Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнөөдөр /2018.3.03/ боллоо. Зөвлөгөөнд хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 250 гаруй удирдах ажилтан оролцож салбарынхаа бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй бэрхшээлийг хэлэлцэж, цаашид баримтлах чиглэлээ тодорхойлох юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг зөвлөгөөнийг нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагаа нь эхийн хэвлийд байгаа ургаас азай буурай хүртэлх Монгол Улсын нийт хүн амд хүрч, үр өгөөжөө өгдөг, алдаа гаргах эрхгүй эрхэм хүндтэй ажил. Монгол Улсын Засгийн газар энэ оны хоёрдугаар сарын 6-нд 27 зорилт бүхий “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын баримт бичгийг баталсан. Уг баримт бичгийн нэг үндсэн тулгуур стратеги нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулах “Хүн төвтэй нийгмийн бодлого” юм. Энэхүү тулгуур бодлогын хэрэгжилтийг хангаж, Монгол Улсад нийгмийн баримжаатайгаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, гэр бүл төвтэй хөгжлийн бодлогыг хөгжүүлэхэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байгаа та бидний үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа маш чухал байна. ХНХЯ-ны хувьд 2018 онд ажилгүйдэл, ядуурал, хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллийг бууруулах цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Тухайлбал, ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд тэдний талаарх мэдээллийг сум, баг, хороогоор гаргаж, ядуурлын хэмжээгээр нь тодорхой бүлэгт хуваан бүлэг тус бүрийн эрэлт хэрэгцээ, боломж, нөхцөл байдалд нийцсэн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээ үзүүлнэ” гэсэн юм.
Сонирхуулахад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 7187 хүн ажилладаг юм байна. Тэдний 1479 нь нийгмийн даатгалын салбарт, 4834 нь хөдөлмөр халамж, мэргэжлийн боловсрол сургалтын салбарт, 757 нь гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэлээр ажилладаг ажээ.
Р.Ренчиндулам