Охин тэнгэрийг амилуулагч Живанши

Хуучирсан мэдээ: 2018.03.14-нд нийтлэгдсэн

Охин тэнгэрийг амилуулагч Живанши

Охин тэнгэрийг амилуулагч Живанши

Хагас зууны турш Парисын дэгжин бүсгүйчүүдийн хараа булаам гоёлыг урлаж, дэлхийн хувцас загварын ертөнцөд нэрээ сийлсэн эрхэм Живанши таалал төгсчээ. Эмэгтэй хүн бүрийн дотор оршин байдаг охин тэнгэрийг сэрээх авьяастан гэдэг, түүнийг.

Одри Хепберн, Грейс Келли, Жаклин Кеннеди гээд оршин байсан цаг үеийнхээ сор болсон эмэгтэйчүүдийн гоёлыг урлаж явсан Юбер де Живанши өнгөрсөн бямба гаригт /2018.03.10/ 91 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

“Францын чамин тансаг, дахин давтагдашгүй загварыг урлаач, хагас зууны турш Парисын дэгжин, хээнцэр дүр төрхийг бүтээлцсэн, дэлхийн загварын гол дүр болсон Юбер де Живанши таалал төгссөнд Живанши загварын ордноос гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүнийг бид үүрд санан дурсах болно” гэж компанийн мэдэгдэлд бичжээ.

1952 онд өөрийн нэрээр нэрлэсэн загварын ордноо байгуулж, чамин тансаг, классик, сор болсон бүтээлийг урлаж ирсэн түүнийг shirt dress буюу цамц хэлбэрийн даашинзыг анхлан санаачилсан гэдэг. Жүжигчин Одри Хепбернтэй дотно нөхөрлөж, өдгөө дэлхий нийтийн танил болсон олон гэрэл зураг, кинонд мөнхөрсөн даашинзыг нь урлаж өгч байсан. Жүжигчин бүсгүй анх “Оскар” гардахдаа өмссөн цагаан цэцгэн хээтэй даашинз, алдарт “Тиффани дахь өглөөний цай” кинонд гардаг хар даашинз гээд жишээ дурдаж болно.


Юбер Жеймс Таффин де Живанши 1927 онд Францын Бове хотод язгууртны гэр бүлд төржээ. Төрөлхийн онцгой мэдрэмжтэй, авьяастай тэрээр 24-хөн насандаа өөрийн гэсэн загварын ордон байгуулсан байна. Дээрх зурагт Живанши 1952 онд анхны хаврын коллекцио толилуулахаар зэхэж байна.
 

 

“Сабрина” кинонд тохирох гоёл урлахаар анх Одри Хепбернтэй уулзаж, танилцсанаас хойш тэд дотно нөхөрлөжээ. Тэдний нөхөрлөл, ажил хэргийн түншлэл “яг л гэрлэлт мэт” байсан гэж Живанши хэлсэн нь бий. Харин Одри түүнийг “Тэр зүгээр ч нэг хувцас урладаг хүн биш. Тэр бие хүнийг бүтээдэг” гэж үнэлсэн юм.
 

 

Одри Хепберн, Живанши нар олон арван жилийн турш хамтран ажиллаж, хувь, хувьсгалын бүхий л зүйл дээр нь Живанши тусалдаг байж. Ялангуяа “Хөгжилтэй царай”, “Тиффани дахь өглөөний цай” кинонд зориулан урласан даашинз хожим Одригийн нүүр царай болсон билээ. Ялангуяа 1961 онд дэлгэцнээ гарсан “Тиффани дахь өглөөний цай” киноны богино, хар даашинзыг мартамгүй.
 

 

АНУ-ын Тэргүүн хатагтай агсан Жаклин Кеннеди Живаншигийн шүтэн бишрэгчдийн нэг байв. Мэдээж олон алдартай бүсгүйчүүд түүний сод билгийг үнэлж, цор ганц гоёлоо түүгээр хийлгэхийг хүсдэг байсан. Тэдний нэг болох Тэргүүн хатагтай 1963 онд нөхрийнхөө оршуулгын ёслолд Живаншигийн ур, ухаанаар бүтсэн хар хослолыг хар гивлүүрийн хамт зүүж байв.
 

 

1950, 60-аад он Живаншигийн алтан үе байсан гэж болно. 198 см өндөртэй түүнийг загварын “мангас” гэдэг байв. Аль ч утгаараа тэр жинхэнэ “мангас” байсан юм.
 

 

Живанши 1988 онд өөрийн бизнесээ Moet Hennessy-Louis Vuitton группт худалджээ. Ингээд 1995 онд албан ёсоор ажлаа орхиж, тэтгэвэртээ гарсан байна. Жон Галлиано, Александр МакКвин, Риккардо Тиши нар загварын ертөнц дэх залгамж халааг нь үргэлжлүүлсэн юм.
 

 

Загварын ертөнцөд зүтгэсэн 43 жилийн замналаа төгсгөж, тэрээр хамгийн сүүлд 1995-1996 оны намар/өвлийн коллекцио толилуулсан юм. Шоу эхлэхийн өмнө Живанши найзууддаа хандан “Би даашинз хийхээ больж байна. Гэхдээ нээлт хийхээ хэзээ ч зогсохгүй. Амьдрал яг л ном шиг. Хуудас эргүүлэх цаг болсныг үргэлж мэдэж байдаг” гэж ярьж байжээ.
 

 

Тэтгэвэртээ гарсныхаа дараа Живанши нам гүм амьдралыг сонгож, байгалийн үзэсгэлэн гоо үзэмжийг бишрэх болжээ. Хааяа хааяахан өөртэй нь холбоотой чухал арга хэмжээнд харагдах болсон байна.
 

 

Нэрт дизайнер унтаагаараа амьсгал хураасан гэж түүний амьдралын эцсийн мөчийнх нь тухай дотнын нөхөр Филипп Вене мэдэгдсэн байна.
 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж