“Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхдэгээ болих хэрэгтэй” | News.MN

“Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхдэгээ болих хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

“Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхдэгээ болих хэрэгтэй”

“Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхдэгээ болих хэрэгтэй”

Засгийн газраас дижитал шилжилт төслийг эхлүүлэхээр бэлтгэл хангаж буй. Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэл багатай, хямд зардлаар хүргэхэд төслийн зорилго оршиж байна. Энэ талаар Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газрын Мэдээлэл, технологийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэлтэй ярилцлаа.


-Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох асуудлыг сүүлийн хэдэн жил ярьж буй. Хамгийн зөв арга нь төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх. Хэзээнээс төр үйлчилгээгээ цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх боломжтой болох вэ?

Төрийн үйлчилгээ, мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх ажил сүүлийн хэдэн жил тодорхой үе шаттайгаар хийгдэж байна. Төрийн мэдээлэл солилцооны системтэй холбогдсон байгууллагууд иргэнээс тодорхойлолт, лавлагаа нэхэхгүй байх хэмжээнд очсон. Засгийн газраас энэ ажлыг бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд хэд, хэдэн тогтоол шийдвэр гаргасан байдаг.

Технологийн хувьд бидэнд боломж, суурь нь бүрдсэнээр төр өөрсдөөсөө эхэлж цахим шилжилт хийх ёстой гэдгийг албан ёсоор зарласан. Төрийн байгууллага хамгийн эхлээд цахимаар үзүүлэх боломжтой үйлчилгээг иргэнийг өөрийн биеэр ирэх, эсвэл тодорхойлолт авчир гэхгүйгээр дотооддоо мөрдөх журамд өөрчлөлт оруулснаар шийдэх боломжтой. 

Яагаад төр өөртөө зориулж журам гаргаж, өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхээд байдаг юм бэ. Энэ арга барилаас салах ёстой. Тийм учраас төр иргэн төвтэй байх зарчим баримтална.

Иргэний мөнгө хэмнэгдэж, ойр зайнаас, чирэгдэлгүй төрийн үйлчилгээг авдаг байх, 24 цагаар мэдээлэл авах зэрэг боломжийг цахим үйлчилгээгээр дамжуулж хүргэхээр бид ажиллаж байна. Үүний тулд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах, цахим орчинд иргэнээ таних, төлбөр тооцооны ойлгомжтой үйлчилгээ, цааснаас хямд үйлчилгээг бий болгох, төр нь иргэндээ мэдээлэл хүргэдэг, төрд байгаа мэдээллүүдийг илүү нээлттэй болгох гэсэн үндсэн зургаан зарчим, суурь системээс эхлүүлнэ.

-Төрийн байгууллага нь цахим хэлбэрт шилжихээр дата багтаамж, суурь нь хүрэлцэх үү?

-Цахим засаглал үндэсний хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд суурь дэд бүтэц сайжруулах, зөөлөн дэд бүтцээ хөгжүүлэх, иргэдийн мэдээллийг дээшлүүлэх, мэдээллийн аюулгүй байдлаа хангах гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн үйл ажиллагаа явуулсан. Тодорхой түвшинд төрийн байгууллагууд мэдээллийн системтэй болж чадсан. Одоо бид ашиглах, амьдралд нэвтрүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц, багтаамж, суурь нь бэлэн болсон. Одоо төрийн байгууллагууд үүнийгээ ашиглаж, ажлаа эхлүүлэх л үлдсэн.

Бүх мэдээлэл цахим хэлбэрт шилжихээр иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

-Дижитал системд шилжиж байгаа үед мэдээллийн аюулгүй байдал маш чухал. Тиймээс бид иргэн нь өөрөө зөвшөөрсөн тохиолдолд мэдээлэл рүү нэвтрэх эрх олгоно. Иргэний зөвшөөрсөн эсэхийг цахим орчинд тоон гарын үсэг, хурууны хээ, ID хаяг гэх мэт зүйлээр шалгаж, баталгаажуулна.

Тухайн иргэн үндсэн хаягаар ороход суурь мэдээлэл ил байна. Зээл, татвар гэх мэт илүү нарийн мэдээлэл авахаар бол тоон гарын үсэг, хурууны хээгээр баталгаажуулахыг шаардана. Энэ бол хандалтын эрхийн зохицуулалтаар зохицуулагдана. Цахим хэлбэрт шилжихэд иргэд төрд байгаа өөрийн мэдээллээ хардаг, хянадаг хэмжээний анхны алхам байх ёстой. Үүний дараа иргэд өөрийнх асуудал хаана ямар байгууллагад байгаа, төрийн үйлчилгээг үнэлэх зэрэг үйлчилгээ ч байж болно. Магадгүй үүний дараа цахимаар сонгууль өгөх тухай асуудал яригдахыг ч үгүйсгэхгүй. 

-Тоон гарын үсгийн хэрэглээ иргэдийн дунд хэр зэрэг нэвтэрсэн юм бол. Иргэд тоон гарын үсгийн талаар мэдээлэл хэр байгаа бэ?

-Цахим орчинд хүнийг, иргэнийг таних асуудал их чухал байдаг. Жишээлбэл, фэйсбүүкийн орчинд бол тухайн хүнийг  ID хаягаар нь ямар хүн бэ гэдгийг нь харж болно. Харин төрийн үйлчилгээ авч байгаа тохиолдолд тухай хүнийг энэ хүн мөн шүү гэдгийг тодорхойлох асуудал их чухал. Тоон гарын үсгийн тухай хууль 2011 онд батлагдсанаас хойш дэд бүтцээ үүсгэж, бий болгосон. Тоон гарын үсэг нь тухайн хүнийг мөн гэдгийг баталгаажуулах, нууцлал, хамгаалалтын болон үл татгалзах үүрэгтэй. Одоогоор тоон гарын үсгийг дөрвөн компани тараадаг. Хууль нь батлагдсан ч хэрэглээ нь байхгүй байсан бол одоо зарим төрийн үйлчилгээний компаниуд тоон гарын үсгийг ашиглаж эхэлсэн. Тухайлбал, Үндэсний хөгжлийн газар тоон гарын үсгийг ашиглаж тендер зохион байгуулдаг. Маш олон бичиг цаас, хэмнэдэг. Албан бичгийн цаасанд бид нэг жилд 25 тэрбум төгрөг зарцуулдаг. Тоон гарын үсэгт шилжсэн байгууллагад 60 хувийн хэмнэлт гарсан байна. Тоон гарын үсгийн хэрэглээ цахим орчинд маш хязгааргүй. Цаашид иргэний төрийн үйлчилгээ авах гол түлхүүр нь тоон гарын үсэг болно. Тоон гарын үсгийг цахим үнэмлэх, гар утас, флаш зэрэгт суулгаж авах боломжтой. Улсын бүртгэлийн байгууллага нь тоон гарын үсгийг цахим үнэмлэхэд суулгах бэлтгэлээ бүрэн хангасан гэсэн мэдээлэл өгч байгаа.

-Иргэний цахим үнэмлэхний чипэнд маш олон мэдээлэл багтаах боломжтой гэдэг. Цахим үнэмлэхтэй очсон ч түүнийгээ ашиглаж чаддаггүй. Үнэмлэхтэй очсон байхад л хорооны тодорхойлолт, нотариатын баталгаа нэхдэг шүү дээ?

Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхдэгээ болих хэрэгтэй. Энэ нь төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцохтой холбоотой асуудал юм. Бүр нэг байгууллагын хоёр хэлтэс хоорондоо иргэнийг гүйлгэж бичиг цаас нэхдэг асуудал цаашид байх ёсгүй. Ухаалаг цахим иргэний үнэмлэхийг цаашид тоон гарын үсгийн тээгч болгох боломжтой. Иргэний үнэмлэх нь өөрөө тухайн иргэнийг таних хамгийн том баримт.

-Хур системийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Энэ систем нь өөрөө хэр хүртээмжтэй ажиллаж байна вэ?

-Хур систем нь төрийн байгууллагуудын мэдээллийг нэг цонхоор дамжуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн бүх мэдээлэл нэг цонхоор дамждаг сервис юм. Энэ системээр дамжуулан өөрийн бүх мэдээллээ авах тэр бааз нь Хур систем байх юм. Түүнээс гадна иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг банкны салбар төрийн цахим шилжилтийг дагаад иргэдээс авдаг материалуудаа багасгах боломжтой. Банк, санхүүгийн байгууллагаас ямар нэг үйлчилгээ авахаар иргэний үнэмлэхээ өгөхөд банкууд төрийн мэдээллийн санд уншуулаад ямар нэг лавлагаа гэхгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжтой. Зарим банкны хувьд иргэнээс авдаг материалын тоог бууруулах системийг нэвтрүүлж эхэлж байна. Тухайлбал, банкнаас авдаг зээлийн дийлэнхийг цалингийн зээл эзэлдэг. Цалингийн зээл авах гэж байгаа иргэнээс нийт зургаан материал бүрдүүлж авдаг. Тэгвэл цахим системд шилжвэл зургаан материалын дөрвийг нь цахим системээс авч, хоёрыг нь л иргэнээс авах боломжтой болж байгаа юм. Голомт банк энэ системийг тун удахгүй нэвтрүүлэх гэж байна. Тэгэхээр цахим хэлбэрт шилжсэн тохиолдолд төр, хувийн хэвшлийн бүх байгууллагад нэгдсэн цахим системээс мэдээллээ авах боломжтой болох юм.

-Төрийн байгууллагууд цахим системд бүрэн шилжихэд ямар хугацаа зарцуулах вэ?

-Бид хоёр жилийн дотор тодорхой үр дүнд хүрнэ гэж төлөвлөж байгаа.

-Цахим системд шилжихэд хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах боломжтой гэсэн. Программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдтэй ямар зарчмаар хамтарч ажиллах вэ?

Төрд байгаа мэдээлэл дан ганц төрд биш хувийн хэвшлийн байгууллагад ч хэрэгтэй. Хувийн хэвшлүүд төрийн байгууллагуудыг өөрчлөх, шинэчлэхэд оролцох юм. Өөрөөр хэлбэл, бид дандаа гадны зээл, төсөл хөтөлбөр харж, цахим, технологийн салбартаа зарцуулж байгаа мөнгөө дандаа гадагш нь урсгадаг. Гадны төсөл, санхүүжилтээр хийлгэсний дараа үр дүн багатай байдаг. Тиймээс дотоодын нөөц бололцоо, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжилтэн, аж ахуй нэгжүүдтэй хамтран цахим шилжилтийг хийхийг зорино. Төр өөрөө өөрчлөгдөх нь хууль эрх зүйн, хандлага зэрэг олон зүйлээс шалтгаална. Түүнээс гадна бид бусад орны туршлага судлах, зөвлөгөө авахад гадаадын тусламж авах ёстой.

Ш.ЧИМЭГ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-13

Яагаад төр өөртөө зориулж журам гаргаж, өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхээд байдаг юм бэ. Энэ арга барилаас салах ёстой. Тийм учраас төр иргэн төвтэй байх зарчим баримтална. Үнэн шүү.

Avatar

Зочин 2018-03-13 202.21.117.2

ЗӨВ

Avatar

Zochin 2018-03-13 202.179.30.194

Nuutslal, khamgaalaltiin ajliig sain zokhion baiguulj, chig yyreg bykhii baiguullaguudiin ajil yyrgiin khuviariig nariin onovchtoi zokhion baiguulakhgyi bol khetsyy sh dee. Odoo ene ajil khiij suraagyi, ariin khaalga, munguur alban tushaal avsan nukhdyyd chin' yu khiikhee medekhgyi end tend ajil unagaad duusaj bna shyy dee.

Avatar

Зочин 2018-03-13 66.181.187.50

Medeelel holboonii suljee toriin omchit kompanii haltuurchin darga naraasaa salahgui bol ene ajil yavahgui.ded buttsiin ajliig ene haltuurchin darga nar l gatsaaj baigaa

Avatar

Зочин 2018-03-13 202.179.26.96

Olon ch jil yrij bna daa. ahihgui yum doooo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж