Эмчийн зааваргүйгээр эм хэрэглэх нь аюултай

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Эмчийн зааваргүйгээр эм хэрэглэх нь аюултай

Эмчийн зааваргүйгээр эм хэрэглэх нь аюултай

NEWS агентлаг лхагва гариг бүр хүргэдэг "ЭРҮҮЛ МЭНД" булангийн энэ удаагийн дугаараар Монголчуудын эмийн зохистой, хэрэглээ, хадгалалтын талаарх судалгааг хүргэж байна.  Энэ судалгааг АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрүүл мэндийн бодлого, Менежментийн тэнхим, Эм зүй БАС-ийн Эм судлалын тэнхим болон Сувилахуйн сургуулийн Эм зүйн тэнхимийн судлаачид хамтран хийсэн бөгөөд судалгаагаа ‘Хүрэлтогоот эрдэм шинжилгээний бага хурал’-ын үеэр танилцуулж байсан билээ. 


Анагаах ухааны салбарын эрчимтэй хөгжил, ололт, нээлтүүд, шинэ эмийн судалгаа, үйлдвэрлэл, хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэхийн хэрээр эмийн хэрэглээг улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, эмийн зохистой хэрэглээг практикт хэрэгжүүлэхийг зүй ёсны шаардлага боллоо.

Тодорхой нэг эмгэгийг эмчлэхэд хэрэглэх эмийн тоо харьцангуй олон, нөгөө талаас эм зохисгүй хэрэглээнээс үүдэн хүний бие махбодид сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр байна.

Үүнээс гадна, хувь хүн гэрийн нөхцөлд эмийн хадгалалтын горимыг хэрхэн баримталж байгаа эсэх /эмийн хугацаа дуусах, хуурай, сэрүүн нөхцөл, хүүхдээс хол байлгах гэх мэт/ -ийг бусад улс оронд судалгаагаар гаргасан байдаг.

Монгол Улсын хувьд эмийн талаар зохицуулсан хууль дүрэм батлагдсан байдаг ч эмийн хэрэглээ ДЭМБ-ийн эмийн зохистой хэрэглээний зарчимд нийцдэггүй бөгөөд өвчтөн үйлчлүүлэгчид жортой, жоргүй байдлаар эмийн сан, хар зах, хувь хүнээс эм худалдан авч өөрийн дураар хэрэглэх, өөртөө болон бусдад хэрэглүүлэх, буруу эмчлэх, гаж сөрөг нөлөөлөлд автагдах байдал газар авч байна.

Улаанбаатар хотын дүүргийн 350 өрхөд хийсэн судалгаагаар, өвдөлт намдаах, халуун бууруулах бэлдмэл 52%, нянгийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл 32%,  даралт бууруулах бэлдмэл 13%, витамин, ханиалга намдаах, харшлын эсрэг бэлдмэлүүд ойролцоогоор тус бүрдээ 1 хувийг эзэлж байна. Энэ нь тухайн эм бэлдмэлийн талаарх ерөнхий ойлголт иргэдийн дунд сул байгааг харуулж байгаа бөгөөд наркозын бус үйлдэлтэй өвдөлт намдаах, халуун бууруулах бэлдмэлүүдийг ихэнхдээ жоргүй олгодогтой холбоотой ажээ. 

Мөн хадгалагдаж буй эм бэлдмэлийн хадгалалтын горим, хугацааг нь судлахад 54 хувь нь хадгалах хугацаа дуусаагүй байсан бол үлдсэн 46 хувь нь хугацаа дууссан эм бэлдмэл байсан ажээ. Энэ нь нэгэнт авсан эм бэлдмэлийг хяналтгүй мартах, дахин хэрэглэх явдал их байгааг харуулж байна.  

Мөн гэрт хадгалагдаж байгаа эм бэлдмэлүүдийн 161 буюу 46 хувь нь гал тогооны шүүгээнд, 91  буюу 26 хувь нь эмийн хайрцагт хадгалагдаж байна. Энэ нь эмийн хадгалалтын нөхцөл харьцангуй  хэвийн гэж судлаачид үзжээ.

Өрхөд хадгалагдаж буй эм бэлдмэлүүдийн 42 хувь нь эмчийн заавраар авсан, өөрсдөө дур мэдэн авсан нь 38 хувь, хүн өгсөн 20 хувийг эзэлж байна. Ард иргэд эм бэлдмэлийн гаж нөлөө, хордлогын талаар мэдээлэл сул байгааг харуулж байна. 

 А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж