С.Эрдэнэ: Баабар ардчилал руу нулимж болохгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Баабар ардчилал руу нулимж болохгүй

С.Эрдэнэ: Баабар ардчилал руу нулимж болохгүй

Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос 126 хүн ротацид орсон. Тэд буцаад Үндэсний бодлогын хорооны гишүүн болохын тулд намынхаа дотоод сонгуульд ахин орж өрсөлдөх ёстой. Тус намын хэрэг эрхлэх газар нэр дэвших гишүүдээ бүртгэж дуусаад, өнөөдөр /2018.0312/ сонгуульд өрсөлдөх эрхийн үнэмлэх гардуулав. 

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд орохын тулд 76 тойргийн 123 мандат дээр 146 гишүүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж. Тэдний дунд ротацид орсон 110 гишүүн өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Ингээд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгууль гуравдугаар сарын 25-нд болох аж. Ингээд Үндэсний бодлогын хорооны сонгуулийн талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа.  

-Үндэсний бодлогын хорооны гишүүдийг хэр шударга дүгнэсэн бэ?

-Оноог хэн нэгэн хүн өгөөгүй. Төв нам ганцаараа дүгнэж байгаа бол нэг өөр. 21 аймаг есөн дүүргийн анхан шат, 330 сум, 152 хорооны үүрийн дарга нар оноо өгсөн.

-Танд таалагдаагүй хүмүүсийг ротацид оруулсан гэх яриа байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ? 

-Баабарын ярианд би тайлбар өгөөд байх шаардлагагүй.

Баабар гуай улайм цайм худлаа ярьж нийгэмд ташаа мэдээлэл түгээх гэсэн явуургүй оролдлогоо болих хэрэгтэй. Баабар өөрөө ч цэвэр ариун хүн биш. Тэр хүн Ардчилсан намын буянаар төрийн өндөр албан тушаалд очиж, алба хашиж байсан. Гэтэл ардчилал руу нулимж болохгүй.

Энэ намын буянаар Баабар аманд орсон үгээ чөлөөтэй хэлж байгаа шүү дээ. Иргэн хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хэн өгсөн юм бэ. Хэрэвзээ социализм коммунизмын үе байсан бол энэ хүн Зүүнхараад мод ачаад  явж байх байсан. Өнөөдөр эрх чөлөөгөө зөв эдлэх хэрэгтэй.

-Ардчилсан намын нөлөө бүхий гишүүд нэгдээд шинэ нам байгуулсан тохиолдолд та хэр хүлээж авах бол?

-Нам байгуулна гэж бодохгүй байна. Том модноос тасарсан навч шарладаг байхгүй юу. Хэзээ ч ногоороод явж байсныг би мэдэхгүй. Манай намын 30 жилийн түүхэнд маш олон лидер гарсан. Тэд намаасаа гараад, ургаад, ногоороод Ардчилсан нам шиг том мод болтлоо ургасныг би харахгүй л байна.

Архангай аймгийн Ардчилсан намын гишүүн Д.Ариунжаргал

-Шударга өрсөлдөх боломжоор хангаж байгаад талархаж байна. Дээр нь дотооддоо бодит байдлаар ажиллах ёстойг Үндэсний бодлогын хорооны ротаци санууллаа. Манай Архангай аймгийн хоёрдугаар тойрог бол 24 мянган иргэнтэй. Тэгэхээр намаас явуулж байгаа бодлого шийдвэрийг намынхаа гишүүдэд түгээх тал дээр боломжтой гэж би харж байна. 

Дорнод аймгийн Ардчилсан намын гишүүн Р.Баттөмөр:

-Ардчилсан намын нийт гишүүдээс дэмжлэг авч, аймгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулъя гэсэн бодолтой байна.  Манай тойрог гол төлөв гэр хороолол зонхилсон долоон сум байдаг. Сумдынхаа иргэдэд тулгарч байгаа асуудлыг Ардчилсан намын дээд удирдлагад дамжуулах зорилттой ажиллана.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж