Малын хөлийн татвар авч болохыг эрдэмтэд сануулав

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Малын хөлийн татвар авч болохыг эрдэмтэд сануулав

Малын хөлийн татвар авч болохыг эрдэмтэд сануулав

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголбанк, Монгол улсын их сургууль нар хамтран Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдэвт хурлыг зохион байгууллаа. Хурлын хүрээнд Монгол Улс дах гадаадын шууд хөрөнгө оруулалт, Уул уурхайн хөгжлийн стратеги болон Экспортын төрөлжилт ба эдийн засгийн өсөлт зэрэг сэдвүүдээр судлаачид илтгэл танилцуулав.

 Уул уурхайн салбараас улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийн орлого оруулдаг аж.  Харин өнгөрсөн жил 671 сая доллар бүхий уул уурхайн бус салбарын экспорт хийгдсэн. Уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг арилгахаар 2018 он гэхэд уул уурхайн бус салбарын экспортын эзлэх хувийг нийт экспортын хэмжээнд 20 хувь, 2021 онд 30 хувьд хүргэх гэсэн зорилтыг төр засгаас тавьж байгаа. Тиймээс улсын эдийн засагт экспортын төрөлжилт шаардлагатай гэдгийг эрдэмтэд, салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа. Уул уурхайгаас бусад ноос, ноолуур болон арьс, шир гэсэн салбаруудад л харьцангуй давуу бий, харамсалтай нь, сүүлийн жилүүдэд эдгээр салбарын бүтээгдэхүүний экспортод үзүүлэх хувь хэмжээ буурч байгаа үзүүлэлт гарчээ.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг өөрөө удирдаж чадахгүй байгааг энэ үеэр дурдсан. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг импортод зарцуулж байгаа бөгөөд үндсэндээ энэ хөрөнгө уул уурхай болон барилгын салбарт шингэж байна.  Монголтой адил эрдэс баялгийн нөөц ихтэй орнуудад дэлхийн зах зээл дээрх эрдсийн үнэ өсөхөд хөрөнгө оруулалт урсаж эхэлдэг ч, эсрэгээрээ нүүрс, зэсийн үнэ буурахад хөрөнгө оруулалтын түвшин ч мөн адил буурдаг. Баялгийн нөөц ихтэй орнуудад хөрөнгө оруулалт татах, түүнийг зөв ашиглах боломж байгаа  ч улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал болохыг судлаачид онцолж байлаа. 1990 оноос хойш Монгол Улсын малын тоо толгой тогтвортой өсөж байгаа ч түүнийг дагаад бэлчээрийн асуудал үүсдэг.  Нийт малчдын дунд малаа нядлахаас илүүтэйгээр амьдын ашгийг нь хүртэх сонирхолтой байдаг гэнэ. Нэг метр квадрат бэлчээрт ноогдох даац 50 хувь байх ёстой бол Монголын нийт сумын 73 нь бэлчээрийн даац нь 500 хувь хэтэрсэн гэнэ.  Монгол Улс өмнө нь малын хөлийн татвар авч байсан туршлагатай. Нийт малчдыг 10 бүлэгт хувааж сүүлийн  дөрвөн бүлэг буюу 200-300 малтай өрхөөс бусад малчдаас толгой тутамд 600-800 төгрөгийн татвар авч болох тухай саналыг хэлэх хүн байлаа. Хэрэвзээ энэ саналыг төр анхааралдаа авбал урт хугацаандаа малчдыг бэлчээрээ хамгаалахад тун эерэг нөлөөтэй бөгөөд улсын төсөвт орж цалин болж тараагдалгүйгээр малчдад, бэлчээрт зориулагдаж чадах зохицуулалт хийж чадвал, бэлчээрийг хамгаалах боломжтой болох юм. Ингэснээр малын тоо толгой урт хугацаандаа аажмаар буурч бэлчээрийн даацын асуудал хөдөө аж ахуйн салбарын толгойны өвчин байхаа болино. Жилдээ нэг удаа зохион байгуулагддаг энэхүү хуралдаанд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн болон Монгол банкны судлаачид илтгэлээ танилцууллаа. Мөн уг хуралдааныг Жайка(JICA) болон Эдийн засгийн бодлогын түнш(PEP) нар дэмжигч байгууллагаар оролцлоо.

            М.ЧУЛУУНТОГОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж