Өвөрхангай аймагт Ардчилсан залуус чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймагт Ардчилсан залуус чууллаа

Өвөрхангай аймгийн Ардчилсан залуучуудын холбоо “Айсуй цагийн эзэд” чуулга уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн чуулга уулзалт Хархорин суманд өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Айсуй цагийн эзэд” чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Эдийн Засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт, нар оролцож нутгийнхаа залууст мэндчилгээ илгээж, амжилт хүсжээ. УИХ-ын дэд дарга, Ардчилсан залуучуудын холбооны анхны ерөнхийлөгч Г.Батхүү чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсынхаа хөгжлийн түлхүүрийг атгаж яваа залуучууд эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй байж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж чадна гэдгийг тодотгосон. Мөн залуучууд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, эрч хүчтэй, зорилготой байх ёстойг захиж, “Нийгмийг хөдөлгөгч гол хүч  залуус хэрэв өөрсдийн хүсэл сонирхол, авьяас мэдлэгээ нэгтгэж, нэгэн цул болж чадвал хөгжил дэвшил, шинэ бүхэнд хөтөлдөг” хэмээн онцолсон юм. Тэрбээр анх Ардчилсан залуучуудын холбоог үүсгэн байгуулалцаж, дүрэм журмыг нь боловсруулж бай­сан агаад өдгөө холбооны хүндэт ерөн­хий­лөгчийн алба хашиж буй. Мөн АЗХ-ны тэргүүн Гадаад харилцааны дэд сайд Б.Болорын мэндчилгээг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бямбадорж уламжилсан юм. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, “Нэг ард­чилал” клубийн гишүүн М.Батчимэг Өвөрхангайн залууст мэндчилгээгээ хүргэлээ. “Айсуй цагийн эзэд-2011” чуулга уулзалтад Өвөрхангай аймгийн 19 сумын төлөөлөл болсон 400 гаруй залуу оролцлоо. Түүнчлэн энэ жилийн арга хэмжээнд АН-ын дэргэдэх “Нэг ардчилал” клубийн төлөөлөгчид, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаныхан болон УИХ-ын гишүүдийн туслахууд оролцсон нь хүрээгээ тэлж буйг харуулав. Залуус урлаг, спортын авьяас, чадвараараа уралдан, санал бодлоо солилцож, нэгдэн нийлж амралтын өдрүүдээ үр бүтээлтэй өнгөрүүлсэн нь энэ. Энэхүү чуулга уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Г.Батхүү орон нутагтаа үр бүтээлтэй ажилласан залууст Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль гардуулав. Залуус АЗХ-ны “Мөнх Монгол”, “Тэргүүний залуу” медалиар залуус энгэрээ мялаасан юм. Ийнхүү өврийн сайхан хангай нутгийн залуус зүг бүрээс хуран чуулж айсуй цагийн эзэд гэдгээ мэдрүүлэв. Уг арга хэмжээний талаар Өвөрхангай аймгийн АЗХ-ны тэргүүн С.Дэмчиг “Манай Өвөрхангай аймгийн АЗХ нь оюутан залууст чиглэсэн олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдгийн нэг нь энэхүү “Айсуй цагийн эзэд” чуулга уулзалт. Зургаа дахь жилдээ болж буй чуулга уулзалт маань урьд өмнөх удаагийн арга хэмжээг бодвол маш өргөн хүрээг хамарч, үр өгөөжтэй болж байна. Зөвхөн орон нутгийн маань залуус гэлтгүй “Нэг ардчилал” клубийнхэн, УИХ дахь АН-ын бүлгийнхэн, УИХ-ын гишүүдийн туслахууд оролцлоо. Энэ үеэр зохиогдсон спортын тэмцээнүүд ч сонирхолтой өрсөлдөөнтэй болж өндөр­лөлөө. Цаашдаа Өвөрхангай аймгийн АЗХ залуустаа зориулж манлайллын чиглэлээр олон сургалт семинар, уул­залт зохион байгуулахаар төлөвлөөд байна” хэмээн онцолсон юм.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж