Солонгосчууд үзэсгэлэнгээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Солонгосчууд үзэсгэлэнгээ нээлээ

Монголын СУИС, “Ай эйч си” компанийн урилгаар ирсэн БНСУ-ын Кён Хи их сургуулийн багш нар Монголын уран зургийн галерейд өчигдөр үзэсгэлэнгээ нээлээ. “Тэнгэрийн Монголын ээрэм талд Гуулин улсын ордны уламжлалт зураг” нэртэй эл үзэсгэлэнд Ким Юн Квон, И Мүн Сон, Ким Хэ Гён, Ян Ён Сон, Им Э Жа, Жу Бүг Сү нарын бүтээл дэлгэгдсэн байна. Ороонги ургамал, тоорын мод, цээнэ, бадамлянхуа зэрэг төрөл бүрийн цэцэг, амьтан, шувуу зэрэг бүтээлүүдийг уралсан зураач тус бүрийн 10 орчим бүтээл дэлгэгдсэн байна. Уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнгээ Солонгосын уламжлалт зурагт байгаль, амьтны дүрслэл голлодог учраас тэрхүү онцлогийг харуулахыг зорьсон байна. Үзэсгэлэнд дэлгэсэнтэй адил зургууд тус улсын эртний хаад, ноёдын өргөө, ордныг чимэглэдэг байжээ.Зураач И Мүн Сон “Түшмэдийн замнал” хэмээх 16 ширхэг цуврал зургаа дэлгэсэн нь үзэсгэлэнгийн хамгийн том зураг болсон байна. Мөн Солонгосчууд барыг эрч хүч, баяр, аз жаргалын бэлгэ тэмдэг хэмээн бэлэгшээлдэг бөгөөд ихэнх уран бүтээлдээ барыг дүрсэлжээ. Эдгээр зураачид өөрсдийн уран бүтээлээ дэлгэхээс гадна манай орны дүрслэх урлагтай ч мөн танилцах хүсэлтэй байгаа гэнэ. “Тэнгэрийн Монголын ээрэм талд Гуулин улсын ордны уламжлалт зураг” үзэсгэлэн энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж