Их, дээд сургуульд элсэх босго оноог нэмнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуульд элсэх босго оноог нэмнэ

Их, дээд сургуульд элсэх босго оноог нэмнэ

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон хувийн өмчийн 100 орчим их, дээд сургууль, коллежид 160 гаруй мянган оюутан суралцаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар жилд 30-40 мянган оюутан сургуулиа төгсдөг ч ердөө гуравны нэг нь эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг аж.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.1 хувь нь 15-34 насны залуучууд эзэлдэг гэж мэргэжилтнүүд хэлж байв. Үүнийг их дээд сургуулийн чанартай холбон ярих хүмүүс ч цөөнгүй байдаг.

Тэгвэл  Хөдөлмөр нийгмийн  хамгааллын яамнаас өнөөдөр /2018.03.14/  “Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого үйл ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын зарим гишүүд, төрийн бус өмчийн болон их дээд сургуулийн дэргэдэх 48 сургалтын байгууллагын захирлууд, олон улсын донор байгууллагуудын төлөөлөл болох 80 гаруй хүмүүс оролцлоо.

Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог өндөрсгөх талаар хэлэлцэнэ 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийслэлийн хэмжээнд 2016-2017оны хичээлийн жилийн эхэнд их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 157,138 болж, өмнөх хичээлийн жилээс 5,488-аар буюу 3.4 хувиар буурсан. Элсэгчдийн тоо буурсан нь олон хүчин зүйл нөлөөлсөн  ч, эдийн засгийн хямрал нэн тэргүүнд нөлөөлж байна. Манай яамнаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамтай хамтран уялдаа холбоотой ажиллах шаардлагатай гэж харж байна. Сүүлийн жилүүдэд их дээд сургуулиуд шалгуур болох босго оноогоо багасгаж байгаагаас үүдэн коллежид элсэх хүүхдүүдийн тоо эрс багассан. Боловсролын яамтай хамтран элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог өндөрсгөх талаар хэлэлцэнэ.

Цаашдаа коллежийн тэнхимийн сургалтыг практиктай хослуулан чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд, анхаарч ажиллана. Мөн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг түшиглэж гадаад орон руу оюутан солилцох, өөрсдийн сургууль дээрээ гадаад хэлний сургалт явуулах материаллаг баазтай, багш боловсон хүчний нөөцтэй болгох гэсэн яриа давхар яригдаж байна. Өөр нэг чухал асуудал бол орон нутгийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлүүдийн даргыг дандаа Улаанбаатар хотоос хариуцдаг. Энэ нь сул тал болоод байна.

Тийм учраас төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тухайн орон нутагт ажилладаг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төлөөллийг томилох шаардлагатай. Удахгүй Засгийн газарт мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын талаарх арга хэмжээний тогтоол оруулж  эдгээр асуудлыг шийднэ. Энэхүү уулзалтаас гарч байгаа саналыг тусгаж Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар оруулна” гэв.

2030 он гэхэд 50000 залуусыг герман улсад сургана

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Мэргэжилтэй чадварлаг боловсон хүчнийг хэрхэн бэлдэх вэ гэдгийг тодорхойлохоор төрийн  болон төрийн бус байгууллагууд, сургуулиудын төлөөллүүд уулзалтад оролцож байна. Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийн 80 хувь нь их  дээд сургуульд ордог. Тэгээд дээд сургууль төгссөн хүүхдүүдийн ихэнх нь ажилгүй байна гэдэг харамсалтай тоо.

Өнөөдөр Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд дутагдаж байна. Өндөр технологийн үйлдвэр Монгол улсад орж ирэх үед  мэргэжлийн боловсон хүчин шаардагдах нь мэдээж. Үүн дээр Монголд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд бааз суурь, оюутан солилцоогоор явуулах, багш нарыг чадавхижуулж оюутнуудад онол болон практикийн хосолсон дадлага хийх бааз суурийг бий болгох хэрэгтэй байгаа юм. Уг нь залуучууд мэргэжлийн боловсролын сургуулийг сонгон суралцсанаар ирээдүйд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, улс орондоо баялаг бүтээнэ шүү дээ. Коллежийн оюутнууд гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлээд, өөрсдөө сургалт зохион байгуулбал чадварлаг олон мэргэжилтнүүд түрэн гарна. “Ажилсаг Монгол” хөтөлбөр 2017 оноос эхэлж хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 2030 он гэхэд 50000 залуусыг герман улсад 3-4 жилээр мэргэжил дээшлүүлэх, суралцах боломжтой” гэж байлаа.

Зах зээлд хэрэгтэй байгаа мэргэжлийг маш сайн эзэмших хэрэгтэй

Монголын ажил олгогч эздийн  нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар

Монголын ажил олгогч эздийн  нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар ‘Хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй эрэлттэй, мэргэжил эзэмшээгүй учраас дипломтой ажилгүйчүүд их байна. Орчуулагч, эдийн засагч, хуульч, аялал жуулчлалын менежер гэх мэргэжлүүд бол нийгэмд ихдээд байна шүү дээ. Өнөөдөр Монголын хөдөлмөрийн зах зээлд уул уурхайн инженер, нийтийн хоолны технологич  зэрэг мэргэжил эрэлттэй байна. Энэ л  салбарт мэргэжлийн ажилчин дутагдаж байна. Хэрэггүй мэргэжил эзэмшиж байхаар хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй байгаа мэргэжлийг маш сайн эзэмших хэрэгтэй” гэв

Хүн болгон их дээд сургуульд суралцахыг илүүд үзэх болж

Барилгын политехникийн коллежийн захирал Г.Нямдулам

Барилгын политехникийн коллежийн захирал Г.Нямдулам

-Жилд хэчнээн хүүхэд төгсдөг вэ?

-Манай сургуулийг жилд 800 хүүхэд төгсдөг. Анхан шатны мэргэжлийн ангид арван мэргэжлээр 2.5 жилийн хугацаатай суралцаж, төгсдөг. Төгсөгчид маань ихэвчлэн дадлага хийж байгаа байгууллагадаа ордог. Сүүлийн гурван жилийн судалгаагаар нийт төгсөгчдийн 70 гаруй хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна.

-Сурлага муутай эсвэл сахилгагүй хүүхдүүд коллежи, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг гэх ойлголт нийгэмд их түгээмэл байдаг. Энэ хандлага өөрчлөгдсөн бол уу?

-Ер нь сүүлийн жилүүдэд тийм хандлага ажиглагдаж байгаа. Боловсролын салбарын гажуудал гэж нэрлэж болохоор. Хуучин социализмын үед мөрдөж байсан есдүгээр ангид нь улаан шугам татаад, шугамаас доогуур жагссан хүүхдүүд коллежид орж ажилтан бэлтгэдэг байсан тогтолцоо руугаа эргэж орох хэрэгтэй. Улс орон мэргэжилтэй ажилтан, инженер техникийн ажилтангүйгээр  хөгжихгүй. Хүн болгон их, дээд сургуульд суралцахыг илүүд үзэх болж. Ерөнхий боловсролын сургуулиуд улаан шугам гэх зүйлийг бараг тогтоохоо больсон. Улсаас нэг хүүхдэд ноогдох зардлыг нь бодоод аль болох хасалт хийхээс татгалздаг болсон. Эдгээр нь төрөөс бодлогоор л зохицуулагдах асуудлууд юм даа”

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн Азийн хөгжлийн банктай хамтран мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага буюу коллежийн материаллаг баазыг бэхжүүлэх тал дээр хамтран  ажиллаж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж