Сонгуульд нэр дэвшигчид өөр зорилго тээж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Сонгуульд нэр дэвшигчид өөр зорилго тээж байна гэв

Сонгуульд нэр дэвшигчид өөр зорилго тээж байна гэв

Оросын ард түмний хувьд ирээдүйгээ тодорхойлсон сонголт хийх өндөр хариуцлагатай өдөр гуравдугаар сарын 18-нд тохионо. Учир нь энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Сонгуульд өрсөлдөхөөр нийт найман нэр дэвшигч албан ёсоор бүртгүүлсэн. Одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин бие даан нэр дэвшиж байгаа бол, бусад нь аль нэг нам, эвслээс нэр дэвшиж байна.

2018 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид:

Бүх Оросын Олон Нийтийн Судалгааны Төвөөс (ВЦИОМ) 2018 оны гуравдугаар сарын 11-нд зарласан судалгааны дүнгээр урьдчилсан байдлаар одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин нийт сонгогчдын 69-73 хувийн саналыг аван жагсаалтыг тэргүүлж байна. Түүний араас ОХУ-ын Коммунист намаас нэр дэвшиж буй Павел Грудинин 10-14 хувийн саналтай, Оросын Либерал-Ардчилсан намын дарга Владимир Жириновский 8-12 хувийн саналтай, “Иргэний Санаачилга” намаас нэр дэвшиж буй, оросын телевизийн од, Санкт-Петербург хотын анхны даргын охин Ксения Собчак 2-3 хувийн саналтай, “Яблоко” намын дарга Григорий Явлинский 1 хувийн саналтай айргийн тавд багтсан байна. Үлдсэн гурван нэр дэвшигчийн хувьд тэд 1 хувь хүрэхгүй санал авах төлөвтэй байгаа тул хэн нь хэдэд дараалсныг чухалчлан авч үзсэнгүй. Судалгааны дүнгээр сонгогчдын ирц 63-67 хувьтай байх төлөвтэй байна.

Нэр дэвшигчдийн ихэнх нь сонгуульд ялахын төлөө биш, харин өөр ямар нэгэн зорилго агуулан орж байгаа бололтой гэж шинжээчид үзэж байгаа аж. Учир нь бодит байдал дээр одоогийн Ерөнхийлөгч Владимир Путины ялах магадлал бусад нэр дэвшигчдээс хол давсан нь илт байгаа тул тэд ялалт байгуулахаас илүүтэйгээр өөрсдийн улс төрийн байр сууриа бататгах, эсвэл шинээр нам байгуулах, сонгуулийн дараа бүрэлдэх шинэ Засгийн газарт орох, аль эсвэл аль нэг орон нутагт өөрийн нөлөөгөө тогтоох гэх мэт ямар нэгэн зорилгодоо хүрэхийн тулд сунгаанд оролцож байгаа нь илэрхий байна гэж олон нийт болон оросын нөлөө бүхий хүмүүс үзэж байна.

Нэр дэвшигчдийн талаар хэвлэл мэдээллийн албадууд дараах байдлаар товч тоймлосон байна. BBC агентлаг бичихдээ:

Сергей Бабурин – Оросын Бүх Ард Түмний Нэгдэл (РОС) намаас нэр дэвшигч

1990-ээд оны нэртэй улс төрч. Одоо бол тийм ч алдартай биш. 1990-ээд онд ОХУ-ын Төрийн ДУМ-ын дээд зөвлөлийн гишүүн, дэд даргын албан тушаалыг хашиж байсан нэгэн. ДУМ дахь ажлаа арван жилийн өмнө хүлээлгэн өгсөн бөгөөд дахин хаана ч сонгогдох боломж нь олдоогүй юм. 

Бабурин “Оросын Бүх Ард Түмний Нэгдэл” гэх үндэсний-консерватив намыг үүсгэн байгуулагч. Москва хотод болсон “Орос марш” нэртэй үндэсний үзэрхэг жагсаалуудын зохион байгуулагчдын нэг байсан.

Павел Грудинин – ОХУ-ын Коммунист намаас нэр дэвшигч

Хамтын аж ахуйн дарга, гэнэтийн байдлаар Оросын коммунист нам нэрийг нь дэвшүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн тооцоолоогүй, гэнэтийн нэр дэвшигч. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нам нь түүний нэрийг дэвшүүлэх хүртэл өөрийн санаагаа олон нийтэд огт мэдээлж байгаагүй.

Оросын хамгийн алдартай гүзээлгэнэ тарьж ургуулдаг “Лениний нэрэмжит” хамтын аж ахуйн дарга. Гэхдээ саяхныг хүртэл Грудинин коммунистуудад ямар ч хамаагүй байсан. 2000 онд нэр дэвшигч Владимир Путины итгэмжлэгдсэн хүн байсан. 2010 он хүртэл ‘Единая Россия’ намын гишүүн байв. 

Түүний талаар телевиз, хэвлэл мэдээллээр хамгийн их сөрөг мэдээлэл цацагдаж байгаа. Грудинин гадаад улсад байдаг дансуудаа мэдээлэхээ мартсан, хилийн чанадад амарч, зугаалсан, хамтын аж ахуйнхаа газрыг зардаг байсан гэх мэтээр хэвлэл мэдээллээр шуугиж байгаа. Тэрхүү өөрөө эдгээр шүүмжлэлд маш огцом няцаалт хийдэг. Иосиф Сталиныг сүүлийн 100 жилийн хамгийн шилдэг удирдагчаар нэрлэсэн хүн.

Владимир Жириновский – Оросын Либерал-ардчилсан намаас нэр дэвшигч

Хэт үзэлтэй популист. Сонгуульд  зургаа дахь удаагаа оролцож байна. 2004 онд  өөрийнхөө оронд бие хамгаалагчаа дэвшүүлж байсан түүхтэй.
Оросын Либерал-ардчилсан намын байнгын удирдагч, урьд нь таван удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан боловч нэг ч удаа ялах нь битгий хэл хоёрт ч орж үзээгүй.

Байнга ялагддаг боловч бүх төрлийн сонгуульд оролцож явдаг. Магадгүй, сонгуульд нэрээ дэвшүүлснээр намдаа төрөөс санхүүжилт олж авдаг байх. Аль эсвэл Засгаас түүнд бэлэглэж байгаа Москва хотын төвд байрлалтай барилгын төлөө ч байж магад гэсэн яриа гараад байгаа.

Өмнөх сонгуулиар авсан саналууд:

1996: 5,7%
2000: 2,7%
2008: 9,35%
2012: 9,35%

Владимир Путин – одоогийн ерөнхийлөгч

Гурван удаа Оросын Ерөнхийлөгчөөр сонгогдсон, одоо дөрөвдөх удаагаа болохоор өрсөлдөж байна. Болох ч болно. 

2000 оноос хойш дөрөвдөх удаагаа Ерөнхийлөгч болох гэж байна. Нэг удаа түр хугацаагаар Ерөнхийлөгчийн суудлаа орхин Медведевт дөрвөн жил суудлаа өгсөн. Тэгээд дахин сонгогдсон.

Тухайн үед Путиныг гурав дахь удаагаа Ерөнхийлөгчийн суудалд суухад шүүмжлэгчид үндсэн хууль зөрчиж байна хэмээн анхааруулж байсан боловч Сонгуулийн Төв Хороо нь үндсэн хуулийн заалтыг тайлбарлахдаа дараалан хоёроос олон удаа сонгогдож болохгүй гэсэн утгатай хэмээн тайлбарлаж байжээ.

Энэ удаагийн сонгуульд мөн ялах нь гарцаагүй байна. Олон нийтийн санал асуулгаар түүнийг нийт сонгогчдын 70 орчим хувь дэмжих төлөвтэй байна. Бие даан нэр дэвшигч.

Өмнөх сонгуулиар авч байсан саналууд:

2000: 53%
2004: 71,31%
2012: 63,6%

Ксения Собчак – ‘Иргэний Санаачилга’ намаас нэр дэвшигч

Олонд маш их танигдсан, гэхдээ тийм ч алдартай биш.

Путинтэй тохироо хийн сонгуульд оролцож байгаа боловч үүнийгээ үгүйсгэдэг. 90 гаруй хувийн олны танил, телевизийн хөтлөгч, Владимир Путины дарга асан Санкт-Петербург хотын даргын албан тушаал хашиж байсан Анатолий Собчакийн төрсөн охин.

Нэрээ дэвшүүлэхийн өмнө Собчак Путинтай уулзаж өөрийгөө хэрхэн нэр дэвшүүлэх талаар хэлэлцэж байсан. Түүний хэлснээр, Путин дургүй байсан. Хэвлэл мэдээлэл болон дотныхны мэдээлж байгаагаар сөрөг хүчин болох Алексей Навальный-гаас олны анхаарлыг татах зорилгоор Кремлийн гүнээс түүний нэрийг сонгосон.

Нэр дэвшигчид дундаас хамгийн радикал үзэл бодлыг илэрхийлдэг. Хууль зүйн үүднээс Крым бол Украйных гэж үздэг, бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалах асуудлыг хөнддөг, Чечений удирдагч Рамзана Кадыров болон оросын үнэн алдартны төвийг шүүмжилдэг.

Нэр дэвших зорилгоор ‘Иргэний Санаачилга’ намд элссэн.

Максим Сурайкин – ‘Оросын Коммунистууд’ намаас нэр дэвшигч

Нөхөр Максим, ОХУ-ын Коммунист намыг хорлон сүйтгэх зорилготой намын цорын ганц олны танил гишүүн.

‘Оросын коммунистууд’ Оросын хоёр дахь том нам болох коммунист намд ямар ч хамаагүй. Сурайкин тус намаа анх 2012 онд 500 гишүүнтэй нам байгуулах боломжтой болоход бүртгүүлсэн.

ОХУ-ын Коммунист нам, хуучин Зөвлөлт Холбоот улсын Коммунист намын залгамж. Сурайкины байгуулсан намыг хорлон сүйтгэгч нам гэж нэрлэдэг. ОХУ-ын Коммунист нам намынхаа билэг тэмдэгийг ашигласан гэж ‘Оросын Коммунистууд’-ыг шүүхэд өгч байсан ч ялагдсан байдаг.

Борис Титов – Өсөлтийн намаас нэр дэвшигч

Одоогийн Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч боловч ерөнхийлөгчтэйгээ өрсөлдөж буй.

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг хариуцсан Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Борис Титов өнгөрсөн зун л сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэж ярьж байсан нэгэн. Гэсэн хэдий ч 12 сар болоход бодлоо өөрчилсөн бололтой. Титовын гэр бүл ‘Абрау-Дюрсо’ оргилуун дарсны үйлдвэр эзэмшдэг, харин Титов өөрөө энэхүү компанийн захирлуудын зөвлөлийн даргаар олон жил ажилласан.

Титов – Өсөлтийн намын тэргүүн. ДУМ-ын сонгуульд тус нам 1,29 хувь санал авсан. Түүний өөрийх нь рейтинг 1 хувь ч хүрэхгүй. АНУ-ын Сангийн яамны “Кремлийн тайлан”-д Титовын нэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнаар дурдагдсан байдаг.

Григорий Явлинский – Алим буюу ‘Яблоко’ намаас нэр дэвшигч

1990-ээд онд олны танил болсон “Яблоко” намын удирдагч, сүүлийн 15 жилд нэг ч удаа Төрийн ДУМ-д орж чадаагүй. ‘Яблоко’ намын үүсгэн байгуулагчдын нэг, ерөнхийлөгчийн сонгуульд 1996 болон 2000 онуудад хоёр удаа оролцож байсан.

2012 онд гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргасан боловч Сонгуулийн төв хороо гарын үсэг хангалтгүй цуглуулсан гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзсан (тухайн үед 2012 онд парламентын бус намаас нэр дэвшихийн тулд нэг сая гарын үсэг цуглуулах шаардлагатай байв).

Өмнөх сонгуулиар авсан саналууд:

1996: 7,34%
2000: 5,8%

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж