Монголын алтаар гоёх “Лондон-2012”

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Монголын алтаар гоёх “Лондон-2012”

Монголын газар шорооноос олборлосон алт, зэс тэргүүтнээр “Лондон-2012” зуны XXIX олимпийн наадмын медалийг хийж, эх орны минь хөрснөөс гарсан үнэт баялаг олимпийн медальтнуудын энгэрт гялалзах тухай чихэнд чимэгтэй мэдээ сонсч суусан нь саяхан. 2002 оны өвлийн олимпийн түншээр ажиллаж байсан Лондонд төвтэй “Рио Тинто” олон улсын уул уурхайн групп “Лондон-2012” наадмын медальд ашиглах металийг хариуцах албан ёсны түнш байгууллага болсон талаарх мэдээлэл өнгөрөгч дөрөвдүгээр сард дэлхий нийтийн сонорт хүрч байсан юм. Тодруулбал, тэд Лондонгийн олимп болон паралимпийн наадамд амжилт гаргасан тамирчдад олгох 4700 ширхэг медальд ашиглах алт, мөнгө, зэсийг гаргах юм. Ингэхдээ АНУ-ын Солт-Лейк хот дахь “Кеннекот Юта” зэсийн уурхай болон Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт орших Оюутолгой орд газрын бүтээгдэхүүнээс ашиглах юм гэсэн. Тэгснээр Монгол Улсын Оюутолгойн орд газраас олборлосон алт, зэс тэргүүтнээр урласан медаль Лондонгийн олимпийн тамирчдын энгэрт гялалзах болж байгаа юм. Эх орныхоо уул ус, газар шорооноос олборлож гаргасан алтаар энгэрээ чимэх хүсэл эрмэлзэл Монголын тамирчдад дүүрэн бий гэдэгт итгэл төгс байна. Энэ бол Монголын тамирчдын Лондонгийн олимпод амжилт дүүрэн оролцож, медалийн хур буулгах ёстой бас нэгэн шалтгаан.

Тэсвэр тэвчээр, хатуужил, эр зориг, хүч хөдөлмөрөө чинээнд нь тултал гаргаж гэмээнэ шигшигдсэн тамирчдын ширүүн өрсөлдөөнд, товчхондоо, олимпийн талбарт манлайлагч нь болдог. Тиймдээ олимпийн медаль гэдэг аливаа тамирчны хүсэл зорилго, тэмүүлэл, нөгөөтэйгүүр түүний амжилтыг илтгэх билгэ тэмдэг байдаг юм.

Лондонгийн олимп эхлэхээс яг нэг жилийн өмнө буюу өнгөрөгч долдугаар сарын 27-нд Трафалгарын талбайд олимпийн медалийн загварыг олон нийтэд танилцуулсан. Метал эдлэлийн загвар зохион бүтээгч Дэвид Уоткинс загварыг нь гаргасан тус медалийн нэг талд Грекийн эртний Парфенон сүмийн өмнө ялалтын бурхан Никаг дүрсэлсэн бол нөгөө талд нь “Лондон-2012” олимпийн логог сийлжээ. Мөн спортын төрөл, зай, жин зэргийг тухайн медалийн хүрээгээр сийлсэн байх юм. Медалийн загварыг танилцуулах ёслолд Британийн улс төрийн түшээдээс гадна Зохион байгуулах хорооны тэргүүн Себастьян Кое тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Сонирхуулахад, 1896 онд Грекийн Афин хотноо болсон орчин цагийн анхдугаар олимпийн наадамд алтан медаль гэж байгаагүй. Тухайн үед түрүүлсэн тамирчинд мөнгөн медаль, харин удаахь байрт хүрэл медаль хүртээж байсан бол 1990 онд Францын нийслэл Парис хотноо болсон олимпийн наадмын зохион байгуулагчид нь мөнгөн медалиас илүү үнэ цэнэтэй хэмээн бодолцож түрүүлсэн тамирчинд уран зураг бэлэглэж байсан гэдэг. Харин 1904 оны олимпиос эхлэн эхний гурван байрт шалгарсан тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль олгох болжээ. Тухайн үед алтан медалийг цэвэр алтаар урладаг байсан бөгөөд хамгийн сүүлд ийм медалийг 1912 оны олимпийн аваргуудад дурсгажээ. Түүнчлэн 1928 оны Амстердамын олимпиос эхлэн медалийг нэгэн хэвд оруулсан бөгөөд зохион байгуулагч хот нь олимп болж буй он, хэд дэх удаагийн олимп болоод хотын нэр зэрэг ерөнхий “мэдээллийг” медальдаа нэмж тусгадаг байсан гэхчлэн олимпийн медальтай холбоотой сонирхолтой түүх бий.

Харин өдгөө бол олимпийн наадмыг зохион байгуулах эрх авсан хотын Зохион байгуулах хорооноос тухайн олимпийн медалийн дизайныг тусгайлан хийж байгаа. Стандартын дагуу медаль бүр нь хамгийн багадаа 3 мм зузаан, 60 мм голчтой байх ба алт, мөнгөн медалийг 925 сорьцтой мөнгөөр урлаж, алтан медалийг 6 граммаас багагүй хэмжээтэй алтаар бүрсэн байх ёстой. Харин хүрэл медалийг зэс ба мөнгөөр бүтээнэ.

Ердөө нэгхэн жилийн дараа эхлэх Лондонгийн олимпийн наадмын медаль 85 мм голчтой, 7 мм зузаан бөгөөд 375-400 грам жинтэй байх ажээ. “Рио Тинто” групп нь “Айвенхоу майнз” компанитай хамтран Оюутолгойн орд газарт хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд олимпийн наадмын түнш байгууллагын хувьд медаль хийхэд ашиглах нийт найман тонн гаруй металын тодорхой хувийг нийлүүлэх гэрээ хийгээд байгаа юм.

“Сидней-2000” болоод “Бээжин-2008” оны олимпийн медалийг Мелбурнд төвтэй “BHB Billiton” компани хариуцаж байсан бол 2010 оны Ванкуверийн өвлийн олимпийнхыг Канадын “Teck Cominco” нийлүүлж байсан юм. 2002 онд Солт-Лейкийн олимпийн медалийн алт, зэс тэргүүтнийг дангаараа хариуцаж байсан “Рио Тинто” группын хувьд энэ жил 10 жилийн өмнөхөөс чамгүй их хэмжээний хөрөнгө зарцуулах нь мэдээж. Зах зээл дээрх алтны ханш өссөөр байгаа тул “Рио Тинто”-гоос медальд зарцуулах хөрөнгийн хэмжээ наанадаж нэг сая ам.доллараар үнэлэгдэж байна.

Тэгвэл, Монголын алт, зэс тэргүүтнээр бүтээх медалийн үйлдвэрлэл энэ оны сүүлчээр эхлэх болсныг Лондонгийн олимпийн наадмын зохион байгуулагчид зарлалаа. Олимпийн медалийг үйлдвэрлэх эрхэм үүргийг Уэйлст төвтэй “Роял Минт” компани хүлээсэн байна. Тендерээр шалгарсан тус компани мянга гаруй жилийн түүхтэй бөгөөд зоосон мөнгө үйлдвэрлэдэг юм.

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадам эхлэхэд 345 хоног үлдээд байна. Бээжингийн олимпиос алт, мөнгөн медалийг ихэрлүүлэн хүртсэн Монголын тамирчид эх нутгийнхаа газар шорооноос олборлосон алт, зэс тэргүүтнээр бүтсэн олимпийн медалиар энгэрээ гоёхыг ерөөе.

С.Цэлмэг

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж