Палестины Ерөнхий сайд Рами Хамдаллаг өчигдөр Газын зурваст айлчлах үеэр амь насанд нь халдахыг завджээ. Цэвэр усны байгууламжийн нээлтэд оролцохоор явж байсан Ерөнхий сайд Рами Хамдаллагийн машины цуваа Израил-Палестины хилийн шалганы хажуугаар өнгөрөхөд бөмбөг дэлбэрч, нэг машины цонх хагарсан байна.
Дэлбэрэлтийн улмаас хүний амь нас хохироогүй. Ерөнхий сайдын цуваанд Палестины удирдагч Махмуд Аббасын дотны нөхөр Дотоод хэргийн сайд Мажид Фараж мөн явж байсан гэнэ.
Палестины Ерөнхий сайд Рами Хамдалла цэвэр усны байгууламжийн нээлтэд хэлсэн үгэндээ “Энэ халдлага намайг Газын зурваст нэвтрэхэд саад болохгүй” гэжээ.
Газын зурваст гарсан энэхүү дэлбэрэлтийг Исламын алан хядагч Хамас бүлэглэл үйлдсэн байж болзошгүй хэмээн Палестины эрх баригчид сэжиглэж байгаа гэнэ. Израил, Египетийн хоригийн улмаас Газын зурваст хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрснөөр Израил-Палестины энхийн хэлэлцээ үндсэндээ зогссон билээ.
Эх сурвалж: Agence France-Presse