Төрийн үйлчилгээний 87 хувийг цахимжуулна

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Төрийн үйлчилгээний 87 хувийг цахимжуулна

Төрийн үйлчилгээний 87 хувийг цахимжуулна

Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2018.03.13/ болж,  төрийн дижитал шилжилт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мэдээллийн технологийн тусламжтай Монгол Улсаа хөгжлийн шинэ шатанд гаргах, үүний тулд төрийн бодлого, стратеги, оновчтой шийдлийг тал бүрээс нь авч хэлэлцэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм байна.

Монголын төрийн 27 байгууллага нийт 332 үйлчилгээг иргэд, аж ахуй нэгжид хүргэдэг. Иргэд төрийн байгууллагаас үйлчилгээ авахад жилд 153,4 тэрбум төгрөг, төрийн байгууллага 166,5 тэрбум төгрөгийг зарцуулдаг юм байна. Төрийн байгууллага нэг жилд зөвхөн бичиг, цаасны зардалд 24,8 тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд цахим хэлбэрт шилжиж чадвал 9,9 тэрбум төгрөг хэмнэх боломжтойг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Дэлхийн улс орнууд технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чирэгдэл багатай хүргэдэг, төрийн үйлчилгээг илүү хялбар, зардал багатай болгох чиглэлд ажиллаж байна. Тиймээс Монгол Улсын төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс нэхдэггүй байх, цаасан биш цахим хэрэглээнд нэвтрэх ажлын төр өөрөөсөө эхлэх ёстой гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийн эхэнд онцолсон юм. Тэрээр Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн даргаар ажилладаг юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар:

-Мэдээллийн технологийг ашиглан Монгол улсын хөгжлийн шинэ шатанд гаргах, хүнд сурталгүй, авлигагүй шуурхай үйлчилгээг үзүүлэхэд дижитал шилжилтийн агуулга оршиж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дижитал технологийг ашиглан хөгжлийн шинэ шатанд гарсан бодит жишээ олон бий. Монгол Улсад 500 мянга гаруй иргэн ухаалан гар утас хэрэглэж байна. Тиймээс эхний ээлжинд төрийн бүх үйлчилгээг ухаалан утсаар дамжуулан мэдээлэл өгөх, төрийн зарим үйлчилгээг гар утсаараа авах, тусгай зөвшөөрлүүдийг интернетээр авах зэрэг боломжуудыг дижитал шилжилт төсөл хэрэгжүүлж эхэллээ. Өнөөдрөөс Азийн хөгжлийн банктай хамтран яамдын бүх мэдээллийг нэг дор нэгтгэж, нэг дороос мэдээлэл авах боломж нээгдлээ. Тиймээс яамд хоорондын уялдаа холбоог сайжруулснаар төрийн бодлогын уялдаа холбоо, нэгдсэн төлөвлөлт эрс сайжирна гэж харж байгаа. Энэ бүхэн хүнд сурталгүй, иргэдэд чирэгдэл бага учраас төрийн үйлчилгээ бий болох юм. Хариуцлагатай төрийн бий болгох нэг гол реформ нь дижитал шилжилтийн өөрчлөлт юм. Мэдээллийн технологийн шилжилтийг төрөөс зардал гаргахгүйгээр дотоодын нөөц бололцоог ашиглан хийхээр төлөвлөж байна. Тиймээс энэ салбарын аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллахаар  ярилцаж байна.

Төрийн үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлэхэд бизнес индекс өсч, авлигын индекс буурсан олон улс орны туршлага бий. Тэр дундаа ард иргэдийн төрд итгэл маш өндөр болж өсдөг аж. Мэдээлэл шуудан, харилцаа холбооны зохицуулах газраас өнгөрсөн оноос Хур.мн системийг үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн. Тус системд суурилан төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох, төрийн байгууллагуудын хоорондын албан бичиг зэрэг цаасны хэрэглээнээс татгалзаж, зардлаа хэмнэх боломжуудыг эрэлхийлж байгааг онцоллоо. Төрийн үзүүлж буй 332 үйлчилгээний 87 хувийг дижитал хэлбэрт шилжүүлэх боломжтой бол 13 хувь нь иргэд, аж ахуй нэгж өөрийн биеэр очиж авах үйлчилгээ байдаг юм байна.

Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газрын Мэдээлэл, технологийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Билэгдэмбэрэл:

-Ер нь сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авсаар ирсэн. Технологийн хувьд, дэд бүтэц, суурь бий болчихсон. Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэхгүй, заавал цаасан буюу уламжлалт сэтгэхүйгээс салах цаг болсон. Иргэний мөнгийг хэмнэж, бага чирэгдэл үүсгэхгүйгээр мэдээлэл хүргэх зорилгоор ажиллаж байгаа. Үүний тулд байгууллагуудын түвшинд өөрчлөгдөх, шинэ арга хэлбэрээр ажиллах, иргэдийн оролцоог дэмжих, гар утасны аппликейшныг ашиглах, төрд байгаа мэдээллийг ил болгох гэсэн суурь зарчмуудыг өөрчилж, шилжилт хийхээр төлөвлөж байна.

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Чулуунзагд:

-Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх нь хамгийн зөв арга. Төрийн хүнд суртлыг багасгах, авлигаас ангижрах талаар бид байнга ярьдаг ч тодорхой үр дүнд хүрдэггүй. Тиймээс технологийн дэвшлийг ашиглан төр бодлого гаргаж, гүйцэтгэгч нь хувийн хэвшил байх ёстой. Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо 100 гаруй гишүүн байгууллагатай. Тиймээс бид төртэй хамтран дижитал шилжилтийг хийхэд хамтарч ажиллана. Өнгөрсөн хугацаанд цахим засаглалтай холбоотой маш олон гадны төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Үүнийг нь дагаад гадны компаниуд энэ үйлчилгээг гүйцэтгэдэг байсан. Өндөр дүнтэй төсөл хөтөлбөрүүд үр дүн багатай байгаад байсан учраас энэ удаад дотоодын компаниудын нөөц бололцоог ашиглах, чанартай хийж гүйцэтгэх боломжтой.  Төр бодлогоо гаргаж, хяналтаа сайн тавьж, Монголын хувийн хэвшил буюу програм хангамжийн чиглэлээр ажиллаж байгаа аж ахуй нэгж, инженерүүд цахим шилжилтийг гүйцэтгэх чадвар, хүчин чадал хангалттай байгаа. Тиймээс төр бодлого, хяналтаа сайжруулж, дотоодын аж ахуй нэгж гүйцэтгэх юм бол энэ ажил үр дүнтэй болно гэж харж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж