Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн дунд шөвгийн төлөөх хариу тоглолтууд үргэлжилж байна. Шөвгийн 16-д учраа таарсан Испаний Севилья болон Английн Манчестер Юнайтед клубуудын тоглолт Манчестер хотын “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хоёр багийн эхний тоглолт 3 долоо хоногийн өмнө Севилья клубын талбайд болж 0-0 харьцаатай өндөрлөсөн. Ингээд хариу тоглолт тун сонирхолтой болж зочин баг Севилья клубын ялалтаар өндөрлөлөө.
- Манчестер Юнайтед 1-2 Севилья (гоол: Бен Йеддер 74’, 78’, Р.Лукаку 84’)
Манчестер Юнайтед: де Хеа, А.Валенсиа (Х.Мата 77‘), Э.Бэйли, К.Смоллинг, Э.Янг, М.Феллайни (П.Погба 60‘), Н.Матич, М.Рашфорд, Ж.Лингард (А.Марсиал 77‘), А.Санчес, Р.Лукаку
Севилья: С.Рико, Г.Меркадо, С.Кьер, К.Лангле, С.Эскудеро, Е.Банега, С.Нзонзи, П.Сарабиа, Ф.Варкуэз (Г.Пизарро 87’), Х.Корреа (Ж.Гейс 89’), Л.Мурьель (Бен Йеддер 72’)
Талбайдаа тоглож буй Манчестер Юнайтед клуб тоглолтын санаачлалыг илүү аван тоглож байсан ч Севилья клубын дасгалжуулагч В.Монтеллагийн хийсэн мэдрэмжтэй сэлгээ үр дүнгээ өгч багтаа ялалтыг авчирсан. Довтлогч Л.Мурьельгээр сэлгэгдэн талбайд гарч ирсэн Франц довтлогч Бен Йеддер талбайд гараад удалгүй 4 минутын зайтай 2 гоолыг де Хеагийн хаалганд оруулсан. Ингэснээр Севилья баг тоглолтыг 2-0 харьцаатай тэргүүлж эхэлсэн. Үлдсэн хугацаанд Манчестер Юнайтед клуб дараагийн шатанд шалгарах гэвэл заавал 3 гоол оруулах даалгавартай болсон. Гэвч Севилья клубын хамгаалалт ажлаа сайн хийж ердөө ганц гоолыг хаалгандаа алдсан. Ийнхүү Севилья клуб Аваргуудын лигийн давдаггүй даваагаа давж 60 жилийн дараа дунд шөвөгт шалгарлаа. Севилья клуб 2016-2017, 2009-2010, 2007-2008 онд шөвгийн 16-д шалгарч байсан. Харин дунд шөвөгт 1957-1958 оны улиралд шалгарч байжээ.
Б.БЯМБАБАЯР