АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга огцорлоо

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга огцорлоо

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга огцорлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн бүрэн эрхийн хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг огцруулж, оронд нь Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан Майк Помпеод улсынхаа гадаад бодлогын асуудлыг хариуцуулахаар томилжээ. Харин Тагнуулын төв газрын даргаар Жина Хаспелийг томилохоор саналаа хүргүүлсэн байна. Конгресс дээрх томилгоог зөвшөөрвөл хатагтай Хаспел АНУ-ын түүхэнд тагнуулын албыг тэргүүлсэн анхны эмэгтэй болох юм.

Доналд Трамп Тиллерсоны хийж, гүйцэтгэсэн бүхэнд нь талархахын сацуу шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга “гайхалтай ажиллана” гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, твиттертээ бичсэн байв.

Төрийн албанд зүтгэхээс өмнө газрын тосны ExxonMobil компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Тиллерсон өнгөрсөн жил гаруй хугацаанд Трампын засаг захиргаанд ажилласан юм. Түүнийг огцруулах болсон шалтгаан нь Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгос болон олон улсын худалдааны гэрээний асуудлаар яриа, хэлэлцээ хийхийн өмнө шинэ баг бүрдүүлэхийг хүссэнтэй холбоотой гэнэ. Түүнчлэн гадаад бодлогын хүрээнд олон асуудал санал зөрөлддөг байсан нь ч нөлөөлжээ.

Доналд Трамп Цагаан ордны гадна сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ

“Бид боломжийн хэмжээнд санаа нийлж ажилласан. Гэхдээ бас олон асуудал дээр санал зөрөлдөж байсан. Ираны гэрээг авч үзвэл, би хувьдаа гамшиг гэж боддог. Харин Тиллерсон энэ гэрээг боломжийн гэж бодож байсан байх. Бид зарим талаар санал нийлдэггүй. Харин Майк, Майк Помпео бид хоёрын санаа нийлдэг. Тэгэхээр ажил урагшилна гэдэгт итгэж байна. Рекс бол сайн эр. Надад таалагддаг”

хэмээжээ.

Харин Рекс Тиллерсон ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа Ерөнхийлөгчийн өчигдөр өглөөний /Монголын цагаар гуравдугаар сарын 13-ны орой/ жиргээнээс л анх мэдсэн гэнэ. Орлогч сайд Стив Голдстейн ‘Тиллерсон ажлаас халагдах болсон шалтгаанаа мэдэхгүй байгаа. Энэ асуудлаар Ерөнхийлөгчтэй ярилцаагүй’ гэжээ. 

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж