Нэгдүгээр эгнээгээр зорчвол торгуулна

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр эгнээгээр зорчвол торгуулна

Нэгдүгээр эгнээгээр зорчвол торгуулна

Боловсролын их сургуулийн дэргэдэх автобусны буудалд өглөөний 08.00 цагт 30 гаруй хүн автобус хүлээн зогсоно. Тэд ажил, хичээл рүүгээ яаран автобус ирэхийг нүдээ салгалгүй ширтэнэ. Автобуснууд ойролцоогоор 5-10 минутын зайтай ирэх ч нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус, түргэн тусламж, цагдаагийн машин, такси зорчино гэсэн журам үйлчлэхээ хэдийнэ больжээ. Жижиг суудлын тэрэгтэй зэрэгцэн автобуснууд нэгдүгээр эгнээгээр зүтгэнэ. Автобусны буудалд нийтийн тээврийн автобус ирээд зорчигчоо буулгаж, суулгаад хөдлөх болоход жижиг тэрэгнүүд хөдлөх боломж олгохгүй хүлээлгэх аж.  

Нийслэлийн замын хөдөлгөөний хэт ачааллыг зохицуулахын тулд 2012 оноос эхлэн Таван шараас Офицеруудын ордон хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус, троллейбус, такси, түргэн тусламж, Галын болон цагдаагийн машин,хүүхдийн автобус зорчдог болсон.

Энэ шийдвэр хэрэгжсэнээр автобусны иргэдэд үйлчлэх эргэлтийн хугацаа багасаж, 40-45 минут зорчдог байсан газарт 30-35 минут зорчих боломжтой гэсэн судалгааг гаргаж байжээ.  Журам эхэн үедээ ч сайн хэрэгжсэн байна. Мөн Зөрчлийн хуулиар журамд зааснаас бусад тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчвол торгууль оногдуулахаар заасан аж.  

Гэвч Монголын хууль гурав хоног үйлчилдэг гэдэгчлэн нэгдүгээр эгнээгээр явж буй автобусны ард, урдуур жижиг тэргүүд дайран орж зорчиж буй иргэдийн цагийг хумсалсаар байна. Автобусны жолооч нар хэлэхдээ нэгдүгээр эгнээгээр явж байхад жижиг тэргүүд хөдөлгөөнд саад болж түгжрэлийг улам бүр нэмдэг. Тэр дундаа оюутан сурагчдын хичээл эхлэхээр түгжрэл эрс нэмэгддэг гэдгийг хэлж байв.

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 87 чиглэлд 937 автобус тээврийн үйлчилгээ үзүүлж өдөрт дунджаар 600-700 мянган зорчигч тээвэрлэж байна.

Сүүлийн өдрүүдэд нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийг торгох журам үйлчлэхээ байсан гэсэн мэдээлэл иргэдийн анхаарлыг татаж байна. Энэ талаар Замын цагдаагийн албанаас тодруулахад “ Нэгдүгээр эгнээгээр зорчиж буй тээврийн хэрэгслийг торгох журам хэвээр үйлчилж байгаа” гэв.

Энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонсож нийтийн тээврийн жолоочтой бодит байдлын  талаар цөөн хором ярилцлаа.

 Өглөө 6.40 гэхэд эцсийн буудлаасаа хөдлөөд хүмүүсээ аваад явдаг

Ж.Батчулуун “Автобус -3” баазын жолооч

Ж.Батчулуун “Автобус -3” баазын жолоочоос цөөн асуултад хариулт авлаа.

-Нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус, нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгсэл зорчино гэж заасан байдаг. Гэвч бодит байдал дээр ямар байна вэ?

-Би автобус баазад 15 дах жилдээ ажиллаж байна. Ирэх жил тэтгэвэртээ гарах ахмад тээвэрчин юм. Автобус нэгдүгээр эгнээгээр иргэдэд үйлчилнэ гэж заасан болохоор тэрүүгээр л зорчих ёстой. Гэтэл жолооч нар урдуур орж ирээд л замыг хаагаад байна. Тэр нь бид нарт их бухимдал төрүүлдэг. Нийтийн тээвэрт ажиллаж байгаа бид нар чинь дандаа л хүний төлөө ажилладаг шүү дээ. Бодит байдалд нэгдүгээр эгнээ маш их ачаалалтай байдаг. Яагаад гэхээр жолооч нар зам дээр хүн гараа өргөвөл автобусны өмнүүр дарж орж ирээд хүнээ аваад явчихдаг. Тэгж болохгүй шүү дээ. 

-Зарим иргэдийн хэлснээр нийтийн тээвэр өглөө цагтаа очихгүй байна гэж их ярьж байна л даа? Өглөө хэдэн цагаас эхний автобус хөдөлдөг юм бэ?

-Бид нар чинь өглөө 6.40 гэхэд эцсийн буудлаасаа хөдлөөд хүмүүсээ аваад явдаг. Ер нь автобусны буудал дээр жижиг тэрэг зогсох эрх байхгүй. Автобус цагаасаа хоцордог нь түгжрэлтэй холбоотой юм. Өглөө ажил эхлэх үеэр их ачаалалтай байдаг. Орой 20 цагаас ачаалал гайгүй болчихдог. Жолооч нар гэлтгүй иргэд ч гэсэн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ соёлтой хандмаар байна.

Нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явна гэдэг нь угтаа бол зөв

Баянгол дүүргийн иргэн Х.Энхсайхан

Баянгол дүүргийн иргэн Х.Энхсайхан ‘Дөнгөж саяхан би нэгдүгээр эгнээгээр явж байгаад торгуулчихлаа. Баруун дөрвөн замын Амарсайханы гудамжаар нэгдүгээр эгнээгээр явлаа гээд 10 мянган төгрөгөөр цагдаад торгуулсан. Тухайлбал, “Гранд Плаза”-гийн хажууханд хоёрдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү орох гэж байсан юм. Нэгдүгээр эгнээгээр явж болохгүйг мэдэж байна л даа. Би зүгээр олон машинууд ороод байхаар нь ардаас нь цуг орчихсон юм. Би тэр бүр дүрэм зөрчиж явдаггүй л дээ. Нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явна гэдэг нь угтаа бол зөв. Гэхдээ нэгдүгээр эгнээ чөлөөтэй, хоёр гуравдугаар эгнээ түгжрэлтэй болчхоод байгаа юм’ гэв. 

Сүхбаатар дүүргийн иргэн Э.Ган-Эрдэнэ

Сүхбаатар дүүргийн иргэн Э.Ган-Эрдэнэ ‘Нэгдүгээр эгнээгээр явж байсан. Гэхдээ торгуулж байгаагүй. Ихэвчлэн дүрмээрээ л явахыг боддог. Манай жолооч нарт ухамсар хэрэгтэй байна л даа. Урдуур дайраад л замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог юм шиг санагддаг. Гэрлэн дохиотой л уралдаад байдаг нь буруу шүү дээ. ‘Нийтийн тээврийн үйлчилгээг хурдан шуурхай байлгахын тулд гаргасан шийдвэр болохоор зөв гэж боддог’ гэлээ .

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Дашбурам

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Дашбурам ‘Нэгдүгээр эгнээгээр хааяа яаарсан үедээ явчихдаг юм. Автобус такси явах нь зөв л дөө. Гэхдээ нөгөө эгнээ явахгүй түгжрэлтэй байдаг болохоор заримдаа яах ч аргагүй нэгдүгээр эгнээгээр давхичихдаг.  Сүүлийн үед сонссоноор торгуулийн мөнгө нь 20,000 байснаа 25,000 болчихсон л гэж сонссон. Аль аль талдаа л замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь дээр байгаа юм. Автобусны зарим жолооч нар урдуур дайраад хурдтай явж л байдаг’ гэж ярилаа.

Э.Ариун 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж