ЦЕГ: Нэгдүгээр эгнээнд тавьсан хяналт хууль зөрчөөгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Нэгдүгээр эгнээнд тавьсан хяналт хууль зөрчөөгүй

ЦЕГ: Нэгдүгээр эгнээнд тавьсан хяналт хууль зөрчөөгүй

Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-аас өнөөдөр /2018.03.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ өдрүүдэд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчихтой холбоотой мэдээлэл нэлээд гарсан. Үүний дагуу ЦЕГ-ын Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Э.Бөхбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.


Тэрбээр “цагдаагийн байгууллага болон бусад аж ахуй нэгж байгууллагуудын нэр хүнд рүү халдсан буруу ташаа мэдээлэл цахим сүлжээнд их түгээх боллоо. Эдгээрийн нэг нь 2012 онд НИТХ-ын хурлаар баталсан авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл зорчихоор журам гаргасныг хүчингүй болгосон гэсэн ташаа мэдээлэл явж байна. Цагдаагийн байгууллага  хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Бидний зүгээс нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд тавьж буй хяналт нь хууль зөрсөн үйлдэл биш гэдгийг хэлье.

Цахим сүлжээгээр явж буй асуудал бол тухайн иргэний нэг удаагийн гаргасан зөрчил дээрх шүүхийн гаргасан шийдвэр гэж ойлгох хэрэгтэй. Тухайн үед нэхэмжлэгч нь орон зай цаг хугацааны хувьд өөрөө байгаагүй өөр газарт байсан нь тогтоогдсон.

Нэгдүгээр эгнээгээр зорчих асуудлыг цагдаагийн байгууллага үүргийнхээ хүрээнд хяналт тавин үргэлжлүүлэн ажиллах болно. Тиймээс иргэд цахим орчинд тархаж байгаа мэдээллээс үнэн зөв мэдээллээ сонгож уншихыг зөвлөж байна.

Энэ төрлийн зөрчил нэлээдгүй их гардаг. Хөдөлгөөнд оролцож байгаа энэ олон мянган тээврийн хэрэгслүүд зам дээр зэрэгцээд явах юм бол замбараагүй нөхцөл байдал үүснэ. Үүнийг дагаад зам тээврийн осол гарах нөхцөл бүрдэх магадлалтай. Тэгэхээр хөдөлгөөний менежмент хийхгүй бол хүний амь нас эрсдэх, эд хөрөнгөөр хохирох гэх мэт асуудал гарна. Үүнээс урьдчилан сэргийлж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа” гэв.

Үүний дараа ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Жи таймс” сүлжээтэй сүлжээтэй холбоотой хэргийг та бүхэн мэдэж байгаа байх. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгах ажиллагаа дуусах шатанд явж байна. Тиймээс “Жи таймс” сүлжээний хохирогчдыг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн байцаах албанд энэ сарын 20-оос өмнө ирж хэргийн материалтай танилцана уу” гэж мэдээллээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж