Хүлээлт үүсгэсэн нөөцийн мах

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Хүлээлт үүсгэсэн нөөцийн мах

Хүлээлт үүсгэсэн нөөцийн мах

Мах ачсан тэргэндээ дийлдэх шахам арай ядан явах залуу “Зам тавь” хэмээн өндөр дуугаар хашгирах бол лангууных нь дэргэдүүр өнгөрөх хүн бүрт “Амттай шинэ мах байна шүү, аваарай” хэмээн уриалгахан дуудах худалдагчид ч олон. Энэ бол түм түжигнэж, бум бужигнадаг “Хүчит шонхор”  захын дүр төрх.

Жил бүрийн хавар нийслэлийнхний хүнсний хэрэгцээнд зориулж, нөөцийн мах худалдаанд гаргадаг. Энэ нь махны үнэ өсөх, хомсдол үүсэхээс сэргийлж, төрөөс хэрэгжүүлдэг арга хэмжээний нэг юм. Нөөцийн махыг ирэх дөрөвдүгээр сараас худалдаанд гаргахаар зэхэж буй бөгөөд арван аж ахуй нэгж 12.6 тонн мах бэлтгэжээ.

Нөөцийн мах худалдаанд гарснаар махны үнийг тогтворжуулж чаддаг эсэх талаар бид доорх сурвалжлагыг бэлтгэлээ.

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр “2018 оны гуравдугаар сарын нэгдүгээр долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5790 төгрөгийн үнэтэй байна.  “Хүчит Шонхор”  захад хонины мах хамгийн хямд буюу 5200 төгрөгөөр, “Меркури” захад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөгөөр худалдаалж байна” гэжээ. Хамгийн хямд махыг тус захад худалдаалаг болохоор үйлчлүүлэгч ихтэй  байдаг. Бид тус захад өчигдөр 15:00 цагийн орчимд очиход үйлчлүүлэгч сийрэг байлаа. Учир нь иргэд үдээс өмнө ихэвчлэн худалдан авалт хийдэг тул үдээс хойшдоо нэлээд сийрэг болдог болжээ.

Худалдааны төвийн урд хэсэгт байрлах хонь, ямааны мах зардаг заал руу орлоо. Хувь хувьдаа багахан мах цагаан торонд хийж барьсан  хэдэн хүн харагдана. Энд хонины гулууз мах худалдаалах бөгөөд нэг кг нь 5300 төгрөгийн үнэтэй аж. 

Худалдагч  Ц.Цэвэлмаа “Би мах худалдаж эхэлснээс хойш 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хүмүүсийн худалдан авах чадвар ямар байсныг мэднэ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад, энэ жил иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан. Ард иргэдийн худалдан авалт муу байгаа нь магадгүй эдийн засгийн хямралтай холбоотой байх. Бид өмнө нь өдийд тараад явчихдаг байсан бол одоо махаа борлуулчих санаатай хүний хүслэн болж сууна” гэж байв. Мөн тэрбээр нөөцийн мах худалдаанд гараад эхлэхээр шинэ махны үнэ нэмэгдэж, жижиглэнгийн махны үнэ ч өсдөг гэлээ.

Худалдагч Э.Батчулуун “Хонины мах жижиглэнгийн үнэ нэг кг нь 6000 төгрөг, бөөний үнэ 5000 төгрөгийн үнэтэй байна.Нөөцийн мах худалдаанд гарсан ч хүмүүс шинэ нойтон мах худалдаж авахыг илүүд үздэг. Хүмүүс нөөцийн мах туранхай, амтгүй гээд худалдаж авахдаа дурамжхан байдаг гэж байлаа.

Харин махны үнэ болон нөөцийн махны талаар иргэд ийн ярьж байна.

Махны үнэд  нэгдсэн  нэг үнэ тогтоож өгөх хэрэгтэй 

Иргэн Ж.Батчулуун “Махны үнэ нэмэгдсэн байна лээ. Цагаан сарын өмнө ямааны мах нэг килограмм нь 4200 төгрөгийн үнэтэй байсан. Одоо харин адууны мах, ямааны мах үнэд орсон байна лээ. Төр засаг гуравхан сая хүнтэй, 60 сая гаруй малтай байж махны үнээ яагаад барьж чаддаггүй юм бэ?. Махны үнэд  нэгдсэн  нэг үнэ тогтоож өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Өнгөрсөн хавар нөөцийн мах хэрэглэж үзсэн. Амт муутай, чанахаар шөл гардаггүй юм билээ” гэж ярилаа.

Ядаж л нөөцийн мах хямдхан Үнээр зарагдах байх

Иргэн Ч.Түвшинжаргал “Нөөцийн мах худалдаанд гараагүй байгаа болохоор махны үнэ өссөн байх шиг харагдлаа. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед нөөцийн махыг хурдан худалдаанд гаргах шаардлагатай. Нөөцийн мах хямд үнээр зарагддаг болохоор махны үнэ өсөхөөс сэргийлж чаддаг’ гэлээ.  

Төр засаг ард түмнийхээ төлөө юу ч хийхгүй байна

Иргэн н.Лхам ‘Төр засаг ард түмнийхээ төлөө юу ч хийхгүй байна. Зөв бодлого дутагдаж байна. Бэлчээрийн хомсдол үүслээ, мал ихэдлээ гээд яриад л байна. Хүнээсээ олон малтай манайх шиг улсад ийм өндөр үнээр мах худалдаж авч байгаа нь төр засгийн л буруу. Махны үнийг нэг хэмжээнд барих хэрэгтэй’ гэв

Монголчуудын хүнсний гол хэрэглээ нь мах, махан бүтээгдэхүүн. Иймээс ч баяр ёслолын үеэр хамгийн эрэлттэй хүнс болж, тэр хэрээр үнэ нь нэмэгддэг. Хэдийгээр сайн, муу хэл ам дагуулдаг ч нөөцийн махны худалдаа иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов нимгэлдэг. Харин энэ жил нөөцийн мах ирэх дөрөвдүгээр сард иргэдийн гарт хүрнэ.  Худалдаачид нөөцийн махыг амт муутай, махны үнийг тогтворжуулахад нөлөөлдөггүй гэж тайлбарлаж байгаа ч иргэдийн хувьд цаг алдалгүй худалдаанд гарахыг нь хүлээж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж