Их Британид улс төрийн орогнолоор амьдарч байсан Оросын улстөрч, бизнесмэн Николай Глушков Лондон дахь гэртээ учир битүүлгээр нас барсан тухай Их Британи болон Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Глушков 68 настай байжээ.
Тагнуулч Сергей Скрипалыг химийн хорт бодисоор хордуулсан дуулианы улмаас Москва болон Лондон таагүй харилцаатай байгаа энэ үед Их Британид амьдарч байсан Оросын нөлөө бүхий эрхэм учир битүүлгээр амь насаа алдсан нь олон асуулт дагуулж байна.
Николай Голушков Оросын олигархи Борис Березовскийтой дотно найз, нөхдийн харилцаатай байсан гэдэг. Березовскийн хувьд Оросын шинэ үеийн түүхэн дэх нэр нөлөө бүхий улстөрчдийн нэг гэгдэж байсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины заналт дайсан гэж хэвлэлээр цоллуулж байсан Березовскийд Их Британиас 2003 онд улс төрийн орогнол олгосон юм. Тэрээр Британид амьдарч байгаад 2013 онд Беркшир дэх гэрээсээ амиа хорлосон байдалтай олджээ. Тухайн үед Березовскийн үхэлтэй холбоотой олон маргаан, мэдээлэл цацагдаж байсан бөгөөд Глушков найзыгаа “амиа хорлоогүй, энэ бол улс төрийн зорилготой аллага” гэж мэдэгдэж байв. Түүнчлэн өөрийгөө ч мөн аллагын бай болох нь гарцаагүй гэж итгэдэг тухайгаа ярьж байжээ.
1990-ээд онд Глушков төрийн өмчит “Аэрофлот” компанийн орлогч даргаар, мөн Березовскийн “ЛогоВАЗ” авто компанид санхүүгийн албыг хариуцан ажиллаж байжээ. Березовский 1999 онд эх орноосоо зугтаж, Их Британид очсоны дараа Глушков залилан болон мөнгө угаасан хэргээр шалгагдаж эхэлсэн байна. Тэрээр таван жилийн хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлсний дараа 2004 онд суллагджээ.
Сүүлийн жилүүдэд Глушков Лондонд амьдарч байсан юм. Глушков Наташа, Дима гэх нас биед хүрсэн хоёр хүүхэдтэй. Салсан эхнэр нь өдгөө Москвад амьдардаг байна. Харин охин Наташа нь Их Британид амьдардаг ажээ.
С.ЦЭЛМЭГ