С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Денвер хотод айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Денвер хотод айлчиллаа

С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Денвер хотод айлчиллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Денвер хотын захирагчийн урилгаар тус хотод айлчиллаа. Айлчлалын үеэр хотын захирагч нар уулзаж хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд халуун дотноор хүлээн авч, цаг зав гарган уулзаж байгаад Денвер хотын захирагчид талархал илэрхийлээд “Улаанбаатар, Денвер хотууд анх 2001 онд Ах дүүгийн харилцааг тогтоосон. Түүнээс хойш хоёр хотын найрсаг хамтын ажиллагаа маань өнөөг хүртэл өргөжин тэлж байгаад бид баяртай байна, мөн цаашид ч энэ харилцаа улам тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр хот цаг уур, газарзүйн байршлын хувьд ижил төстэй. Иймд хоёр хотын хооронд байгаль орчин, нийтийн тээврийн чиглэлээр харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байна. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүдийн чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах хүрээнд мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг харилцан хэрэгжүүлэх саналтай байна” гээд Денвер хотын захирагчийг тааламжтай цагтаа Улаанбаатар хотод айлчлахыг урив.

Денвер хотын захирагч Майкл Ханкок 2015 онд Улаанбаатар хотод айлчилж байснаа дурсаж найрсаг халуун дотноор хүлээн авч байсанд талархал илэрхийлээд “Анх Денвер хотын захирагчаар сонгогдох тухайн мөчид Улаанбаатар хотын төлөөлөгчид намайг дэмжиж дэргэд минь байсан. Хотын захирагчаар сонгогдсоны дараа анх удаа Монгол Улсад айлчилж байсан нь одоог хүртэл надад сайхан дурсамж болж үлдсэн. Өнөөдөр эрхэм хотын захирагч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Денвер хот сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Нисэх онгоцны буудлаа өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд тухайн орчинд шинэ дагуул хот бий болгох, шинэлэг инновацийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн нийтийн тээврийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. 2 жилийн өмнө Денвер хотын төвийг нисэх онгоцны буудалтай холбох галт тэрэгний шугам сүлжээ байгаагүй, харин өнөөдөр бий болсноор замын түгжрэлийн асуудлыг бид шийдэж чадсан. Байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалагч нарыг дадлагажуулах хөтөлбөрийг бид Япон улстай хамтран хэрэгжүүлдэг. Энэ чиглэлээр бид өөрсдийн туршлагаас хуваалцаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой” гээд Улаанбаатар хотод урьсан явдалд талархал илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хугацаанд Улаанбаатар-Денвер эгч дүүсийн холбоо, Денверийн Ботаник цэцэрлэгт хүрээлэн, Колорадо Денверийн Их сургууль, Үндэсний мал аж ахуйн барууны цогцолбор, “Кюр” төсөл, Денвер хотын нийтийн тээвэр, байгаль орчны газар болон Денвер хотын тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай тус тус танилцсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж