МАН-аас санаачлан өнөөдөр /2018.03.13/ Улс төрийн намын хөгжил сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурлыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.
УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн онд Улс төрийн намын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан байгуулсан юм. Уг ажлын хэсэг Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж буй бөгөөд эрдэмтэн судлаачдын саналыг сонсож буй аж.
Одоогийн байдлаар дээрх төсөл эцсийн шатанд хүрч боловсруулагдаагүй байгаа ч үндсэндээ массын намаас бодлогын нам болж өөрчлөгдөх ёстой гэсэн концепцид суурилж байна.
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулж байгаа Улс төрийн намын тухай хуулийн төсөлд эрдэмтэн судлаачдаас ирүүлж буй саналын дийлэнх хувь нь намууд бодлогын нам болж өөрчлөгдөх. Ингэхдээ нүсэр бүтцээс ангижирч, цомхон чадварлаг болох. Намын дэргэдэх судалгааны байгууллага нь зөвхөн судалгаа хийхээр үйл ажиллагаагаа хязгаарлах ёсгүй. Бодлого боловсруулдаг болох. Бодлого боловсруулагчид нь мэргэжлийн байх. Хараат бусаар ажиллах нөхцөл боломжоор хангагдах. Сонгуульд өрсөлдөж байгаа намуудын бодлого хэрэгжих боломжтой байх.
Мөн улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох. Ингэхдээ хувь хүн, хуулийн этгээдээс хандив авдаг байдлыг зогсоож, парламентад суудалтай эсэхээсээ үл шалтгаалж, төрөөс санхүүжилт авдаг болох нь бизнесийн нөлөөллөөс ангид байх бололцоотой болно гэж үзэж байгаа талаар ажлын хэсгийн гишүүн, УИ Х-ын гишүүн Т.Аюурсайхан хэллээ.
Г.ХОРОЛ