“Төхөөрөмж хог хаягдал, дулаан, бохирыг нэг дор шийднэ”

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

“Төхөөрөмж хог хаягдал, дулаан, бохирыг нэг дор шийднэ”

“Төхөөрөмж хог хаягдал, дулаан, бохирыг нэг дор шийднэ”

Монголчууд бидний өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдэх шинэ технологи зохион бүтээсэн талаар саяхан мэдээлэгдсэн билээ.

 

Уг технологийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжийн талаар ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн  салбарын ахлах багш химийн ухааны доктор Э.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр тус технологийн туршилтад оролцож буй эрдэмтдийн нэг юм.


МОНГОЛД ХИЙГДСЭН ШИНЭ ТЕХНОЛОГИ НЬ ХАЛСАН ХОЁР ГАДАРГУУНЫ ДУНД ТҮҮХИЙ ЭДИЙГ ЗАДРАЛД ОРУУЛЖ БАЙГАА УЧРААС ҮР АШИГТАЙ

-Нүүрс, хог хаягдлыг дахин боловсруулж дулаан гаргах шинэ технологийг Монголчууд бүтээжээ. Та энэ технологийн туршилтад оролцсон хүний хувьд юу гэж дүгнэв?

-2000 оноос хойш нүүрсний боловсруулалтын чиглэлээр манай оронд эрчимтэй яригдаж эхэлсэн. Дотоодын томоохон компаниуд болох ‘МАК” ХХК, “Шарын гол” ХХК, ‘НАКО ТҮЛШ’ ХК зэрэг компаниуд пиролизын буюу хагас коксжуулалтын төхөөрөмжийг ашиглан утаагүй түлш үйлдвэрлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж бүтээн байгуулж эхэлсэн байдаг. Mанай Монгол инженерүүдийн  зохион бүтээсэн төхөөрөмжтэй танилцаж үзээд, хэд хэдэн онцлог, давуу талыг олж харсан. Хамгийн тэргүүнд Монгол хүн өөрөө дэлхийн жишигт нийцсэн технологийн шийдлийг боловсруулж төхөөрөмж бүтээсэн гэдэг нь маш чухал юм.Яагаад гэвэл өмнө нь бид дандаа гадныянз бүрийн технологийг оруулж ирж, үйлдвэрлэлдээ нэвтрүүлсээр өдийг хүрлээ. Эдгээр  технологийн дийлэнхийг манай өмнөд хөрш болох БНХАУ-аас авч ирсэн байдаг ба нүүрсийг боловсруулах зуухны хувьд реакторууд нь дандаа босоо байрлалтай байдаг. Харин энэ шинэ технологи нь зуухны реакторын хэвтээ байрлалд оруулж нэмэлтээр эргэлддэгтурбин суулгасан нь процессын хувьд онцлогтой. Мөн энэхүү технологи нь зөвхөн нүүрсийг боловсруулах бус бусад органик гаралтай түүхий эдүүд болох занар, байгалийн битум, төрөл бүрийн полимер (хаягдал дугуй, гялгар уут, хуванцар сав суулга) хаягдлууд, хүнсний хаягдал зэрэг олон төрлийн түүхий эд боловсруулж чаддаг гэдгээрээ давуу талтай юм. Бусад орнуудын технологи бол ихэвчлэн нэг төрлийн түүхий эдэд зориулагдан хийсэн байдаг.Органик гаралтай түүхий эдийг өндөр температурт агааргүй орчинд боловсруулах пиролизын технологийн чиглэлээрманай орны эрдэмтэд судлаачид маш олон жилийн хугацаанд судалгааны ажлыг гүйцэтгэсэн байдаг. Судалгааны ажлууд одоо ч үргэлжлэн хийгдэж байгаа. Эрдэмтдийн судалгааны ажилтай танилцаж байхад хэвтээ байрлалтай реакторнь түүхий эдийн дулаан солилцлын гадаргууг нэмэгдүүлж улмаар түүний задралыг илүү сайн явуулах боломжтой гэж үзсэн байдаг. Нүүрс нь өөрөө дулаан тусгаарлагч шинж чанартай учраас түүнийг задалж, бага молекулт нэгдлүүд болгоход гаднаас их хэмжээний дулааны энерги шаарддаг. Харин энэ шинэ технологийн онцлог нь зуухны реакторын хэвтээ тэнхлэгийн дагуу эргэлдүүлснээр түүний дотор байгаа түүхий эдийг богино хугацаанд илүү сайн задралд орох боломжийг олгож байна. Тиймдээ ч маш бага энерги зарцуулж байгаа юм. Түүнээс гадна гадны орнуудад эргэлттэй зуух сүүлийн үед өргөнөөр ашиглаж эхэлж байгаа. Жишээлбэл, Канадад“АостраТасиюк” гэх технологи байдаг. Энэ төхөөрөмж нь нүүрсийг өндөр температурт халааж, түүхий нефть төсөөт шингэн гаргах зориулалттай төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмжийн дутагдалтай тал нь реактор дотор түхий эдээ хийгээд зөвхөн гадна талаас нь гадаргууг халаадаг. Иймээс задрал явагдах хугацаа удаан  байхын сацуу бүрэн явагдахгүй байх талтай.  Манайд хийгдсэн шинэ технологи нь өндөр температурт халсан хоёр гадаргууны дунд нүүрс задралд орж байгаа учраас их үр ашигтай болж байгаа юм.

-Хог болон шатаж болох бүх төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулж, шинээр  бүтээгдэхүүн гаргаж байгаа нь Монголд болон дэлхийд  хэр шинэ технологи юм бэ?

-Хог хаягдлыг боловсруулах технологи нь дэлхийн улс орнуудад асар өндөр хөгжсөн байдаг ба зарим оронд хаягдлыг нэг төрлийн баялаг гэж үзэх нь ч бий. Ганцхан манай оронд л хог хаягдлыг дахин боловсруулахгүйгээр байгальд шууд хаядаг байх. Хог хаягдлуудыг ерөнхийд нь органик ба органик бус хаягдлууд гэж ангилж үзвэл онолын хувьд органик гаралтай хаягдлуудыг боловсруулж шатах хий, бензин, дизелийн түлш гарган авах бүрэн боломжтой гэж үздэг. Органик гаралтай хаягдлууд гэдэгт миний дээр дурдсан бидний өдөр тутмын амьдралд ашиглагддаг гялгар уут, хуванцар, дугуй, цаас, арьс шир, мод гэх мэт олон зүйлийг дурдаж болно. Эдгээр түүхий эдүүд нь химийн найрлагын хувьд нүүрстэй харьцуулахад харьцангуй бага молекулт эмх цэгцтэй бүтэц бүхий нэгдлүүдийг агуулсан байдаг учир уг шинэ төхөөрөмжид боловсруулна гэдэг нь маш хялбархан асуудал юм. Ер нь ийм төрлийн технологи нь олон улсад сүүлийн үед өргөн ашиглагдаж эхэлж байгаа бөгөөд монголчуудын зохион бүтээсэн төхөөрөмж нь эдгээр нийтлэг төхөөрөмжүүдээс ялгагдах гол онцлогуудыг дараах байдлаар томьёолж болох юм. Нэгт, зуухны реакторыг хэвтээ байрлуулж эргэлдэх хөдөлгөөнтэй болгосноор түүний бүтээмжийг илүү сайжруулж байгаа давуу талтай.Хоёрт, реактороос гарч буй хийн чанарыг сайжруулах зорилгоор зууханд нэмэлтээр турбин суурилуулж өгсөн байгаа нь энэ технологийн хамгийн онцгой шийдэл,бусдаас ялгагдах давуу тал нь болж өгсөн. Гуравт,  түүхий эдийн хувьд зөвхөн нүүрс биш бусад органик гаралтай ямар ч түүхий эдийг боловсруулж болно.  Ямар ч түүхий эдийг боловсруулахаас гадна төхөөрөмж нь өөрөө цэвэрлэх байгууламжийн үүргийг давхар гүйцэтгэж, гэр хорооллын хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлыг шийдэж байгаа нь маш том давуу тал юм. Дөрөвт, ахуйн хог хаягдлыг реакторт боловсруулаад гарах үнсийг төхөөрөмж нь автоматаар цемент элсний зуурмагтай хольж, явган болон авто замын хавтанг үйлдвэрлэн гаргаж байгаагаараа ямар ч хаягдалгүй технологи  болж байгаа юм. Тавт,  реакторыг ажиллуулахдаа эхний удаад дизелиэр халааж хий ялгарч эхэлснээр хийг эргүүлэн шатааж реакторын халаалтад өгснөөр дулааны үүсгүүрээ өөрөөсөө гаргаж авч байгаа учраас эдийн засгийн хувьд маш ашигтай. Эцэст нь энэхүү төхөөрөмжид пиролизоор гарч байгаа хий, шингэн, хатуу бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь боловсруулж хэрэглэгчийн гарт шууд нийлүүлэгдэх бэлэн бүтээгдэхүүн гаргаж авах шийдлүүдийг нэг дор цогцоор шийдэж өгснөөрөө давуу талтай юм. Гэх мэт яриад байвал бидний өмнө тулгамдаж буй олон асуудлыг бүрэн шийдэж чадах асар олон чадамжтай комплекс төхөөрөмж гэж хэлмээр байна. Ийм олон үйлдэлт цогц бүхий төхөөрөмж нь ганц Монгол биш дэлхийн хэмжээний байгаль экологийн асуудлыг шийдэх цоо шинэ шийдэл бүхий төхөөрөмж болж чадсан гэж би бодож байна.

-Пиролизын технологийн талаар та мэдээлэл өгөөч. Шинэ технологи нь хурдан пиролизын технологи гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Энгийнээр зүйрлэж тайлбарлавал удаан пиролиз гэдэг нь усыг буцалтал хүлээнэ, харин хурдан нь халуун тосон дээр усны дусал унагаж байгаатай адил юм. Өөрөөр хэлбэл хурдан пиролиз бол маш хурдан бодисын задралыг явуулж байна гэсэн үг. Ер нь бол биоматериалын хог хаягдлыг боловсруулахад пиролизын технологийг ашиглаж байгаа. Шууд шатаах болон пиролизоор задлах  гэсэн хоёр арга бий. Шууд шатаах нь хортой бодисыг агаарт цацаж, улмаар хөрсөнд шингээдэг. Дэлхий хөгжилтэй орнууд шууд шатаах технологийг бүр мөсөн хориглосон байгаа. Энгийнээр хэлбэл, пиролизын технологийг ашиглавал тэр бүх хортой бодисоор орчныг бохирдуулахгүйгээр задлах технологи гэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн  хурдан пиролизын хувьд удаан пиролиз бол нөгөө давирхай устай хамт хорт бодисууд бүгд холилдон маш хортой хаягдал болон босоо реактороос гарна. Хэдийгээр шатдаг хий нь агаарыг бохирдуулах нь үлэмж багассан ч дагалдаж гарах давирхай усыг нь дахин боловсруулж ялгаж салгах нь маш хүнд, үнэтэй технологи болно. Сүүлийн үед гадаадын орнуудад хог хаягдал, биоматериалыг хурдан пиролизын технологиор боловсруулдаг болсон.

-Одоогийн бидний хэрэглэж байгаа нүүрс агаарт хорт бодис ялгаруулж байгаа. Үүний шалтгаан нь нүүрсийг бүрэн шатаагаагүйтэй холбоотой гэж тайлбарладаг?

-Нүүрс нь химийн найрлагын хувьд нүүрстөрөгч, устөрөгчөөс гадна хүхэр, азот, хүчилтөрөгч, зарим металлуудыг их бага хэмжээгээр агуулдаг. Иймд эдгээр олон элементийн шаталтын бүтээгдэхүүнүүд нь хүн ба байгаль орчинд хортой, хоргүй нэгдлүүд байдаг. Хэрэв нүүрсийг химийн найрлагын хувьд зөвхөн нүүрстөрөгч, устөрөгчөөс тогтсон гэж үзвэл түүний шаталтаар үнс, усны уур, нүүрс хүчлийн хий үүсэх ёстой. Нүүрсний шаталтаар үүсч буй утаа гэдэг нь энгийнээр тайлбарлахад түүнд агуулагдаж буй элементүүдийн оксидуудын тоосонцор агаарт хаягдан гарч буй хэлбэр юм. Мөн түүхий нүүрсэнд чийг их хэмжээтэй агуулагддагтай холбоотойгоор дутуу шаталт их явагддаг. Энэхүү бэрхшээлүүдийг шийдэхийн тулд түүхий нүүрс түлэхгүй байх ба өөрөөр хэлбэл нүүрсийг заавал коксжуулсаны дараа хэрэглэх нь зүйтэй юм. Нүүрсийг коксжуулах технологийн талаар манайхан их сайн ойлголттой байдаг.

-Танай ШУТИС-ийн ХШУС-ийн хувьд  хүрээлэн буй орчин, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр судалгаа хийж байгаа. Зохион бүтээгээд бэлэн болсон төхөөрөмжийг өөрийн нүдээр харж, туршиж үзэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Судлаачдын хувьд маш талархалтай хүлээж авч байна. Нэгэнт ийм нарийн технологийг  хийж, бүтээж чадсан юм чинь ашиглаад, амьдралд нэвтрүүлээд явах нь чухал.

-ШИНЭ ТЕХНОЛОГИЙН РЕАКТОР ДЭГДЭМХИЙ БОДИСЫГ 1,45 ХУВЬ БОЛГОЖ БАЙГАА НЬ МАШ САЙН ЗАДРАЛД ОРСНЫГ ХАРУУЛЛАА-

-Пиролизоор нүүрсийг боловсруулаад газ гаргаж авах юм бол дээрх хорт болон дэгдэмхий бодис нь агаарт үүсэхгүй гэсэн үг үү?

-Тийм. Нүүрсийг шууд шатаахад хорт хий угаар, дэгдэмхий маш их хортой бодисууд агаарт тараана. Шинэ технологийн хамгийн давуу тал нь энэ олон дэгдэмхий бодисуудыг задалж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хорт дэгдэмхий бодисуудыг задалж шингэн  буюу хөнгөн нефть төсөөт шингэн үүсгэж байгаа юм.  Ер нь нүүрсийг дундаж температурт пиролизод(600оС хүртэл )оруулсны дараа дэгдэмхий бодисуудын үлдэгдэл дунджаар 10 хувь байдаг. Шинэ төхөөрөмжийн туршилтын явцад нүүрсийг задалж, дэгдэмхий бодисын үлдэгдэл нь1,45 хувь гарсанэнэ нь маш сайн задралд орж байна гэсэн үг.

Органик гаралтай түүхий эдийг агааргүй орчинд дулааны үйлчлэлээр битүү саванд халааж, өндөр молекулт нэгдлүүдийгбага молекул болгон хувиргаж задлах процессыг пиролиз гэнэ.

-Пиролизын аргаар гаргаж авч байгаа газ буюу дулааныг айл өрхүүд шууд ашиглах боломжтой юу?

-Хийг айл бүрт явуулах шаардлагагүй. Төвлөрсөн байдлаар хийн бойлераар дулааныг айлуудад түгээх ёстой байх. Энэ нь дэд бүтцийн зардлыг багасгах болов уу. Өөрөөр хэлбэл, 50 айлын дунд нэг хийн бойлер тавьж, айлууд руу дулаан түгээх боломжтой.

-Агаарын бохирдолтой тэмцэхэд энэ технологи хэр чухал үүрэгтэй вэ. Дэлхийн бусад орнууд агаарын бохирдолгүй болоход ямар технологи ашиглаж байна вэ?

-Дэлхийн бусад орнууд агаар, байгаль орчны бохирдлоосоо салахад маш их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Нүүрснээс татгалзаж, байгалийн хий ашиглаж байна. Агаарын бохирдлын гол шалтгаан бол ядуурал. Улс ядуу байвал агаар, байгаль орчин, хөрс, ус нь бохирдолтой л байна. Манайд байгалийн хий байхгүй учир хамгийн хямд түлш нь нүүрс болон шатаж болох хог хаягдалыг шатааснаар агаарыг бохирдуулж байна. Монголчуудын бүтээсэн технологи нь байгалийн хийгээс дутахааргүй илчлэгтэй, шатдаг цэвэр хий гаргаж авч байгаа нь агаарын бохирдлыг бүрэн арилгах нөхцөл бүрдэж байна. рги гаргаж авахын тулд манай орны хувьд айлууд гэр орноо дулаан байлгахын тулд хамгийн хямд түлшийг сонгоно. Энэ нь одоохондоо нүүрс л байна.

 -Нүүрсийг угаагаад шатаахад агаарын бохирдлын хэмжээ багасах уу?

-Нүүрсийг угаахад тоос үнс зэрэг нь багасах боловч дотор талд нь агуулагдаж байгаа дээр хэлсэнчлэн дэгдэмхий хорт бодисууд үгүй болохгүй учраас утаа гардгаараа л гарна. Тиймээс угаасан нүүрсийг коксжих, хагас коксжих түлштэй андуурч болохгүй юм.

Т.ОД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж