Улаанбаатар хотын дэд төвийг сурвалжилсан тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын дэд төвийг сурвалжилсан тэмдэглэл

Долоон буудалд байдаг хамаатан маань “олон хүнтэй харьцаж явдаг сэтгүүлч хүн байна даа” хэмээн нэг зүйлийг асуулгажээ. Албаны хүмүүс хүрч ирэн газар болон дээр нь буй үл хөдлөх хөрөнгийг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу үнэлэн авъя гэсэн юм байна. Жижиг мкв байр шууд авахаар, арай том гэвэл урьдчилгаа төлж болохоор боломжийн үнэ хэлж л дээ. Тиймээс надаас асуулгаж. Тэгэхээр нь би ч хэллээ дээ “Бат-Үүлийн санаачилсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл ч дээ, компаниуд нь барилгаа барьж чадахгүй иргэдийг хохироогоод, эхнээсээ шүүхэд шилжээд бөөн асуудал болж байгаа шүү” гэж санууллаа. Тэгсэн “Бат-Үүлийн эхлүүлсэн тэр ажил бишээ. Азийн хөгжлийн банкны төслөөр Хотын дэд төвийг бий болгох төсөл юм” гэлээ.

Ингэж анх Хотын дэд төв төслийн тухай сонсож байлаа. Дараа нь харин албаны хүнээс энэ талаар дэлгэрэнгүй сонсож, сонссон дуулснаа та бүхэнтэй хуваалцахаар шийдсэн нь энэ юм. Улаанбаатар  хотын хөрс, агаарын бохирдол, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц зэрэг тулгамдсан асуудлууд бүрэн шийдэгдэж, хүн ардын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрэн хангах нь тус төслийн эрхэм зорилго ажээ.

Зургийн тайлбар:  Сүхбаатар дүүргийн 14дүгээр хороон дахь  26,68 Мвт хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн Дулааны станц барих газрыг чөлөөлсөн байдал. Одоогоор хоёр дэд төвд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн ажил 70 хувьтай байна.

Юуны өмнө, энэ бол НЗДТГ, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалт банкны хамтарсан “УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” юм байна. 2030 он хүртэл үргэлжлэх энэхүү төслийн нэгдүгээр үе шатанд Долоон буудал орчмын “Сэлбэ”, Баянхошууны “Баянхошуу” дэд төвүүдийн үндэс суурийг тавихад чиглэж байна.

Дэд төв гэж юу вэ? Энэ нь хот доторх хотыг бий болгоно гэсэн үг юм. Дэлхийн томоохон хотууд дотроо жижиг хотыг багтаасан байдаг. Бие даасан дэд бүтэцтэй, барилга байгууламжтай, хүний хэрэгцээтэй ажил төрөл, цэцэрлэг, сургууль бүрэн цэгцэрсэн дэд төв-хот доторх хотыг бий болгох нь энэ төслийн зорилго юм. НЭГ ТӨВТ ХОТООС ОЛОН ТӨВТ ХОТ РУУ чиглэсэн энэхүү төслийн үр дүнд Улаанбаатар хотын төвлөрөл саарч, замын ачаалал буурч, иргэдийг бухимдуулдаг замын түгжрэл багасаж, орлогод нийцсэн 10 мянган айлын орон сууцны суурь нөхцөлийг хангаж, хар зам, дулаан, цэвэр бохир усны шугам тавигдан, Дулааны станц сүндэрлэх аж. Дэд төвийн дэд бүтцийг бий болгосноор иргэд санаачилга гарган өөрийн гэр орон, амины орон сууц, барилга байгууламжаа салбарлуулан барих боломжтой болох аж. Энэ тухай НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД “Гэр хороололд Улаанбаатар хотын дэд төвийг бий болгосноор орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний төвүүд барих, иргэд өөрсдөө орон сууцаа дулаанд холбох бололцоотой төвүүдийн бүтээн байгуулалтын ажил 2018 онд нэлээн эрчимжих юм” хэмээсэн байна.

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ Д.АВИРМЭД “Уг төслийн хүрээнд Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүдийг нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчлэх худалдаа, соёлын үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дүүрэг, бүсийн чанартай төв болгохоор зорин ажиллаж байна” гэжээ.

Дэд төв бий болгох ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу орчмын 318 га газарт энэхүү төслийн нэгдүгээр шат хэрэгжинэ. Бүтээн байгуулалт эхлэхийн өмнө газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн ажил хийгдэх ёстой. Энэ дагуу одоогоор хоёр дэд төвд буй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай өрхийн 70 хувийг нүүлгэн шилжүүлсэн амжилттай ажиллаж байна. Нүүдэлчин ард түмэн сүүлийн үед нүүх дургүй болоод байгаа. Албаны хүмүүс хүрээд ирэхээр итгэхгүй, сэжиглэх байдалтай ханддаг болсон нь нууцгүй. Харин энэхүү төслийн ажилд иргэд идэвхтэй оролцож, газраа чөлөөлж байгаа нь Улаанбаатар хотын ирээдүй өнгөлөг, сайхан болно гэсэн итгэлийг хүн бүрд авчирч байна.
Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах дэд төслийг хэрэгжүүлж, УСУГ-т нэгдсэн удирдлагын СКАДА системийг дэд төвийн төслийн нэгж  байгуулж өгөөд байна. Цэвэр, бохир усны шугамын хэвийн байдлыг дэлгэцээр хянах боломжийг энэхүү систем олгодог. Дэлхийн жишигт нийцсэн системийг суурилуулснаар Улаанбаатар хотын усны асуудлыг бие даан шийдэж байгаа төрийн байгууллага маань дэлхийтэй хөл нийлүүлэх нь энээ. Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн үр дүнд дэд төвүүдэд амьдран буй иргэд сар тутмын цахилгаан эрчим хүчнээс 15-30 хувь, цэвэр уснаасаа 5-10 хувь хэмнэх тооцоо гараад байгаа. Мөн Баянхошуу дэд төвд баригдах бохирын гол коллектор шугамын барилга угсралт, Сэлбэ дэд төвд баригдах бохирын гол коллектор шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, улсын комиссод хүлээлгэн өгчээ.

Баянхошуу дэд төвд 6,57км авто зам, 2,4км үерийн хамгаалалт, 6,71км цэвэр усны шугам, 13,8км бохир усны шугам, 4,8км дулааны шугамын ажил, Сэлбэ дэд төвд 5,8км авто зам, гүүр 3, 2,3км үерийн хамгаалалт, 11,9км цэвэр усны шугам, 12,51км бохир усны шугам, 1,3км дулааны шугамын ажлын зураг төсөл, төлөвлөгөө батлагдаад, тун удахгүй газар шорооны ажил нь ундрах гэж байна.
Дулааны станцын тендерт зарлагдаж, гадаад, дотоодын компанийн түншлэл шалгаран ажилд шуурхайлан оржээ. 26,68 Мвт хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн Дулааны станц баригдсанаар 6,000 орчим өрхийн 25,400 иргэн инженерийн шугамд холбогдон, төвийн дулаанаар хангагдах нөхцөл бүрдэнэ.

Тус дэд төвүүдэд тус бүрдээ 240 хүүхдийн цэцэрлэг баригдаж, Бизнес инкубатор төв-МСҮТ-ийн барилга байгууламж баригдан, иргэдэд бизнес зөвлөгөө өгч, мэргэжилтэй залуу ажилчдыг бэлтгэн гаргах гэж байна. Орчин цагт хүн бүр их, дээд сургууль руу хошууран алтан гартай, мэргэжилтэй ажил руу бага анхаарах болсон. Гэтэл зөвхөн уул уурхайн томоохон төсөл дээр ажиллаж байгаа мэргэжилтэй ажилтан сарын 10 сая төгрөгийн цалин авах нь энүүхэнд байна. Дэд төвд баригдах Бизнес инкубатор төв-МСҮТ ч үүн рүү зорьж ажиллах аж.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.АМАРСАЙХАН “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, шинэ дүүрэг, шинэ хот бий болгох, аялал жуулчлал, санхүүгийн бие даасан төв болон хөгжихийн тулд дэд бүтцийн асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой. Дэд бүтцийг бий болгох нь дэд төвийн гол зорилт. Зорилтын хэрэгжүүлснээр нийгмийн болон төрийн үйлчилгээг шинэчлэн хүргэж, хотын эдийн засгийн чадавх сайжирч, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл нь бүрдэнэ” хэмээн дэд төвийн ач холбогдлыг өндрөөр үнэлсэн байна.

Эцэст нь та бүхэнд Орлогод нийцсэн орон сууц төслийн тухай товч мэдээлэл өгье. Хотын дэд төвүүдэд НЗДТГ-ын санаачилга, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10 мянган айлын орон сууцны дэд бүтцийн суурь нөхцөлийг хангана. 10 мянган орон сууцны дэд бүтцийг бий болгох, үндэс суурийг тавих нь дэд төвийн төслийн гол зорилт гэж ойлгож болно. Энэхүү орон сууц нь иргэдийн газрыг шууд солих нөхцөлтэйгөөр явагдана. Төслийн шууд үр дүнг нийслэлийн 100 мянган иргэн, төслийн дам үр дүнг нийслэлийн 1.4 сая иргэн хүртэж, Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдол, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц зэрэг тулгамдсан асуудлууд бүрэн шийдэгдэж, хүн ардын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрэн хангагдах юм.

С.Оюун

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж