсан төсөл байсан. Төслийн 80 хувь нь боломжийн гэж үзэж дэмжигдсэн. Засгийн газрын бондын хувьд 25 орчим тэрбумын арилжаа хийгдсэн. Хоёр дахь арилжааг хийхэд  банкууд оролцоход бэлэн байна гэж мэдэгдсэн. Төслөө хэрэгжүүлэхийн тулд бусад банк, бусад нэгжүүдийн хоорондын техник ажиллагаа байдаг. Энэ ажиллагаа хийгдэж байх хооронд санхүүгийн эх үүсвэр бүрдэнэ. Төрөөс шийдсэн эх үүсвэрийг онд нь багтааж бодитой ажил болгох зорилготой байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж