Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны 126 гишүүнээ ротацид оруулсан. Энэ хорооны гишүүд жилд гурван сая төгрөгийн татвар намдаа төлөх ёстой. Гэтэл татвараа төлөөгүй, намын үйл ажиллагаанд идэвхгүй хандсан, оролцоо багатай гэх шалтгаанаар 126 гишүүнээ ротацид оруулаад байгаа юм. Тэдний дунд Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр нар багтсан билээ.
Ротацид оруулсан гишүүддээ Үндэсний бодлогын хорооны сонгуульд өрсөлдөх боломж олгож, нэр дэвших бүртгэл явуулсан ч дээрх гишүүдийн хэн нь ч бүртгүүлээгүй байна.
Тодруулбал, өнөөдөр Үндэсний бодлогын хорооны 123 мандат дээр өрсөлдөх эрхийн үнэмлэх гардуулахад хэн нь ч ирж үнэмлэх авсангүй. Харин УИХ-ын гишүүн асан Б.Болор, А.Бакей, Д.Дорлигжав болон Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нар өрсөлдөхөөр бүртгүүлжээ.