Засаг захиргааны нэгжид ажиллах томилолт дууслаа

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Засаг захиргааны нэгжид ажиллах томилолт дууслаа

Технологи хөгжжээ. Сэлэнгийн наадмыг
телевизээр шууд дамжуулж байна. Дундуур нь Засгийн газрын нэгэн
гишүүнээс сурвалжлагын баг яриа авна лээ.

-Наадам сайхан болж байна уу?

-Өргөн дэлгэр сайхан наадам болж байна. Сэлэнгэчүүддээ энэ завшааныг ашиглаад сайхан наадахыг…

-Энэ наадамд нэлээд олон Засгийн газрын гишүүн /сайд/ иржээ. Бүгд амарч байгаа хэрэг үү?

-Үгүй. Аймаг гэдэг бол Засаг захиргааны нэг нэгж нь. Тэр утгаараа Засгийн газрын гишүүд энд ажиллаж байна…
Гоё
ажил байгаа биз. Өөр олон наадмыг шууд дамжуулах үеэр бусад нь ч түүний
яриаг л тоть мэт давтаж явна лээ. Буруугаар ойлгуузай. Гомдоно шүү ,
цаадуул чинь. Иймэрхүү байдлаар засаг захиргааны олон нэгжид Засгийн
гишүүд сар гаруй хугацаанд ажиллав. Ажлын хувцас нь ч их онцлог аж.
Америкийн адуучны малгай дугтуулж, гоёмсог дээлийг мөнгөн тоногтой
бүсээр бүсэлж, хөлдөө хромтой, хүзүүндээ гинжтэй, нүдэндээ нарны шилтэй,
нүүрэндээ нарнаас хамгаалсан тостой, гартаа хөөрөгтэй. Ингээд л тэгш
ойнууд шил шилээ дагаж байгааг ч хэлэх үү, аймгаас аймгийн наадамд
ажиллав, хөөрхийс. Амрах заяа даанч алга даа, тэдэнд. “Дараа жилийн
наадам ч даанч хол байна даа” гэж дуулж амжаагүй байхад нь Засгийн газар
хурлын тов зарлаж хотод ирэхийг үүрэгдэв. Бусдын сайн сайхны төлөө
буянтай ажил хийж, суварга, хөшөө тэргүүтнийг босгуулсан тэд маань хальт
мулт зургаа татуулаад, хам хум салах ёс хийгээд хүлгийн жолоог
нийслэлийн зүг эргүүлэв бололтой. Хурим найрын зууч шиг наадмаас наадмын
хооронд хооронд нүдний хор гаргах завгүй явсан зарим нь их л ундууцаж
буй бололтой.

Гэхдээ бас нэг нүсэр наадам хотод тэднийг хүлээж
буй. Геннисийн номонд үндэсний бөхөө бичүүлэхээр 4096 бөх барилдана.
Урьд өмнө нь ийм том наадмыг зуу насалж, зургаадай таягаа тулсан чавганц
ч үзээгүй биз. Нүсэр юм болно оо. Энэ ажлыг Засгийн газар л зохион
байгуулна шүү дээ. Ингээд амарч амжаагүй сайд нар ажилдаа орох нь.

Өнөөдөр
Засгийн газрын хуралдаантай. Хэлэлцэх асуудал нь, ургацын бэлтгэл ажлын
хангуулах, хүн хулгайлсан хэргээр хоригдоод байгаа Б.Хурцыг “хулгайлж”
ирэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх… гээд олон юм бий. Б.Хурц
гэснээс өмнө нь Гадаад хэргийн яам түүний асуудлыг хариуцаж байсан ч
хүчирхээгүй учраас туршлагатай “чекист” Ц.Нямдоржийн гарт шилжүүлэх юм
гэнэ лээ. Мань хүн ч өгсөн үүргийг нь биелүүлээд олоод ирэх байх өө,
Б.Хурцыг.
Иргэдээ алагчлалгүй ажиллаж, наадмыг нь үзэж, харах
хөшөөтэй, мөргөх суврагатай болгосон тэд дараагийн нөр их ажлаа хийхээр
ирцгээлээ.

Одоо тэдэнд хийх олон ажил бий. Сонгуулийн бэлтгэлийг
сайтар базаахаас эхлээд сурагчдын сурах бичиг, сургуулийн засварын
ажил, малчдын малд өгөх тэжээлийг бэлтгэл, нийслэлчүүдийн “зулгаах”
нөөцийн махыг бэлтгэж, бэлтгэсэн нь өгөх мөнгийг олох гээд олон ажил
бий. Ингэж гүйсээр сонгуультай золгоно. Азтай, хийгээд мөнгөтэй нь
УИХ-ын эрхэм гишүүн болж, хувь дутуу нь хөдөөд Засаг дарга болно оо.
Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав шиг. Ахиад л томилолт үргэлжлэнэ.
Санжмятаваас юугаараа дутах билээ. Хөвсгөлөөс мянган цаатанг, цаа
бугатай нь авчирч бөөлүүлж ч чадах л улс.  

Тэдэнд амрах зав ердөө ч байхгүй. Томилолт, дахиад л томилолт…

А.Шархүү

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж