Түлэнхийн төв энэ намар ашиглалтад орох ёстой ч....... | News.MN

Түлэнхийн төв энэ намар ашиглалтад орох ёстой ч…….

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Түлэнхийн төв энэ намар ашиглалтад орох ёстой ч…….

Түлэнхийн төв энэ намар ашиглалтад орох ёстой ч…….

Ээж, аавд нь юу гэж хэлэх билээ

Бяцхан охины биеийн талаас илүү хувь түлэгджээ. Түүний бие боолт сольж буй сувилагчдын гарын аясаар хөдлөх бөгөөд охин нэг ч удаа уйлсангүй. Учир нь, өвдөлтөө дааж ядан чарлах түүнд  унтуулах тариа хийжээ. Одоо түүний гар, хөл, толгой нь эзэнгүй мэт нолжийно. Боолтны өрөөний гадна түүний эмээ Л.Цоожилмаа зогсож байлаа. Ач охиныхоо өмнөөс санаа зовнисондоо тогтож ядан холхих түүнээс охин түлэгдсэн шалтгааныг лавлав. Эмээ охины хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумаас ГССҮТ (Гэмтэл согог судлалын үндэсний төв)-ийн Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийг зорьж иржээ. Ирээд нэг хонож байгаа юм байна. Охины ээж, аав отроор явсан бөгөөд энэ хооронд ой гурван сартай охиныг эмээ нь харж байжээ. Хөдөөгийн дундардаггүй их ажлын хажуугаар охиныг харж байсан эмээ охиноос алхам холдоод эргэж харахын завдалгүй охин дэргэдээ байсан халуун савтай цайг өөр рүүгээ татснаас ийн түлэгджээ. Л.Цоожилмаа эмээ “Охиноо түлчхээд гавьяа байгуулсан мэт юу ярих билээ. Би их муу эмээ юм. Охин маань их хурдан хөдөлгөөнтэй. Эргэж харахын хооронд л халуун савтай цайг өөр рүүгээ татсан. Одоо ээж, аавд нь юу гэж хэлэх билээ” гэв.

Архинаас л нэг боллоо

Эмнэлгийн хонгилд гар, хөл, толгойгоо бинтээр ороосон өвчтөнүүд хэвтэж байлаа. Тэдний нэг нь Сэлэнгэ аймгийн Түнхэл сумаас ирсэн Д.Э. 50 гаруй настай түүний гарын арьс бага зэрэг хууларч, ягаарчээ. Харин хөл дээгүүрээ хөнжил нөмөрсөн байлаа. Түүнээс юу болсныг асуув. Тэрбээр “Хоёрдугаар сарын 15-нд гэрээс гарж яваад хөлдсөн. Хоёр хөлөө хөлдөөсөн. Энд ирээд 10 гаруй хонож байна. Одоо хоёр хөлөө тайруулахаар энд байж байна. Архинаас л нэг боллоо. Би малчин хүн. Тэр бүр уугаад байдаггүй. Зав ч байдаггүй юм. Дуртай болохоороо баяр ёслолын үеэр амсаад, нэг л мэдэхэд хэтрүүлээд хэрэглэчих юм” гэсэн юм.

Өвдсөндөө уйлах, орилох хүний дуу тасардаггүй

Өвдсөндөө уйлах, уйлсаар тамиргүй болж нолжийсон хүүхдээ тэвэрч, үүрсэн эцэг, эх хонгилоор холхино. Тэднээс гурав орчим настай хүүгээ үүрсэн ээжийг түр “саатууллаа”. Хүүгийн гарыг сойжээ. Хүүгийн ээжээс юу болсныг асуухад “Хөдөөнөөс хотод айлд ирээд байж байтал хүү маань хашаанд нь байсан химийн хоронд гараа түлчихсэн. Гадаа тоглож байсан хүү маань гэнэт орилсон. Би гүйсээр очиход хүүгийн гарт цавуу наалдсан мэт харагдсан. Гэрт оруулж ирээд угаатал арилахгүй, арьс нь хар лак наалдсан мэт болсон. Тэгээд энэ эмнэлэгт ирсэн. Бямба гаригт бид хоёр хэвтсэн. Манай өрөөнд 10 хүүхэд бий. Эмнэлэгт өдөр ч, шөнө ч хүн маш их ирдэг юм байна. Өвдсөндөө уйлах, орилох хүний дуу тасардаггүй. Ихэнх нь халуун тогоо, ус буцалгагчид түлэгдсэн байдаг юм билээ. Эмч нар тэр дор нь эмчилгээ хийж, хагалгаа, нөхөөс зэргээ хийлгээд уйлах нь намддаг” гэв. Хүүгийн гарыг түлэгдэлтийн гуравдугаар үе хүртэл түлсэн тэр бодис ямар учиртай хор байсныг лавлахад “Арьс, шир цэвэрлэдэг хүхэр байсан юм шиг байна лээ. Зузаан курткатай байсан тулдаа куртка түлэгдэж, гар нь арай гайгүй түлэгдсэн. Курткагүй байсан бол бүр гүн түлэгдэх байсан байх” гэсэн юм.  Харин ямар эмчилгээ хийлгэж байгааг асуухад “Найман цагийн тариа, өдөрт хоёр дусал хийлгэж байна” гэв.

А.Ерлан: 2017 онд найман хүүхэд түлэгдэлтээр нас барсан

Ингээд тус тасгийн их эмч А.Ерлантай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Танай тасгаар өдөрт хэдэн хүн үйлчлүүлж байна вэ?

-Манай тасаг 80 ортой. Уул нь 80 хүн хэвтүүлэх чадалтай. Тухайн хүний биеийн байдлаас шалтгаалаад 10-30 хоног эмчлүүлдэг. Ор хүрэлцэхгүй бол өвчтөнүүдээ коридорт хүлээж авдаг.

-Түлэгдэлт болон хөлдөлттэй хүмүүс танайд ханддаг. Өвчтөний хэдэн хувийг хүүхэд эзэлж байна вэ?

-60 хүний 38 нь 0-5 насны хүүхэд байна. Хүүхдүүд ихэвчлэн халуун тогоо, ус буцалгагчид түлэгдэж байна.

-Түлэгдсэн тохиолдолд анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ. Иргэд дур мэдэн олон арга хэрэглэх нь бий?

-Аль болох биеийн температуртай усанд түлэгдсэн хэсгийг дүрэх хэрэгтэй. Өвчин намдаах лаа хэрэглэж болно. Дараа нь эмнэлэгт хандах нь зөв. Эхнээс нь мэргэжлийн эмчид хандаж, эмчлүүлж, зөвлөгөө авбал сорви үлдэх зэрэг сөрөг үр дагавар нь багасдаг. Ардын дунд ам дамжин хэрэглэдэг арга, элсэн чихэр, саван түрхэх зэрэг нь нь түлэгдэлтийг улам хүндрүүлдэг. Эмчилгээнд сөргөөр нөлөөлдөг.

-Аль болох сорви багатай эдгээхийн тулд хэрхэх вэ?

-Насан туршдаа үлдэх сорви нь хүүхдийн өөртөө итгэх итгэл зэрэгт сөргөөр нөлөөлж, урагшлах боломжоос нь  чангааж байдаг.  Түлэгдэлт нь дөрвөн зэрэгтэй. Зэргээс шалтгаалаад сорви тогтдог. Аль болох бүдэг сорвитой эдгээхийн тулд эмчилгээний явцад сорвины эсрэг тос зэргийг цаг хугацаанд нь зөв аргаар хэрэглээд, тухайн түлэгдсэн хэсгийг наранд гаргахгүй, харшил өгөхөөр орчин бүрдүүлэхгүй байх хэрэгтэй. Хүүхэд шархаа маажчихдаг. Түүнээс болоод хоёрдогчоор шарх үүсдэг.

-Хэддүгээр зэргийн түлэгдэлттэй бол эмнэлэгт хэвтэх вэ?

-Эмнэлэгт хэвтэж байгаа бол энэ нь 3A, 3Б буюу дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэд хамаардаг. I, II зэргийн түлэгдэлт нь боолтоор эдгэдэг. Эхний хоёр шат мөртлөө биеийн 20-иос дээш хувийг эзэлсэн бол эмнэлэгт хэвтдэг. 3A, 3Б зэрэг бол эмнэлэгт хэвтэж шаардлагатай бол арьс нөхүүлдэг.

-Багтаамжаас шалтгаалаад танайхыг зориод ирсэн хүнийг буцаадаг уу?

-Бид яаралтай хэвтэх шаардлагатай хүнийг коридортоо ч хүлээж авдаг. Өвлийн улиралд түлэгдэлтээс гадна хөлдөлт ихэсдэг болохоор коридортоо хүлээж авахаас өөр арга байдаггүй.

-Эмнэлгийн тусламж авсан ч түлэгдэлтээс болоод нас барж буй тохиолдол хэр гарч байна вэ?

Манайд нас баралтын тоо өндөр байдаг. Сүүлийн үед эмчилгээ үйлчилгээний чанар, эцэг, эхийн хариуцлагатай холбоотойгоор нас баралтын тоо тодорхой хэмжээгээр буурсан. Гэхдээ 2017 онд найман хүүхэд түлэгдэлтээр нас барсан. 

-Эмнэлэг өөрийн байртай болох асуудал юу болсон бэ?

-Хэзээ ашиглалтад орохыг сайн мэдэхгүй байна. Барилга баригдаж л байгаа. Санхүүгийн асуудал нь эерэг тал руугаа шийдэгдсэн болохоор удахгүй шинэ байранд орох байх гэж бодож байна.

Тэрбээр хүүхэд түлэгдэх гол шалтгаан болж буй ус буцалгагч, халуун тогоо зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газар байлгахыг зөвлөж байлаа.

Эмнэлгийн барилгын ажил 50 гаруй хувьтай байна

Амь тэмцэн, аврал ирэх өвчтөнөөр тасардаггүй уг тасаг үргэлж ачаалал ихтэй байдаг. Уг нь эднийх өөрийн байртай, бие даасан эмнэлэг байв. Барилгын насжилт дууссаны улмаас айлын хаяа бараадаад долоон жил болжээ. 2012 оны тавдугаар сард Түлэнхийн төв нь ГССҮТ-ийн байранд шилжиж ирсэн. Гэвч ачаалал нь дийлдэхгүй байсан тул хагас жил болоод “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү нүүлгэж, сарын 28 сая төгрөгийн түрээс төлж байв. Тус эмнэлгийн шаардлагаар жил гаруй болоод байрыг нь суллаж өгснөөр дахин ГССҮТ-д ирээд байгаа юм.

Өнгөрсөн жилийн тавдугаар сард Кувейтийн буцалтгүй тусламжаар санхүүжилтээс шалтгаалан олон жил дуншсан тус төвийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, буцалтгүй тусламжийн хүрээнд тус төвд найман сая ам.долларыг шийдвэрлэж. 6.8 саяыг нь барилгад, үлдсэн 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн билээ. Түүнээс өмнө Засгийн газраас уг барилгад 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байсан юм.

Сүхбаатар дүүргийн VII хороонд баригдаж буй уг барилга дээр очлоо. Хашаалсан барилга дотор хүн байсангүй. Барилгын ажил эхлээгүй бололтой. Тиймээс энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Гэрээний дагуу гүйцэтгэгч компани энэ оны есдүгээр сарын 30-нд барилгыг хүлээлгэж өгөх ёстой. Санхүүжилтийн асуудал шийдэгдсэн болохоор барилгын ажилд яамны зүгээс үүсгэж буй ямар нэгэн асуудал байхгүй. Гүйцэтгэгч компани ажлаа хэрхэн гүйцэтгэхээс шалтгаална. Одоо барилгын ажил 50 гаруй хувьтай байгаа. Дулаарсан болохоор одоо л барилгын ажил эхлэх байх” гэв.

“ЭЗТ”гүйцэтгэгч компанийн захирал З.Цолмонтой утсаар холбогдон энэ талаар тодруулахад “Барилгын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ. Гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг хүлээлгэн өгөхөөр ажиллах болно” гэсэн юм.

Р.Ренчиндулам

гЭРЭЛ ЗУРГИЙГ Н.батмөнх

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nam bus irgen 2018-03-14 74.120.42.194

Ali neg nam, duurgiin zasag dargin tamgiin gazrin bair barag sarin hugatsaand barigdchihdag. Emneleg surguuli tsetserlegiin barilga geheer heden arvan jil boloh yum. Mongold gaihmaar yum ih bolno shuu.

Avatar

Jagaa 2018-03-14 103.229.177.51

Tulenhiin tov gej hechneen jil yarih yum vee. Zalhaj bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж