МАХН гурван намтай "нэгдэв"

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

МАХН гурван намтай "нэгдэв"

МАХН гурван намтай "нэгдэв"

Монгол ардын хувьсгалт нам, Иргэний зориг ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам, Монголын ногоон намын төлөөллүүд өнөөдөр /2018.03.14/ Шинэ дээд үндсэн хуулийн төслийг дэмжих тунхаг бичигт гарын үсэг зурлаа.

Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг:

-Өнөөдөр Монгол хүн хөсөр хаягдан, хүн шиг амьдрахын тулд хилийн чанадад хэдэн арван мянгаараа дүрвэж байна. Өлөн зэлмүүн амьдралаа шүд зуун тэсч, МАНАН хэмээгчийн олон жилийн худал хуурмагт итгэсээр тэвчээрээ барж байна. Монгол Улсад нөөц баялгийн төлөө цусгүй дайн өрнөж энэ дайны хөлд ард түмэн үрэгдэж байна. Цусгүй дайн өдөөгчид бол МАНАН юм. Тэдний эсрэг сонгуулиар хариуцлага тооцох төдий бус ургаж, үржих боломжийг хазаарлах хэрэгтэй. 1992 оноос хойш бүх эрх мэдэл ард түмний гарт бий гэсэн атлаа нийгмийн хоёрхон хувь нь шим шүүс хүртэж байна. Ард түмний алдагдсан эрхийг бид Шинэ дээд үндсэн хуулиар л авч ирж чадна. Бид Монгол хүнээ эрдэнэ лугаа дээдэлдэг, хамгаалдаг нийгмийг хүсч байна. МАНАН-гаас бусад дөрвөн нам Монгол түмнийхээ есөн цагаан хүслийг бэлгэдсэн энэ үйлсэд идэвхийлэн оролцохоор шийдвэрлэж байгаад Иргэний зориг ногоон намын мянга мянган гишүүд талархаж байна.
 

Монголын ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Ренчинпагма:

-Аливаа төрт улсын бүрэн эрхийг тодорхойлдог гурван үндсэн шалгуур  байдаг. Эдгээр нь хүн ам, газар нутаг, төр засаг юм. Аль нэг нь доройтон сулрахад тусгаар тогтнол ганхдаг тул аль аль нь чухал. Өнгөрсөн 28 жилийн түүхэнд ардчилсан төр эмхлэн байгуулах үйл явц хэт удааширч, нийгэм, эдийн засаг улс төрийн гажуудал бий болсноор оршихуйн үндэс газар нутаг маань экологийн эвдрэл сүйрэлд нэрвэгдэж, эх орондоо тайван сайхан амьдрах нь иргэдийн хувьд үл гүйцэлдэх мөрөөдөл мэт болсон. Өөрөөр хэлбэл, тусгаар бүрэн эрхт улс байх нөхцөл булингартаж байгааг бид өдрөөс өдөрт харж, сонсч, мэдэрч байна. Парламентад суудалгүй дөрвөн нам нэгдэн эх орондоо жаргалтай амьдрах гэгээн зорилтыг агуулсан Монгол Улсын Дээд үндсэн хууль буюу конституцыг бүрэн утгаар нь боловсруулж, батлуулах их үйлсэд нэгдлээ. Ингэхдээ ард түмний хүсэл эрмэлзлийг бүрэн тусгасан,  нийгмийн баримжаат, ардчилсан төрт улсыг цогцлоох жинхэнэ язгуур хууль байх болно хэмээн итгэж байна.

Монгол ардын хувьсгалт намын дарга Н.Энхбаяр:

-МАХН шинэ Дээд үндсэн хуулийн төслийг эрдэмтэн судлаачидтай хамтарч боловсруулсан. Энэ төслийг манай намаас гадна улс төрийн гурван нам дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Яагаад гэвэл, Үндсэн хуулиа дагаад тогтолцоо бий болдог. Муу Үндсэн хууль байвал муу тогтолцоо бий болдог. Тэгэхээр одоо амьдралаа сайхан болгохын тулд аль нэг намыг муулах биш, Үндсэн хуулиа өөрчлөх ёстой. Байгалийн баялгийг ард иргэдэд өмчлүүлэх, шударга шүүхийг тогтоох, улс төрийн намуудыг хариуцлагатай болгох, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгоё гэвэл бид Үндсэн хуулиа өөрчлөх ёстой. Өнөөдрийн хуульд үнэгүй болгох талаар бичээгүй учраас үнэ төлбөртэй байгаа юм. Шинэ Дээд үндсэн хуулийг батлуулах ажил маань сайхан болвол Монгол хүн бүр төр засгаа өөрсдийн хүсэл эрмэлзлээр зохион байгуулдаг, эргээд төр засгийнхаа хамгаалалтад ордог, Монгол хүн эх орондоо эзэн болж амьдарч чадна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж