Ц.Цогзолмаа: Ясли маш их хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Ц.Цогзолмаа: Ясли маш их хэрэгтэй байна

Нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч Ц.Цогзолмаатай уулзаж ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёрхон долоо хоног үлдэж байна. Ингэхэд нийслэлийн сургууль, цэ­цэр­лэгүүдийн засвар дууссан уу.  Ер нь хичээлийн шинэ жилийн бэлт­гэл хэдэн хувьтай байна. Учир нь  урьд өмнө нь зарим сургууль, цэ­цэр­лэгийн засвар хугацаандаа дуу­саагүйгээс болоод есдүгээр са­рын 1-нд үүдээ нээж чадахгүй то­хиолдол цөөнгүй гарсан?

-Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 200 гаруй ерөнхий боловс­ролын сургууль, 200 гаруй  цэцэрлэг төрийн болон төрийн бус өмчийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.  Боловсролын үйлчилгээг хүү­хэд багачуудад хүргэх ажлын 30-40 хувийг хувийн хэвшлийнхэн гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, хувийн цэцэрлэг  сургууль төрийн  гүйцэтгэх ёстой үүр­гээс 10-аад жил хуваалцаж ирлээ. Энэ жил Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцаас 1,5 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн засварт зориулан гаргаад байгаа. Дээрх мөнгөөр 23 сур­гууль, 18 цэцэрлэгийг засч янзаллаа. Сургууль, цэцэрлэгийн барилгууд маш их хуучирсан. Ихэнх нь баригдаад 50-60 жил болчихсон учраас засч янзлахад маш хөрөнгө мөнгө хэрэгтэй болдог. Тиймээс сургуулийн  дээврийг нь сольж янзаллаа.  Цахилгаан, сан­тех­­­­­­­никийн шугам сүлжээг нь шинэ­чилсэн. Мөн зарим сургуулийн цон­хыг вакуумжуулаад байна. Хуучны барилгын цонх нь муу, агаар сийгдэг, дулаан их алддаг болохоор өвлийн цагт хүүхэд даарч, зутраад байна гэх гомдлыг эцэг эхүүд нэлээд гаргадаг учраас сургуулийн вакуумжуулах аж­лыг хийсэн. Өнөөдрийн байдлаар сур­гууль цэцэрлэгийн засварын ажил 85-90 хувьтай байна гэж дүгнэж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн зургаан дүүргээр явж, засварын ажил нь хараахан дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай та­нилцсан. Тэгээд тэдэнд наймдугаар сарын 20-ны дотор засвар үйлчилгээгээ дуусга гэсэн үүрэг өгсөн. Тэгэхээр есдүгээр сарын 1-нд бүх цэцэрлэг сур­гууль хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болчихно гэдэгт итгэлтэй байна.

-Мэргэжлийн байгууллагуудаас нийслэлийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн нэлээд олон нь газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй гэсэн дүгнэлтийг өнгөрсөн хавар гаргасан.Энэ шалгалтын мөрөөр ямар ажлууд хийж байна?

-Улаанбаатарын барилга ямар бай­гаа талаарх бодит дүгнэлтийг гаргахаар холбогдох газруудаас өнгөрсөн хавар судалгаа хийсэн юм билээ. Дээрх судал­гаагаар сургууль, цэцэрлэгийн ихэнх нь газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй гэ­сэн дүгнэлтэд хүрсэн. Энэ асуудалд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд нааштайгаар хандаж үндсэндээ Баян­гол дүүргийн 97 дугаар сургууль, 70 дугаар сургуулийг сургалтын зориу­лалтаар ашиглах боломжгүй гэ­сэн мэргэжлийн байгууллагуудын дүг­нэл­тийн дагуу нураагаад оронд нь шинэ барилга барихаар төсөл хөтөлбөрийг улсын төсвийн мөнгөөр хийхээр болсон байгаа.  Үүний дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад 2-3 сургуулийн барилгыг нураагаад оронд нь шинэ барилга барих ажлыг энэ намар эхлүүлэх юм.  Он гарангуут үндсэндээ уг сургуулийн барилгыг ашиглалтад оруулах бодолтой байна.  Ер нь бо­ловс­ролын салбарт хийгдэж буй хө­рөнгө оруулалт сүүлийн жилүүдэд тогтмоол өсөлттэй байгаа.  Нэг хэсэг эмнэлгүүдийн барилга ямар байлаа, графиктайгаар засч янзалсны хүчинд одоо ямар байна. Тэгвэл яг үүн шиг л сургууль, цэцэрлэгийн барилгыг гад­наасаа харахад яг дотор нь ороод үзэхэд сэтгэл дүүрэн байхаар засч янзлах, үе шат системтэйгээр анхаарч байна. Дүүргүүдээс дараа дараагийн жилд их засварт орох сургууль, цэцэрлэгийн судалгааг авч байгаа.

-Сургууль цэцэрлэгийн хүрэл­цээ  ямар байна. Улаанбаатарын хүн амын тоо жилээс жилд өсч бай­на. Үүнтэй холбоотойгоор сур­гууль, цэцэрлэгийн хэрэгцээ ч ихэсч байгаа?

-Улаанбаатарт норм, нормативын дагуу хүүхдүүдийг сургая гэвэл нийт­дээ 60 сургууль хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, нэг ширээнд гурвалж биш хоёр сурагч суулгахын тулд дээрх хэмжээний сургууль барих хэрэгтэй. Тэр 62 сургуульд сурах ёстой хүүхдүүдийг бай­гаа  хэдэн сургуульдаа шингээж бай­на гэхээр сургууль, цэцэрлэгийн ачаа­лал хэр байгаа нь тодорхой.

-Сургуулийн сурагчид ний­тийн тээврээр хөнгөлөлттэй үйлч­лүүлэхэд нийслэлийн Засаг дар­гын Тамгын газраас хэрхэн ан­хаарч ажиллаж байна. Сургууль, цэ­цэрлэгээс хол гэртэй хүүхдүүд ний­тийн тээврээр үйлчлүүлэхээс өөр аргагүй болдог. Гэтэл тэдэнд  өдөрт 400-800 төгрө­гөөр  яваад байх бо­ломж хэр би­лээ. Хоногийнхоо хоо­лыг арай ядан залгуулж бай­гаа хүмүүс хүүх­­дийнхээ авто­бус­ны мөнгийг дий­лэх үү гэх мэт­чилэнгээр бодоход хүүхдүүд ний­тийн тээврээр үйлч­лүүлэхэд хөн­гөлөлт эдлэхээс өөр ар­гагүй юм шиг ээ?

-Сургуулийн хүүхдүүд сурч боловс­роход нийтийн тээврийн үйлчилгээг авахаас өөр аргагүй.  Гэрийнх нь ойрол­цоо сургууль нь байдаг хүүхдүүд байхад гэр хорооллын хүүхдүүдийн хувьд хэд хэдэн автобус дамжиж  хичээлдээ явдаг. Энэ тухай судалгаа дүүрэг, дүүрэг дээр ч, Нийслэлийн боловсролын газар ч байгаа.  Тэгэхээр энэ асуудлыг бодлого болгож, тооцоо судалгаа хийсний үнд­сэн дээр  шийдэх ёстой. Мэдээж хэрэг, хүүхдүүд сурч боловсроход ний­тийн тээврийн үйлчилгээнээс хэр хүнд­рэл учирч байна гэдгийг судлаад, энэ асуудлыг шийдэх нь төрийн үүрэг. Нийтийн тээврийн газраас  энэ асууд­лыг хөндөөд одооноос бидэнд санал тавьж байх ёстой. Тэгэхгүй нэг өдөр автобусны үнийг нэмнэ гэж хүндрэл учруулаад байж болохгүй биз дээ. Энэ асуудлыг хариуц гээд Нийтийн тээврийн газрынханд цалин өгч байгаа нь үнэн. Яах гэж тэд цалин аваад сууж байгаа билээ, иймэрхүү асуудлыг ший­дэх хэрэгтэй шүү дээ.

-Ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын сургалтын ча­­­нар муу байгааг эрдэмтэд шүүм­жилдэг. Энэ бол боловсролын сал­барын анхаарах нэг сэдэв бол­сон?

-Өнөөдөр сургалтын  асуудал яах аргагүй анхаарлын төвдөө авах сэ­дэв болсон. “Түнтгэр өвгөн түмэн жад­тай, тэр юу вэ” гэсэн асуултад “Чингис хаан” гээд хариулж байгаа ши­нэ үеийг бид бэлтгэж болохгүй. Зах зээлд  шилжсэнээс болоод гэх эзэнгүй, бие­гүй зүйлд буруугаа чихэх, хямралд буруугаа тохож болохгүй. Энэ бол эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, томчууд бидэнтэй шууд холбоотой. Бид ирээдүйдээ ийм чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлж болохгүй биз дээ. Энэ бол эмзэг сэдэв. Бид боловсролгүй, бие даах чадваргүй иргэн бэлтгэнэ гэдэг эргээд халамж харсан, төрийг горьдсон, тэтгэмж нэхсэн хэсэг бүлэг хүмүүсийг бий болгож байгаа гэсэн үг шүү дээ.  Боловсролын салбарт тогтвортой хөгж­лийн бодлого хэрэгжүүлэх ёстой.  Ерөнхий эрдмийн гээд нэрлээд байгаа 18 хичээлээс аль яг хүүхдэд хэрэгтэй байна. Социализмын  үеийн хөтөлбөрийг бид өнөөдөр ингээд чирээд явах уу. Улсын хөгжил  арван жилээр өөрчлөгдөж байна. Хүн төрөлхтөний  нийгэм секундээр хэмжигдэж бай­гаа энэ үед бид аль социализмын үеийн хэрэгтэй хэрэггүй хичээлээр хүүхдүүдээ зовоогоод байх уу. Тэдэнд аль хичээлийг түлхүү заах уу, алийг нь задлах уу гэдгийг бодолцох хэрэгтэй болсон юм шиг санагддаг. Акадимик сургалтаар юуг нь заах ёстой юм, оюутан байхад ямар хичээл заах вэ. Бага ангидаа юу үзэх вэ, дунд сургуульд ямар мэдлэг олгох вэ, ахлах сургуульд хэн байх вэ, дээд сургуульд орохдоо тэр хүн юу мэдсэн байх ёстой вэ гэдгийг цаг үетэй нь холбон шийдвэрлэх ёстой. Яагаад 12 дугаар анги төгсч байгаа хүүхдэд жолооны мэдлэг олгож болохгүй гэж. Гэх мэтчилэнгээр шийдэх ёстой. Монгол  эрс тэс уур амьсгалтай. Үүнийг ч сургалтын системтэйгээ хослуулах ёстой юм. Зарим улс оронд өвлийн ид хүйтнээр хүүхдүүдээ амралт өгдөг. Хэрвээ манайх зундаа хичээллээд өвөлдөө амардаг бол айл өрхөд эдийн засгийн хэмнэлтэй.  Ядаж л өвлийн хүй­тэнд хүүхэд багачууд ханиад томуу хүр­чихгүй гэртээ дулаахан өвөлжинө шүү дээ. 

-Намар болохоор л нийслэлийн ачаалал ихэсчихдэг. Ялангуяа ес­дүгээр сараас. Бөөн түгжрэл, бөөн стресс?

-Тийм, тэгэхээр үүнийг зохицуу­лахын тулд ядаж л цагийн менежмент хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Бүгд л өглөө 09.00 цагаас мөргөлдөж, түгжрэлдээд өглөөнөөс орой хүртэл бөөн уур унтуу, стресстэй явах хэрэггүй. Төрийн албыг яагаад 08.00 цагаас эхлүүлж болохгүй гэж. Их дээд сургуулийн хичээлийг 8.30-аас, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 9.30-аас гэх мэтээр зохицуулах хэрэгтэй шүү дээ. Энэ цагийн менежментээр замын ачааллыг зохицуулж болох л юм шиг санагддаг.  Нөгөөтэйгүүр сургууль, цэцэрлэгийн асуудал байна. Зуны цагт орлого овоохон олчихмоор байдаг. Гэтэл хүүхдүүдийг нь харах хүнгүй.  Хэрвээ болдог бол цэцэрлэгийг  зун ажиллуулах юм бол аав ээжид нь ямар том хөрөнгө оруулалт болох билээ.  Вьетнам гэхэд л өглөө 07.00 цагаас ажил нь эхлээд 16.00 гэхэд дуусдаг. Тэгээд тэр хүн өрхийнхөө орлогыг олох эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл, “халтуур” хийж мөнгө олох боломжтой болдог. Ийм л цаг хугацааг нь иргэддээ олгох ёстой юм шиг бодогддог юм.  Яг үнэндээ намар хөдөөнөөс баахан оюутнууд хотод чихэж орж ирээд л бөөн асуудал, ачаалал үүсгэдэг худлаа биш шүү дээ.

-Залуу эхчүүдэд нэгэн бэрхшээл байдаг. Хоёр ой хүрэхгүй хүүхдийг цэцэрлэг авахгүй. Гэтэл эцэг эх нь ажлаа хиймээр гэх мэтчилэнгийн асуу­дал гэр бүлд тулгардаг. Нийс­лэлийн нийгмийн бодлого ха­риуцсан орлогчийн хувьд, бас хүүх­дийн салбарт олон жил ажилласан мэргэжилтний хувьд энэ асуултыг тавьж байна?

-Үнэнийг хэлэхэд нүдтэй, хараатай, чихтэй систем  ажиллах ёстой. Боловс­рол, соёл шинжлэх ухааны яамыг шүүмжилж байгаа юм биш. Өөрийн чинь хэлдэг шиг хүүхдээ яслид өгөх эрэлт хэрэгцээ нийгэмд маш их байна.  Тэгэхээр нэгэнтээ эрэлт хэрэгцээ нь байгаа тохиолдолд  нийлүүлэлт байх ёстой юм. Маш олон хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд хүүхдээ гаргаад хоёр нас хүртэл нь цалингүй гэртээ сууж байна. Тэр хэрээр тэр өрхийн амьдралд сөрөг нөлөө гарч ирж байна шүү дээ. Ажил, цалингаасаа татгалзаад л гэртээ өрхийнхөө орлогыг багасгаад, хийж бүтээх цагаа хоёр жилээр алдаад л суудаг. Энэ бүхнийг төр харах ёстой. Түүний дагуу арга хэмжээ авах хэрэгтэй л дээ. Уг нь ясли байсан. Гэтэл зах зээл эхлэнгүүт  төсөв хэцүүдлээ гээд л хаачихсан. Өнөөдөр төсөв байнгын ашигтай гарч ирж байна. Тэгэхээр яагаад яслийн асуудлыг эргэж харж болохгүй гэж.  Зарим хүмүүс ой таван сартай хүүхдээ хоёр настай гээд л гөрдөөд өгч байна. Иргэдийг хууль бус зүйл рүү түлхдэг юм нь юу гээч. Эрэлт нь байгаа тохиолдолд нийлүүлэлт нь байхгүй бол хүссэн, хүсээгүй хууль бус зүйл хийхээс өөр аргагүйд хүрдэг. Нөгөөтэйгүүр нийслэлд хүүхдийн эмнэлэг маш цөөхөн байгаа. Үүнийг ч бас шийдэхээр ажиллаж байна. Нөгөө Михайлд нэг бодол бий гэдэг шиг.  Энэ юу гэсэн үг вэ гэхээр Улаанбаатар хот хүүхдийн нэгдсэн эмнэлэгтэй болох бодолтой байна. Арабын Нэгд­сэн Эмират улсын  тусламжаар уг эмнэлгийг барих юм. Энэ жил хөрөнгө нь шийдэгдсэн. Ирэх жилээс ажил нь эхлэх байх.  Хүүхдийн эмнэлэг барилаа гээд дотор нь ажиллах боловсон хүчин байхгүй бол хэрэггүй шүү дээ. Боловсон хүчний асуудлыг давхар шийдэх бодолтой байна. Хүүхдийн эмч нарыг судлах, оюутнуудыг хүүхдийн чиглэлээр дангаж сургах  талаар ан­хаарч ажиллаж байна.

-Нийслэлийн хүн ам нэг саяд хүрсэн. Уг нь аливаа улсын хо­тын хүн ам нэг саяд хүрэхээр мет­ро барих асуудал сөхөгддөг. Улаан­баатар хэзээ метротой болох вэ?

-Метроны техник эдийн засгийн олон улсын тендер зарласан. Улаан­баатарт өргөөшөө нэг замтай, уртаашаа нэг замтай метро барих төлөвлөгөөтэй байгаа. Одоо ерөөсөө хөрөнгө мөн­гөний  асуудал  хэрэгтэй байна. Хэрвээ хот өөрөө бонд гаргадаг бол,  хот өөрөө татвартай бол, байгаа хөрөнгөө барьцаанд тавиад зээл авч болдог бол үүнийг шийдэхэд амархан л даа. Даанч өнөөдрийн хувьд хот  зөвхөн төсвөөр л үйл ажиллагаа явуулах эрхтэй болохоор томоохон төсөл хэрэгжүүлэх боломж хаалттай байгаа. Нийслэлийг эрх зүйн хувьд биеэ даасан, эдийн засгийн чадавхтай байх боломжийг бүрдүүлж өгөөч гэсэн хүсэлт УИХ-д тавиад хоёр жил болж байна. Энэ намрын чуулганаар уг асуудал нааштайгаар ший­дэгдэх боловуу гэсэн найдлага та­виад сууж байна. Хэрвээ энэ асуудал шийдэгдэх юм бол хот олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтраад томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бү­рэн боломжтой болно. Техник, эдийн засгийн үндэслэл гарна гэдэг метротой болох эхний алхам хийгдсэн гэсэн үг.

Ж.Нямсүрэн

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж