Улаан асрын зүүд (79-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (79-р бүлэг)

Улаан асрын зүүд (79-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Далан есдүгээр бүлэг

ШЮЭ ВЭНЬ ЛУН УЛААН ГАЛЗУУГААР БЭР БУУЛГАЖ, ЖЯ ИН ЧҮНЬ“ЗҮН ШАНЬ УУЛЫН ЧОНЫГ” ДАГАН ЯВАВ

Тийнхүү Бао Юй, Чин Вэнийг тахиад дуусах үед гэнэт цэцгийн сүүдэрт нэг хүний бараа үзэгдсэнд хэрдхийн цочоод, анхааран ажиглавал Дай Юй байжээ. Тэрбээр инээмсэглэн: “Юутай сайхан тайллага вэ. Цао Өгийн хөшөө1-тэй хамт дуурсана” гэв. Бао Юйгийн царай улайж:

-Би санахад, одоогийн тахилгын бичиг цөм хуучраад азад болсон тул шинэтгэн оролдож энэхэн зуурын уйтгар юугаа сэргээсэн төдий юм. Чи яаж дуулаа вэ. Зохимжгүй юм байвал засаарай гэв. Дай Юй:

-Эх ноорог нь хаана байна вэ. Нарийвчлан сайн үзье. Ар араас нь асгаруулсан тул тэр бүхнийг сайн тогтоосонгүй. Дундаас нь хоёр мөрийг сонсоход л “Улаан мяндсан хөшигт агийн найрсаг сэтгэл зузаан. Шар булгийн доорх охины заяа нимгэн” гэсэн нь санаанд байна. Энүүний чинь санаа нь сайхан боловч “Улаан мяндсан хөшигт” гэсэн нь арай сулхан болжээ. Бодит үнэн хэрэг бэлэн байж байтал юунд хэрэглэхгүй байгаа юм бэ гэв. Бао Юй:

-Ямар бодитой үнэн хэрэг бэлэн байгаа юм бэ гэж асуусанд цаадах нь:

-Одоо бид цөмөөр сиймхий торгомсгоор цонхоо хааж байна. Юунд “Улаан шаа цонхон дахь агийн найр үлэмж” гэхгүй вэ гэсэнд Бао Юй баярлаж:

-Сайн байна. Чи санаж ч чадах юм. Хэлж ч чадах юм. Ертөнцөд эрт эдүгээгийн бэлэн бодитой сайхан үзэмж сайхан явдал үлэмж их боловч тэнэг би санасангүй. Гэлээ ч ингээд засаад байвал хэдий сонин сайхны туйл боловч чи харин энд сууж байвал мөн болно. Миний хувьд бол хэрээс минь хэтэрчээ гэв. Цаадах нь инээн:

-Ямар хамаа байна вэ. Миний цонх, даруй чиний цонх болой. Яаж бас ийнхүү ялган хэлэлцэнэ вэ. Завсартай болох бишүү. Эртний хүн, овог өөр боловч замын хань болж “Тарган морь хөнгөн зувцааг хамтатгавч харамгүй” байтал манийг юунд өгүүлэх вэ гэв. Бао Юй инээн:

-Нөхөрлөсний зузааныг хэлэлцвэл “Тарган морь хөнгөн зувцаа” байтугай “Шаралт цагаан хашийг” ч юманд үзэж болохгүй болно. Гагцхүү гүнгийн ордны охидыг доромжлоход хүрвэл хэрхэвч болохгүй. Одоо би нэгмөсөн агь, охин гэхийг өөрчлөөд чамайг түүнд гашуудсан болгож бичвэл харин сайн болно. Чи мөн түүнд маш сайн тул энэ хуудас зохиолыг хаявч энэ “Улаан шаа” гэсэн шинэ үгийг орхиж болохгүй. Одоо даруй “Улаан шаа цонхны гэгээний тус үлэмж, шар булгийн доорх шивэгчний заяа нимгэн” гэж өөрчилбөл надад хамаагүй боловч миний санаа гүйцнэ гэв. Дай Юй инээж:

-Тэр бол миний шивэгчин ч биш, юунд тийм үгийг хэрэглэнэ вэ. Бас “Охин, шивэгчин” гэх нь мөн сайхангүй. Зы Жюанийг үхсэний дараа би ийн өгүүлэвч оройтохгүй… гэсэнд Бао Юй:

-Түүнийг зөөж яах юм бэ гэв. Дай Юй:

-Чи зөө гэсэн биз дээ, би хэлээгүй шүү гэв. Бао Юй:

-Би бас нэгийг саналаа. Ингэж засвал зохистой болно. “Улаан шаа цонхон дахь миний хувь дутжээ. Шар булгийн доорх чиний заяа нимгэн” гэвэл ямар вэ гэж асуув.

Энэ үед Дай Юйгийн царай гэнэт хувьсхийж хэдий их сэжиглэсэн боловч санаагаа илэрхийлсэнгүй. Харин толгой дохин сайшааж:

-Үнэхээр сайхан засжээ. Одоо дэмий засах хэрэггүй. Хурдан явж хэрэгтэй явдлаа үйлдсүгэй. Сая Тайтай чамайг маргааш өглөө эрт их нагац эхийн тэнд очтугай. Хоёрдугаар эгчийг чинь хүн гуйж тохирсон тул та нарыг оч гэж хэлүүлжээ… гэсэнд Бао Юй:

-Юунд их яарсан юм бэ. Миний бие бас тийм сайнгүй. Маргааш очиж чадахгүй байхаа… гэвэл Дай Юй:

-Юү гэсэн үг юм. Би чамайг жаахны зангаа орхио гэж хэлдэг шүү. Дахиад гуйя. Хэзээ ч багын адил байж болохгүй… гээд ханиаж эхэлсэнд Бао Юй сандран:

-Энд сэрүүн. Зогсож удаан яривал дэмий газар. Хурдан харьсан дээр… гэсэнд Дай Юй: “За тэгье. Маргааш уулзъя” гэснээ Бао Юй урамгүйхэн шиг харьж явахдаа гэнэт Дай Юй ганцаараа явсныг санаад бяцхан охиныг дуудаж: “Түүнийг хүргэж өг” гэв. Түүнийг хүрээлэндээ орж ирэхэд зарлага эмгэд тосож Ван Фүрнэь “Маргааш өглөө эрт Жя Шөгийнд оч” гэснийг дуулгажээ.

Аль хэдийн Жя Шө, Ин Чүнийг Сүнь овогтынд өгнө гэж ам алдсан юм байжээ. Энэ Сүнь овогт гэгч Да Тунфүгийн хүн. Өвөг дээдэс нь цэргийн түшмэл байж, тэр үедээ Нин, Рун хоёр ордны шавь явсан тул бодвол ойр нөхөр болно. Одоо Сүнь овогтоос ганц хүн нийслэл хотод үлдээд жолоодогчийн зэргийг залгамжилжээ. Энэ хүний нэр нь Сүнь Шаозү. Төрх байдал нь хүдэр чийрэг, махлаг бүдүүн. Харвах намнахад боловсорсон, ухаан санаа нь хурц түргэн. Гучин нас арай хүрээгүй. Гэрийн хөрөнгө баян чинээлэг. Одоо цэргийн зурганд орох нөөц хүн. Гэргий аваагүй тул Жя Шө, угаас танил дотно хүний үр ач, зан авир, гэрийн аж амьдрал нь сэтгэлд нийцсэн учир хүргэнээ болгохоор сонгосон байжээ. Энэ байдлаа Жя Мүд мэдүүлсэнд, тэрбээр дотроо дургүй боловч охид хүүхдийн үйл явдалд тэнгэрийн тогтоол бий бөгөөд бас ч төрсөн эцэг нь хүчилж байхад илүү үгээр яахав гэж бодоод: “Мэдлээ” гэснээс өөр үг хэлсэнгүй. Жя Жөнгийн хувьд хэдий Сүнь овогтнуудтай ойр байдаг боловч тэр цагт түүний өвөг Нин Рун хоёр ордны хүчинд шүтэж, арга буюу үүдэнд ирж шургаснаас биш, бичиг эрдэмд шалгарсан нэрт угсаа биш тул маш их жигшинэ. Тийнхүү хэдэнтээ ятган хэлсэн боловч Жя Шө үгийг нь огт аваагүй тул хүчилсэнгүй. Бао Юй тэр Сүнь Шаозүтай уулзаж байгаагүй тул оч гэсэн өдөр нь очоод тэгсгээд өнгөрөөв. Сонсвол, бэр буулгах өдөр маш шахам бөгөөд энэ жилдээ багтаан богтолно гэжээ. Шин Фүрэнь нар Жя Мүд мэдүүлж, Ин Чүнийг Да Гуань Юань хүрээлэнгээс гаргаж авчирсанд тун чиг урамгүй болж, яаж биеэ саатуулахаа ч мэдэхгүй, өдөр бүр эргүүтэн мунхарч сууна. Бас дөрвөн инж дагуулж өгнө гэхийг сонсоод гомдон хөлөө дэвсэж: “Үүнээс хойш энэ ертөнц дээр бас таван ариун хүн дутжээ” гээд өдөр бүр Зы Линжөү орчмын газрыг эргэцэн тойрон гунихарч, түүний үүд, цонх сэлүүн болж халхавч хөшиг хоосроод, хэдэн эмгэн жасаалж хонохыг үзэв. Бас тэр усны шимэлдэг, хулсны навч ч хуучин эзнээ мөрөөдөх мэт найган ганхаж, урьдын адил өнгө нэмж бадран дэлгэрэхгүй болжээ. Түүнийг хараад Бао Юй тэсгэлгүй сэтгэл нь догдолж, амны аяар шүлэг урсгав.

Намрын салхи нэгэн шөнө хүйтэн болсонд

Нуурын цэцэг бутран сарниж, улаан өнгө арилав

Найган ганхах өтөл зэгс гуньж барахгүй

Нарийн хяруу, зузаан шүүдэр зөөлөн ишийг дарна

Өдрийн уртад шатрын чимээ ер сонсогдохгүй

Үүрийн хараацай хэсэг, хэсэг хөлгийг нь бузарлажээ.

Эртний хүн, нөхөр ханиасаа салж төвдөхгүй

Эдүгээ миний цус махны холбоог юун өгүүлнэ гэжээ.

Ийнхүү шүлэглэчихээд Бао Юй зогсож байтал гэнэт ар талд нь нэг хүн “Чи бас энд юү хийгээд мунхарч байгаа юм” гэхэд нь эргэж харвал Шян Лин байв. Бао Юй инээн: “Эгч минь харин чи энд ирж юү хийх нь вэ. Ойрд ирж зугаацаагүй юү” гэсэнд цаадах нь алга ташин хөхөрч “Би яагаад ирээгүй юм. Одоо ах чинь ирсэн тул яаж урьдын адил чөлөө олдох вэ. Сая манай дайдай хүн явуулж, Фөн Жег дуудсанд, хүрээлэнд очжээ гэсэн юм. Тийнхүү би дашрамд энд ирээд түүнийг эрж явна. Хүмүүсийн ярих нь, Дао Шян Цүньд байна гэнэ. Би яг тийшээ явж байтал чи тааралдлаа. Ши Рэнь эгч сайн байгаа юу. Чин Вэнь эгч яагаад гэнэт үгүй болов. Ямар өвчин туссан бэ, тэр охин үнэхээр их түргэн нүүгээд явлаа. Энэ газар агшин зуур хоосорчээ гэв. Бао Юй түүний үгийг зөвшөөрч толгой дохиод бас И Хун Юаньд хамт очиж цай ууя гэсэнд Шиян Лн “Одоо арай болохгүй. Лянь Эр найнайг эрж байгаа. Би очиж ажлаа дуусгаад ирье” гэсэнд “Ямар их ажил болоод яараад байгаа юм бэ” гэж асуув. Цаадах нь:

-Ахад чинь гэргий авч өгөх явдал учраас чухал… гэсэнд Бао Юй

-Нээрэн үү. Хэнийг вэ. Энэ хагас жил дэмий л уймарч, өнөөдөр Жан овогтынх сайн, маргааш Ли овогтынх сайн гэснээ нөгөөдөр Ван овогтынх болно гэцгээнэ. Эдгээр охид ямар үйлээр хүнд шүүмжлүүлж байгаа юм бэ гэв. Цаадах нь:

-Одоо нэгэнт тогтсон юм чинь бусад охидод хамаагүй болжээ гэсэнд Бао Юй: “Хэнийг нь тогтов” гэж асуув.

-Ах чинь дээр үед гадагш явж байхдаа, ойр төрлийнхөө нэг айлд очжээ. Бүр садан төрөл нь юм гэнэ. Бас манайтай хамт өрх дансны зурганд нэр хамтарч наймаа хийх тэргүүн дэд зэргийн айл гэнээ. Эртийд тэдний энгүүн ярихыг сонсвол танай хоёр ордныхон цөмөөр мэдэх бөгөөд бүр нийслэл хотын Ван Хэүгээс тэргүүлэн жирийн наймаачин ардууд хүртэл цөм “Гавир цэцгийн Хиань овогтон” гэж дууддаг гэнээ… гэтэл Бао Юй инээн:

-За бас хаанаас Гавир цэцгийн Хиань овогтон гараад ирэх нь энэ вэ гэсэнд цаадах нь:

-Өвөг нь Хиань, маш баян эрхэм гэнэ. Түүний бусад тариаланг хэлэхээ больё. Зөвхөн гавир цэцгийг хэдэн арван өдөржийн газар тарина гэнэ. Энэ Чан Ань хотын гадаа дотор байдаг гавир цэцгийн пүүс цөм тэднийх. Ордны доторх чимэг заслын цэцэг хуар үзэмжийн газрыг ч тэднийх цөмийг өргөж тэтгэнэ. Тиймээс сая ийм цолтой болжээ. Одоо бол даяа нь үгүй болж ганцхан настан найнай нь төрсөн охинтойгоо амьдарна. Өөр ах дүүгүй гэнэ. Харамсалтай нь, энэ удам тасрахад хүрч байгаа гэнээ гэв. Бао Юй

-Бид түүний угсаа тасрах, эс тасрахыг яаж мэдэх вэ. Харин тэр охин нь сайн юм уу. Даяа чинь, яаж тоогоо вэ… гэсэнд цаадах нь инээж:

-Нэгд, урьдын сайн ерөөл, Хоёрт, “Санасан хүний нүдэнд самаа лянхуа цэцэг” гэгч болой. Хоёр айл эртнээс харилцаатай байсан тул хүүхдүүд нь багаасаа хамт тоглож өсчээ. Төрлийг нь хэлэлцвэл зээ, нагац болох нь мадаггүй. Энэ хэдэн жил ойртоогүй боловч, тэр нэг удаа гэрт нь очиход Шя найнай хүүгүй тул ахын чинь нас бие гүйцсэнийг хараад баярлан нулимас унагаж төрсөн хөвүүн адил үзжээ. Тэгээд ах, охин дүү хоёрыг уулзуулсан гэнэ. Тэр охин хуар цэцгээс сайхан төрсөн, гэртээ ном үзээд, шүлэг бичдэг гэнэ. Ах чинь хараад л сэтгэл алдарсан юм байх. Барьцаат зээлийн пүүсийн хоршигчдын хамт нэг бүлэг хүн түүний гэрт гурав дөрвөн өдөр байж “Сууцгаа” гэж шалжээ. Дахин давтан гуйгаад явсан гэнэ. Ах чинь буцаж ирээд, манай Тайтайд “Тэр охиныг хэлц” гэж гуйж гувшжээ. Манай Тайтай ч тэр охиныг мэдэх учир “Үүд өрх тэнцэнэ” гээд үгийг нь дагасан байна. Эндэх И Тайтай болон Фөн Жетэй зөвшөөд хүн илгээн хэлүүлсэнд хэрэг нь бүтжээ. Харин буулгаж авах өдөр их тулгам болсонд их яарч байна. Би ч хурдан харах юмсан гэж яарч байна. Шүлэг бичдэг хүн нэгээр нэмэгдэх нээ… гэсэнд Бао Юй хүйтнээр инээж:

-Хэдий тийм боловч би харин чиний хойшдын тухайд санаа зовж байна… гэсэнд цаадах нь:

-Энэ чинь юү гэсэн үг вэ. Би ойлгохгүй байна гэв. Бао Юй

-Мэдэж ядаад байх юм байхгүй. Бас нэг шинэ хүн ирвэл, Шюэ ах чамайг хайрлахгүй болно гэв. Шян Лингийн нүүр улайснаа төдхөн төв болж:

-Чи юү хэлээд байна вэ. Бид ерөөсөө нэг нэгийгээ өргөн хүндэлж ирсэн байтал чи гэнэт энэ хэргийг үүсгэн хэллээ. Хүмүүс чамайг ойртож болохгүй хүн гээд байдаг нь үнэн байх нь ээ гээд огцом эргэн явав. Түүний энэ байдлыг хараад Бао Юйн урам хугарч, удтал харж зогссоноо, хүрээлэндээ буцав. Тэрбээр шөнө ер олигтой унтаж чадсангүй. Маргаашнаас нь хоол ундад дургүй болж, үе үе халуурав.Бас саяхан Да Гуань Юань хүрээлэнг нэгжсэн, Сы Чиг хөөсөн, Ин Чүнигээс салсан, Чин Вэнигээс хагацсан зэрэг зүйл зүйлийн айж эмээж, ичиж зовсон, уйтгарлаж гунисан явдал удаа дараа давхацсанаас гадна халуун хүйтэн харгаж өвчин болоод хэвтэрт оров. Энэ байдлыг мэдээд Жя Мү өдөр болгон эргэж ирнэ. Ван Фүрэнь, Чин Вэний хувьд болчимгүй загнасандаа гэмшиж, ирж чадахгүй хүүгээ сайн сувил гэж эмгэдэд захина. Өдөр бүр эмч залж эм уулгасаар арай гэж нэг сарын дараа эдгэж авав. Хэдий тийм боловч гурван сар сайн сувилсны дараа бор идээ идэж гадуур гарч болно гэж эмч зөвлөв. Энэ хугацаанд хүрээний хаалган дээр ч очуулахгүй, зөвхөн гэрт нь байлгана. Зуу байтугай дөч тавин өдрийг ч тэвчиж чадах уу. Ихэд тачаадан элдэв аргаар оролдсон боловч Жя Мү Ван Фүрэнь зөвшөөрсөнгүй. Тэгээд шивэгчин охидтой тоглож наадахаас аргагүй болов.

Энэ үед Шюэ Пань эхнэр авч хурим хийж, ший дуулуулж байгаа дуулдана. Бас Шя авхай гэж цэвэрхэн төрсөнөөс гадна шүлэгч авъяастай хүүхэн дуулдана. Тэр бүхнийг үзэх юмсан гэж санана. Төдөлгүй Ин Чүнийг бэр буулгаж аваад явав гэж сонсогдов. Тэр эгч дүүстэй хар багаасаа халуун дотно хамт байснаа санагалзаж, одоо нэгэнт салбал хэдий хожим уулзлаа ч урьдын адил элэгсэг дотно байж чадахгүйгээс гадна очиж уулзаж чадахгүй байгаадаа ихэд гутарна. Хэдий тийм боловч тэсвэрлэн, аргагүйн эрхэнд шивэгчидтэй тоглож наадан уйтгараа сэргээнэ. Харин Жя Жөн ном уншуулах гэж шаардан зэмлэхгүй болсон нь бас ч нэгэн бодлын жаргал мэт санагдана. Энэ зуун өдөр, тэдгээр шивэгчингүүдтэй энэ ертөнцөд байж болох бүх зүйлээр наадаж гүйцээд, энэ хүрээлэнг нурааж хаяхад хүрснийг үл өгүүлэн өгүүлэх нь Шян Лин, тэр өдөр Бао Юйг зэмлээд, надад зориуд халдлаа. Үүнээс хойш түүнээс цааш хол явна гэж шийдсэн ажээ. Тэгээд Да Гуань Юань хүрээлэнд төдий л очихоо болив. Өдөр бүр Шюэ Паний бэр буулгах ажилд оролцоно. Ийнхүү буулгаад ирвэл, бие нь түшигтэй болж, хувийн үүргийг хуваах тул одоогийн энэ байдлаас амар тайван болохоор бодохгүй, өнгө зүс, эрдэм чадвартай сайхан хүн тул эрхбиш амарлингуй дөлгөөн зантай байх ёстой гэж санаад, бэр буулгах өдрийг Шюэ Паниас арав дахин илүү хүлээн сандарна. Хүссээр байтал нэг өдөр бэр буулган авчирсанд Шян Лин асар их хичээнгүйлэн хүндэлнэ. Энэ Шя авхай бол арван долоон настай. Өнгө зүс сайхны дээр үсэг бичигтэй. Ухаан санааны хувьд, Ши Фөнгээс дутахгүй. Харин багадаа эцгээсээ өнчрөөд эгч дүү наргүй тул бэлбэсэн эх нь охиноо эрдэнэ сувд мэт энхрийлэн хайрлаж, дур зоргоор нь байлгасаар хулгайч Хи2-тэй адил ааш зантай болгожээ. Биеэ бодисадва мэт эрхэмлэн, бусдыг өмхий шавар мэт үзэж гаднаа навч цэцэг мэт сайхан, дотроо аянгат салхи мэт догшин зантай. Гэртээ бол шивэгчдийг дураар зандран, барагтайг нь харааж, хэтэрснийг занчина. Одоо харьд мордож ирээд гэрийн эзэн найнай болсон тул охин үеийн адил бишүүрхэг зөөлөн байж болохгүй, сүр үзүүлж байвал сая хүнийг дарж чадна. Бас Шюэ Паний ааш зан эрс хатуу, авир байдал омогтой дээрэнгүй тул халуун дээр нь дарж авахгүй бол хожим хойшид өөрийн санаагаар явж үл чадна. Бас Шян Лин мэтийн өнгө зүстэй, эрдэм номтой хайртай татвар нь хажууд байх бол “Сун тайзү өмнөд Тан улсыг мөхөөх”3 гэгч атгаг санааг оргилуулжээ. Түүний гэрт гавир цэцэг арвин тул багын нэр нь, алтан гавирын Гүй гэнэ. Жинь Гүй гэртээ байхдаа, хүнээр “Жинь”, “Гүй” гэх хоёр үгийг хэлүүлэхгүй. Санаандгүй хэлчихвэл айхтар залхаана. Бодвол, Гүй, Хуа хоёр үгийг цээрлэж чадахгүй тул өөр нэр солих гээд гавир цэцгийг Саран ордны Чан Ө лүгээ холбон хэлэлцэхийг санаад Гүй Хуа цэцгийг “Чан Ө” цэцэг гэж сольж нэрлээд бас өөртэйгөө зүйрлэжээ. Одоо Шюэ Пань гэгч угаас шинэ юманд шунаж, хуучныг хаядаг, архины сүр байвч будааны хүчгүй хүн бөгөөд энэ эхнэрийг аваад гал халуун дээр байх тул алив юманд түүний аяыг дагана. Шя Жиньгүй энэ байдлыг хараад улмаар эрчийг нь чангална. Нэг сарын дотор хоёр хүний ааш зан төлөв тэнцэж байсан боловч хоёр сар болсонд Шюэ Панийх бүр баахан буурч ирэв.

Нэг өдөр Шюэ Пань, архи уусныхаа дараа ямар нэг юмыг эхнэртэйгээ зөвлөсөнд цаадах нь зөвшөөрөхгүй болохоор тэвчиж чадалгүй хэдэн үг хэлээд гарч одов. Үүнд эхнэр нь дургүйлхэн согтуу хүн мэт аашилж уйлан хоолоо ч идэхгүй, өвдлөө гэж ов гаргаж эмч залж үзүүлэв. Эмч “Хий, цус харгасан тул хийг тэгшитгэн, цээжийг уужруулах эм уувал зохино” гэжээ. Шюэ Има цухалдаад хүүгээ харааж “Одоо бэр буулгаад хүүхэдтэй болох гэж байгаа мөртөө ингэж дэмий ааш гаргаж яана. Гарди галбинга мэт хүн, арай гэж нэг цэцэг хуар мэт охинтой болоод… бид чамайг хүн гэж бодож эхнэр авч өгч байхад чи нэгэн сэтгэлээр эв найртай амьдрахыг бодохгүй, дэмий балай аашилж, хар ус залгилаад хүнийг зовоож яана вэ. Зоосоо барж эм уугаад сүүлд нь сэтгэлээ зовооно. Ямар хэрэг байна” гэв. Шюэ Пань эхийн үгийг сонсоод ихэд гэмшиж эхнэрээ аргадав. Бэр, хадам эхийнхээ үгийг сонсоод нэгэнтээ зориг орж, улам дээрэнгүй авирлаж эр нөхрөө тоохоо болив. Шюэ Пань буруугаа хүлээж аргадсаар арав хорин өдрийн дараа арай гэж эхнэрийнхээ сэтгэлийг эргүүлэв. Үүнээс хойш дандаа хичээн болгоомжлох болсноор омог сүр нь баахан буурав. Эр нөхрийн нь омог сүр дарагдаж, хадам эх нь бас номхон дөлгөөн хүн тул Жинь Гүй зугуухнаар “Зэвсэг хөдөлгөн, мориор довтолгож” үзэв. Эхлээд Шюэ Панийг хавчуулж дайруулж байснаа улам давирсаар ээж, охин дүү хоёрт нь халдаж үзэв. Бао Чай түүний гажуу сэтгэлийг шинжээд, тухай бүрд нь эвийг нь тааруулж далд үгээр түүний омгийг дарна. Залуу эхнэр, Бао Чай хэмээх авхайд халдаж болохгүйг мэдээд, өө сэв эрсэн боловч олохгүй болоод арга буюу мэхийн дагана.

Нэг өдөр шинэ бэр, Шян Линтэй энэ тэрхнийг ярьж байгаад түүний нутаг ус, гэр орон, эцэг эхийг сонирхон асуув. Цаадах нь цөмийг мэдэхгүй гэсэнд Жинь Гүй, түүнийг зориуд нууж байна гэж бодоод: “Шян Лин гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ” гэж асуув. Цаадах нь: “Авхай өгсөн юмаа” гэв. Жинь Гүй хүйтнээр инээж:

-Хүн бүхэн, авхайг ухаантай гэнэ. Ганц энэ нэгэн нэрээр бол тийм ухаантай бишээ гэсэнд цаадах нь инээж:

-Найнай, авхайг ухаантай биш гэж байгаа бол яагаад түүнд зөвлөдөггүй юм бэ. Авхайн эрдмийг И Лаое хүртэл магтдаг бөлгөө” гэв. Шян Лингийн ямар үг хэлснийг дараах бүлэгт унштугай!


Тайлбар:

  1. Цао Эгийн хөшөө-Хойт хань улсын үед мөргөлийн цуглаан дээр Юй Хианы ноёнд Шан гэгч элбэрэлт хүүхэн Цао Эг тахиж оршуулаад гашуудлын бичиг бичиж хөшөө чулуунд сийлжээ. Сүүлд Цай Юн гэгч хөшөөний бичгийг уншаад “Гайхамшигт сайхан уянга” гэж магтжээ.

  2. Хулгайч Хи гэгч нь Цүнь Чиүгийн үеийн боолчуудын бослогын гарамгай удирдагч Лю Хиахиг хэлжээ. Түүнийг тэрслүү ноёрхогч нар хулгайч гэж хараасаар иржээ. Лю Хиахигийн тухай зохиогчийн бодол огт таарахгүй юм.

  3. Сун Тайзү өмнөд Танг мөхөөсөн-Сун улсын хаан цэрэг хөдөлгөж, өмнөд Тан улсыг дайлжээ. Тэгэхэд нь өмнөд Тан улс элч илгээж, уучлахыг гуйсанд Сун тайзү “Өмнөд Тан улсад ямар ял байна вэ. Гагцхүү миний орны дэргэд яаж өөр хүн хурхиран унтаж болох вэ” гэжээ. Энд Жинь Гүйн атгаг сэтгэлийг зүйрлэн хэлжээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж