Засмал зам дээгүүр урсах шар усны асуудал хэзээ шийдэгдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Засмал зам дээгүүр урсах шар усны асуудал хэзээ шийдэгдэх вэ?

Засмал зам дээгүүр урсах шар усны асуудал хэзээ шийдэгдэх вэ?

Урин дулаан цаг эхлэхтэй зэрэгцэн яригдаж эхэлдэг асуудлын нэг бол  шар усны үер билээ. Ес дуусч хаврын тэргүүн сар эхлэхэд цас хайлан гуу жалга бүрийг усаар дүүргэдэг. Өнгөрсөн амралтын хоёр хоног цаг агаар дулаарснаас Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны завсрын зам усаар дүүрч явган хүн бүү хэл машин явах аргагүй болсон юм. Замаар урсах шавар, шороо холилдсон усыг иргэд туулан явах нь хэвийн үзэгдэл болжээ. Хурдтай явсан машины дугуйнаас үсрэх шавар, шалбааг явган хүнийг будчихаад өнгөрөх нь ч энүүхэнд.

Баянзүрх дүүргийн иргэн П.Баянмөнх

-Уулархаг өндөрлөг газар болохоор жаахан дулаарахаар цас нь хайлаад засмал замаа дагаад ус ороод ирдэг. Энэ хавьд ус зайлуулах хоолой хиймээр байна.  Зуны борооны бороонд бүр хэцүү, хог урсаад орж ирдэг.

Баянзүрх дүүргийн иргэн Д.Рагчаа

-Ус зайлуулах хоолой нь байдаггүй учраас ийм байдалд хүрээд байна. Манайх замын хажуугийн хашаанд байдаг тул хашаан дотор бороо орж үер буусан мэт болчихдог.

Баянзүрх дүүргийн иргэн Ц.Мягмаржав

-Энд таван жил амьдарч байна. Засмал зам тавьж өгсөн нь сайшаалтай. Гэвч ус зайлуулах хоолой тавиагүйн улмаас хавартаа цас хайлж урсаад зундаа бороо орж үер буухаар замаар гол урсаж буй мэт усанд автдаг. Сүүлийн хоёр хоног дулаарахад ийм байдалтай болж байна. Цас бүрэн хайлж дуустал хэд хоногтоо хэцүүхэн л байдаг. Төв зам руугаа ус оруулахгүйн тулд энэ хавьд нь шороо асгаж арга хэмжээ авдаг ч айлын хашаа, ойр хавийн дэлгүүр рүү урсч ордог.

Геодези усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан: 22сая 700 мянган төгрөг төсөвлөгдсөн.

-Баянзүрх дүүргийн 21 дугаар хорооны засмал зам ус зайлуулах хоолой байхгүйгээс шар усанд автжээ. Уг нь ус зайлуулах шугам хоолойны төсөв мөнгө шийдэгдсэн гэсэн?

-Тус хорооны ганц худгийн амны ус нь засмал зам дээгүүрээ урсдаг. Тухайн замыг анх тавихдаа ус зайлуулах шугам сүлжээ хийгээгүйгээс болж ганц худгийн ам, гуу жалгын ус хальж,  авто зам дээгүүрээ урсдаг.  Иргэд хашаа хороо, үр хүүхдээ хамгаалж гар аргаар замын голд шороо асгаж хурд сааруулагч болгож, усыг нь замын хажуу руу урсгах  арга хэмжээ авдаг. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тухайн замын ус зайлуулах барилга байгууламжийн ажлын зураг нь хийсэн байгаа. 2018 онд Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөс төсөв гаргаад  “Гидрохантон” компани зургийг нь хийгээд 22 сая 700 мянган төгрөгийн өртөгтэй авто замын ус зайлуулах шугам хийгдэхээр болсон. Геодези усны барилга байгууламжийн газраас энэ зун борооны улирал эхлэхээс өмнө шугам хоолой угсралтын ажлыг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ жил нийслэлийн хэмжээнд манай байгууллага арван байршилд авто замын шугамын ажил, ус зайлуулах хоолой хийнэ.

С.Баасандулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж