Эрдэс, амин дэмийн дутагдлыг баяжуулсан хүнсээр нөхнө

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Эрдэс, амин дэмийн дутагдлыг баяжуулсан хүнсээр нөхнө

Эрдэс, амин дэмийн дутагдлыг баяжуулсан хүнсээр нөхнө

УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2018.03.13/ Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт сүү, давс, гурил үйлдвэрлэгч аж ахуй нэгж болон мэргэжлийн судлаач, их дээд сургуулиудын төлөөлөл оролцож, саналаа хэллээ. 

УИХ-ын гишүүн А.Ундраа, Г.Тэмүүлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нар дээрх хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьж, чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн юм.

Судалгаанаас үзэхэд Монгол Улсын хүн амын хүнсээр авч буй шаардлагатай эрдэс, амин дэмийн хэрэглээ хоногт  хэрэглэх хэмжээ хүрэхгүй байна. Тухайлбал, амин дэм В1-70,8, В2-77,6, B6-59,5, С-30.8, А-93,5, кальци-69 хувийн хэрэглээтэй байна. Хүн амын эрдэс, амин дэмийн дутагдлын судалгааг түүвэрлэн авч үзвэл 7,4 хувь нь иодын, 28,5 хувь нь гемоглобины, 21,4 хувь нь төмрийн, 32,4 хувь нь А, 42,4 хувь нь Д амин дэмийн дутагдалтай байгааг тогтоожээ.

Эрүүл мэндийн яамнаас 2016 онд явуулсан хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар 0-5 насны хүүхдийн 4,7 хувь өсөлтийн хоцрогдолтой, 15-64 насны хүн амын 54,4 хувь нь жингийн илүүдэлтэй, 26-64 насны хүн амын 61,7 хувь нь цусан дахь холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй, нас баралтын 80 хувь нь зохисгүй хооллолтоос үүдэлтэй байсан аж.  Тиймээс  Баяжуулсан хүнсний тухай хуулиар дамжуулан хүнсний шимт, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, улмаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах нийгмийн, импортын хүнсний бүтээгдэхүүнийг орлох, улмаар өөрийн орны байгалийн гаралтай нөөцийг ашиглан баяжуулсан бэлдмэл гарган экспортлох нь эдийн засгийн ач холбогдолтой гэдгийг төсөл санаачлагчид хэллээ.

Хүнсний чиглэлээр ялангуяа гурил, сүү үйлдвэрлэгчдийн зүгээс баяжуулсан хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдөө санаачлан үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тухайлбал, сүү үйлдвэрлэгчид сүүгээ баяжуулах, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө өргөжүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн гурил үйлдвэрлэгч компаниуд зарим төрлийн гурилаа баяжуулж байгаа аж. Баяжуулсан хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдээ дэмжих, төрийн зөв бодлогоо хуульд тусгах нь чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж