Жилийн өмнө нам дотроо сунгаа явуулж, Үндэсний бодлогын хорооны 410 гишүүнээ шинээр сонгож байсан Ардчилсан нам долоохон хоногийн өмнө 116 гишүүнээ ротациар сольсны дотор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Н.Батбаяр, Да.Ганболд, Х.Тэмүүжин нар багтжээ.
Тэднийг Үндэсний бодлогын хорооноос соёлтойгоор хөөснөө Ардчилсан намын удирдлагаас тайлбарласан нь “Жилийн хураамж гурван сая төгрөгөө төлөөгүйгээс гадна намаас явуулж байгаа үйл ажиллагаанд огт оролцоогүй” гэх шалтаг. Үндсэндээ ҮБХ-ныхоо 410 гишүүний гуравны нэгийг ротациар сольсноор таван намаас бүрдсэн Ардчилсан нам ганц фракцийн эрх мэдэлд бүрэн орсноо нотлов. 2020 оны “тулаанд” зөвхөн ‘Шонхор’-ууд л ниснэ гэвэл Ардчилсан нам ахиад дөрвөн жил гудамжинд лааз өшиглөнө гэсэн үг. Учир нь, ҮБХ-нд багтсан хүмүүс л УИХ-ын болон орон нутгийн сонгуульд өрсөлдөх дүрэмтэй гэдгээ С.Эрдэнэ дарга хэвлэлд онцолжээ. Энэ ганц шалтгаанаар дээрх хүмүүсийг бодлогын хорооноос бодлогоор шахсан байх талтай.
Үүнээс хэдхэн сарын өмнө Монгол ардын нам дахь хотын фракцийн ноёрхол У.Хүрэлсүхээр овоглосон Зүүний хүчнийхэнд шилжсэнээр тэд 32-ын ба 33-ын гэх ил цагаан хоёр бүлэг болтлоо хуваагдаж, дунд нь яс шидэх төдийд л уралцахад бэлэн, бие биеэ анаж байгаа нь “Эрдэнэт”-ийн 49 ба 51 тойрсон үйл явдлуудаас харагдаж буй. Энэ байдлаараа ирэх 2020 онд эрх баригчид АН-ын алдааг давтаж, араас нь гудамжинд гарах нь нэн ойлгомжтой болсон 2021 онд тохиох зуун жилийнхээ ойг МАН гудамжинд тэмдэглэх нь баараггүй үнэн гэж бас мөрийцсөн ч болно.
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Төрийн ордноос хөөгдөж гарсан Ардчилсан нам, Төрийн ордонд залагдаж ирсэн Ардын нам аль алинд нь шинэчлэлт явагдах нь цаг хугацааны асуудал байлаа. Гэвч, нэг бүлэглэлээс нөгөө бүлэглэлд эрх мэдлээ шилжүүлэх төдийгөөр зүүн, баруун, хэвтээ, босоо, улаан, цэнхрээ мартсан АН, МАН дахь шинэчлэл ерөнхийдөө дуусан юм.
Хэвтээ удирдлагатай, барууны чиг баримжаатай, цэнхэр өнгийг өмчилж ирсэн Ардчилсан нам өнөөдөр удирдлагын босоо тогтолцоотой болсноос гадна “бүх хүний өр зээлийг төлнө, дарна” гэсэн халамжийн яриа хөөрөөтэй, ам өчигтэй, өнгөрсөн хугацаанд өмчилж ирсэн ардчиллаасаа алхам алхмаар ухарч яваагаас харвал Ардын намаас ялгарах ялгарал нь цэнхэр өнгөнөөс өөр юу байгаа юм бэ гэж асуумаар.
Үзэл баримтлал, чиг хандлага, үг яриа, яг ижил, ялгахын аргагүй яг адилхан болсоор байгаа Ардчилсан нам болоод Монгол ардын нам ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо явах нь улсын болон хувийн эрх талаас нь харвал илүү дээр ч байж мэднэ.
Ардчилсан намаар овоглодог болгон ардчилагч мөн, Монгол ардын намаар овоглодог бүхэн коммунист гэсэн үг лав биш. Ардчилсан намд зүүний чиг баримжаатай, Ардын намд барууны үзэл баримтлалтай хүмүүс цөөнгүй бий. Аль, аль намд нь өнгөнөөс илүү үзэл баримтлалаараа нийлдэг, нэгддэг нь ч бий, өнгө мөнгөөрөө өвөр түрийдээ орсон хүмүүс ч бий.
Ардын нам дандаа авлигачид, олигархи, оффшортнууд, худалч хулгайчдаар дүүрээгүй. Ардчилсан намынхан бүгд энхийн цагаа тагтаанууд бас биш. Адилхан авлигач, хулгайч, худалчтай. Аль алинд нь популистууд, эх орончид элий балайгууд ч бий. Энүүхэндээ гэхэд С.Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр гээндээ ч, гоондоо ч хүмүүс. У.Хүрэлсүхээс илүү С.Эрдэнэ ардчилагч байж чадах нь бас юу л бол. Ардчилсан намын нүүр царай имиж, ардчиллын автор нь болж ирсэн зарим хүмүүсээ ротаци нэрээр цэвэрлэгээ хийж байна.
Гэвч, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Н.Батбаяр, Да.Ганболд, Д.Дорлигжав, Х.Тэмүүжин, Б.Болор, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, С.Баярцогт нарыг ҮБХ-ноос шахан гаргаснаараа Ардчилсан намд их цэвэрлэгээнээс илүү цэвэр ялгарал, цэвэр үзэл баримтлалын ялгаа явагдаж байна. Сайн талаас нь харвал шүү дээ. Магадгүй энэ нь С.Эрдэнийн нам болоод Ардчилсан намд хэрэгтэй байж мэднэ.
Нөгөө талаасаа МАН-д явагдаж байгаа хуваагдлыг Монголын улс төрийн намуудын ялгарлын эхлэл гэж бас сайнаар харж болох юм. Эцэстээ энэ бүх хэрүүл, намуудын задрал хуваагдал Улс төрийн намын тухай хуульд салхи оруулах болсны нэг илрэл.
Нам гэхээсээ улстөрчид нь үзэл баримтлал, өнгө мөнгөөрөө ялгараад явчихвал Монголын улс төрд харин ч сайн, тэр тусмаа АН, МАН-ын рейтинг нийлээд ч 50 хувь болж чадахгүй байгаа нөхцөлд шив шинэ намыг хүлээж авах боломжийг эхлээд 100 мянган цагаан хуудаснаас тооцоод үзэхэд бололцоо дүүрэн байна гэсэн үг. Тэгэхээр улс төрд, намуудад явагдаж байгаа энэ бүх хуваагдал талцал, ялгарал цэвэршилт үү, дампуурал уу гэдгийг цаг хугацаа илүү тодоор харуулах биз.
Холбоотой мэдээ