Намуудыг төрөөс санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Намуудыг төрөөс санхүүжүүлнэ

Намуудыг төрөөс санхүүжүүлнэ

УИХ-ын хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцэн батлахаар жагсаалтад багтаасан.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж буй юм. Эл төсөл эцсийн хувилбараар биежээгүй байгаа ч зарим хувилбарууд ил болоод байна. Тухайлбал, улс төрийн намуудыг сонгуульд үзүүлсэн амжилтаар нь төрөөс санхүүжүүлэхээс эхлээд нам ямар үйл ажиллагаа эрхлэх вэ гэдгийг нарийвчилж зааж өгч мэдэх нь. Энэ тухай мэдээллийг тоймлон хүргэе.

Сонгуулийн амжилтаар нь төрөөс санхүүжүүлнэ

Ажлын хэсэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулахдаа анх нам нь парламентад суудалтай, суудалгүйгээсээ үл хамаарч төрөөс 100 хувь санхүүжилт авдаг байхаар заалт тусгажээ. Гэвч эдийн засаг хүнд нөхцөлд бүх намууд төрөөс 100 хувь санхүүжих нь эргээд төсөвт дараа болох эрсдэлтэй тул сонгуульд үзүүлсэн амжилтаараа санхүүждэг байх нь илүү оновчтой гэж үзсэн байна.

Ийм саналыг эрдэмтэд мөн ирүүлжээ. Ингэхдээ сонгуульд өрсөлдсөн нам нийт сонгогчдоос 1-ээс дээш хувийн санал авсан нөхцөлд хувь тэнцүүлэх хэлбэрээр төрөөс санхүүжилт авах эрхтэй байж болохоор зохицуулалт тусгах боломжтой гэнэ. Одоогоор босгыг нарийн заагаагүй ч санхүүжилтийг дээрх байдлаар хуульчилсан нөхцөлд намууд бэхжих, эрх баригчдад тавих хяналт сайжрах сайн талтай гэж үзэж байна.

Учир нь өнөөдрийн хуулиар улс төрийн нам нь гишүүний татвар, хувь хүн, хуулийн этгээдийн хандив, парламентад суудалтай нам нь нэмж суудлынхаа тоогоор төсвөөс санхүүждэг. Энэ нь эргээд нам мөнгөтэй компани, бизнесмений халаасанд багтах, цаашлаад төрийн бодлогод нөлөөлөх зэрэг сөрөг үр дагаврыг дагуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, намуудыг хувь хүн, хуулийн этгээдээс хандив авахыг хориглох шаардлага байгаа ч төрөөс 100 хувь санхүүжилт авдаг тогтолцоонд шилжээгүй цагт улс төрийн нам бусдаас хараат бусаар үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй болох юм байна. Тиймээс сонгуульд үзүүлсэн амжилтаасаа хамаарч төрөөс тодорхой хэмжээний санхүүжилт авсан ч хувь хүн, хуулийн этгээдээс авах хандивыг нь хэсэг хугацаанд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гэж үзжээ. Гол нь санхүүжилтийг нь илүү олон нийтийн хяналтад байлгах зохицуулалтыг нарийн заах боломжтой гэдэг саналыг эрдэмтэд ирүүлсэн байна. Тодруулбал, улс төрийн нам нь орлогоо тогтмол олон нийтэд тайлагнах, санхүүдээ аудит хийлгэх. Санхүүжилтээ олон нийтэд тайлагнаагүй тохиолдолд төрөөс олгох дараагийн санхүүжилтийг нь зогсоох, цаашлаад сонгуульд оролцуулахгүй байхаар эрхийг нь хязгаарлах боломжтой гэж үзэж байна.

Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахыг хориглоно

Улс төрийн зарим нам үндэсний эв нэгдэлд харшлах, засаглалын тогтолцоотой харшлах үйл ажиллагааг явуулдаг болжээ.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуульд нам ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг нарийвчлан заагаагүй аж. Иймээс энэ асуудлыг дээрх хуульд зохицуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы танилцуулснаар бол улс төрийн нам нь Монгол Улсын Үндсэн хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Үүнд ардчиллыг бэхжүүлэх, үндэсний эв нэгдлийг хангах. Гаргасан улс төрийн шийдвэр нь гадаад харилцаа, засаглалын тогтолцоотой харшлахгүй байх.

Үзэл баримтлалынхаа дагуу үйл ажиллагаа явуулах. Төрийн алба болон улс төрийн намын зааг ялгааг төгөлдөржүүлэх.

Улс төрийн намуудыг бодлогын нам болгож төгөлдөржүүлэх. Ингэхийн тулд нийтийн эрх ашгийг эрхэмлэх, гаргасан шийдвэр нь хамтынх байх.

Улс төрийн нам нь дэргэдээ судалгаа хөгжлийн сантай байхаар зохицуулалтыг нь нарийвчлах. Тус сан нь намаасаа хараат бусаар ажиллаж бодлого боловсруулдаг байх. Гишүүдээ сургах соён гэгээрүүлэх үүргийг нам хүлээх.

Мөн намыг бүртгэх, татан буулгах, санхүүд нь тавих хяналтыг Сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлэх боломжтой гэдэг хувилбар ч яригдаж байна.

Одоо үйлчилж байгаа хуулиар намыг бүртгэх, татан буулгах асуудлыг Улсын дээд шүүх, санхүүд нь хяналт тавих асуудлыг Аудитын газар хариуцдаг. Харин дээрх хувилбар төсөлд сууж, батлагдсан нөхцөлд Сонгуулийн ерөнхий хороо зөвхөн сонгууль зохион байгуулах үүрэгтэй бус улс төрийн намуудын санхүүжилтэд хяналт тавихаас гадна нам байгуулагдах, татан буугдах эсэхийг шийддэг том эрхтэй болно гэсэн үг юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж