Улаан асрын зүүд (78-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (78-р бүлэг)

Улаан асрын зүүд (78-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Далан наймдугаар бүлэг

БИЧГИЙН ӨТГӨС АМАРЛИНГУЙ ЖАНЖНЫ ДУУЛЛЫГ БИЧҮҮЛЖ, БЯДУУ АГЬ ЦЭЦЭГЛЭГ РАХИНЫ ТАЙЛГЫГ УНШИВ

Тэндээс хоёр чавганц Фан Гуань нарыг дагуулан явсны дараа Ван Фүрэнь, Жя Мүгийнд очвол, ахайтан их л баяртай байгааг далимдуулан “Бао Юйгийн гэрийн Чин Вэнь гэгч охин насанд хүрсний дээр дандаа л өвчтэй байх юм. Тэр бусдаас илүү хээнцэр дэгжин залхуу нь туйлгүй ч би олонтаа харлаа. Эртийд арваад хоног хэвтээд… эмчид үзүүлбэл сүрьеэтэй гэнээ. Тэгээд түүнийг явууллаа. Эдгэсэн хойно ч ирүүлэх хэрэггүй. Гэрт нь очуулаад хүнтэй суулгавал болох юм. Бас ший дуулж байсан хэдэн охиныг би мөн дур мэдээд явуулчихлаа. Нэгд, тэд шийнд дуулахдаа л сайн боловч үг хэл нь болгоомжгүй, амны дураар чалчицгаах нь бяцхан охидод муу нөлөөтэй. Тэд ший тоглодог улс болохоор зүгээр л явуулчихад болно. Ер нь бяцхан охид их олон болчихлоо. Дахиад хэрэгтэй бол сонгоод л авна биз… гэсэнд Жя Мү:

-Би ч бас бодож л байлаа. Чинийх зөв өө! Харин Чин Вэнь бол миний бодоход маш сайн охиндоо. Үйл утас, өгүүлэх ярих аль ч талаар бусад нь түүнд хүрэхгүй. Хожим түүнийг Бао Юйд зориулж болох байсан юм. Яахин хувирсныг нь хэн мэднэ… гэсэнд Ван Фүрэнь инээж

-Лао тайтай ерөөсөө сайн сонгосон байна. Ганцхан түүний заяа нимгэн тул тэр өвчин олжээ. Эртний үгэнд “Охин өстлөө арван наймантаа хувилна” гэж бий. Тэр ч байтугай чадалтай хүн гажуу солио аашилдаг. Лао тайтай юү эсийг үзэв дээ. Түүнийг ажиглаад байхад, юм бүхэнд бусдаас дээр боловч даруу биш. Ёс эрдмийн талаар Ши Рэнь нь давуу. Хэдий мэргэн гэргий, үзэсгэлэнт татвар гэх боловч бас ааш зан нь эелдэг, байдал үйлдэл нь баттай бол нэн сайн. Ши Рэний зүс царай хэдий Чин Вэньд хүрэхгүй боловч дэргэдээ байлгахад тэргүүн дэд зэрэгт орноо. Тэр ч байтугай ажил явдалд уужим төв, зан санаа нь номхон шударга, энэ жилүүдэд Бао Юйтай ер алиархан аашилсангүй. Бао Юйг зоргоор загнахад тэр даруй хичээн шимтэн хориглоно. Сүүлийн хоёр жил нарийвчлан ажиглавал огт өө сэвгүй байсан учраас би сэмхнээр түүний шивэгчний хөлсийг нь зогсоож, сарынхаа мөнгөнөөс хоёр лан мөнгө гаргаж түүнд өгч байна. Өөрөө мэдээд улам илүү хичээн зүтгэ гэсэн санаа тул ил хэлээгүй. Нэгд, Бао Юйн нас бага байгаа тул Лаое мэдвэл ном үзэхийг нь саатууллаа гэнэ. Хоёрт, Бао Юйн дэргэдэх хүн гэж мэдвэл хориглож хэлэхийг нь сонсохгүй, улам дураар аашлах вэ гэж бодов. Тийм учраас өнөөдөр Лао тайтайд тодорхой хэлж байгаа юмаа гэв. Жя Мү сонсоод инээж:

-Тиймээ тийм. Ши Рэнь бол багаас үг цөөтэй хүүхэд. Би түүнийг “Уруулаа хөвөрдүүлжээ” гэдэг байсан юм. Чи л сайн мэдэж байгаа бол боллоо… гэсэнд Ван Фүрэнь, өнөөдөр Жя Жөн, Бао Юйн шүлгийг магтсан хийгээд, түүнийг дагуулан зугаалахаар явсан зэргийг ярьсанд цаадах нь бөөн баяр.

Энэ үед Ин Чүнь ирж ёслон золгоод явав. Фөн Же бас ирж өглөөний мэнд мэдээд хоол идүүлэв. Жя Мү үдийн нойр авах болов. Ван ФүРэнь: “Чи үрэл эм найруулж авчрав уу” гэж Фөн Жегээс асуусанд “Авчираагүй ээ” гэв. Ван Фүрэнь, Фөн Жегийн биеийн байдал хэвдээ орсонд баярлан, Чин Вэнь нарыг хөөж явуулснаа хөөрөөд

-Бао охин өөрөө харьчихсан уу. та нар цөм мэдэхгүй юү. Уржигдар би зам дагууд үзвэл, Лань хөвгүүний шинэ ирсэн хөхүүл эх гэгч бас нэг үл бүтэх танхилзуур амьтан тул би их бэргэнд чинь, юу ч болтугай эртхэн гаргаж явуул гэсээн. Бас Их бэргэнээс чинь “Бао охины гарч очсоныг та нар мэдэхгүй гэнэ үү” гэж асуусанд тэр, түүнд хэлжээ. Хэд хоногоос Имаг гайгүй болбол даруй урьж ирүүлнэ. Има хүнд өвчтэй бишээ. Ханиаж, нуруу нь өвддөг хуучтай л юм. Түүний энэ харьсан лав учиртай. Түүнийг хүн гомдоогоогүй биз. Тэр охин бодлого ихтэй. Төрөл садан нэг дор суугаад хүнийг гомдоовол муухай шүү гэв. Фөн Же инээж:

-Зүв зүгээр байгаад хэн түүнийг гомдоох вэ гэсэнд Ван Фүрэнь:

-Бао Юй ам түргэн, бодлогогүй, болгоомж хичээмжгүй, баярлавал амны аяар юу ч хэлж мэднэ гэсэнд цаадах нь:

-Тайтай дэмий юманд сэтгэлээ зовоож байх юм. Тэр гадагш гарч аар саар юм үйлдэж, ийм тиймхнийг ярихдаа тэнэг мэт боловч эгч дүү нараасаа эхлээд их бага охид шивэгчдэд хүртэл их л найр тавьж байх бөгөөд бас хүн гомдоохгүйг хичээдэг. Түүнд гомдсон хүн ер байхгүй. Би бодвол, Шюэ охин дүүгийн энэ удаа гэртээ харьсан нь саяын шивэгчин охидыг шалгаж нэгжсэнтэй л холбоотой байх. Тэр лав хүрээлэн доторх хүмүүсийн итгэлгүйг мэдээд, тэр өөрөө бас садан төрөл болох тул бид түүний гэрийн охид, эмгэдийг нэгжин байцаахад эвгүй гэгчийг мэдээд, бид түүнийг сэжиглүүзэй хэмээн хичээж, юм бодоод явцгаасан биз. Ийнхүү сэжгээс зайлах нь зүйтэй гэв.

Түүний яриаг сонсоод Ван ФүРэнь: “Хүн явуулж. Бао Чайд авчраад, шалгалтын тухай тайлбарлаж, түүний сэжгийг арилган, угийн ёсоор хүрээлэндээ суу гэж хэл” хэмээн захив. Удалгүй Бао Чай ч ирэв. Тэрбээр инээмсэглэн:

-Би аль хэдийнээс харья гэж бодсон юмаа. Имагийн тэнд их ажил байсан тул ирж хэлж чадаагүй. Урьд өдөр нь ижийн бие муудаад гэрийн итгэлтэй хоёр эмгэн бас өвдөөд би тийшээ явсан юм. Би та нарт учрыг хэлье гэж байтал Има өнөөдөр нэгэнт мэдсэн тул өдөр салах ёс гүйцэтгэж, юм хумаа нүүлгэн аваачъя гэв. Ван Фүрэнь, Фөн Же хоёр инээн:

-Чи хэтэрхий зөрүүдэлж байна. Өчүүхэн юмнаас болж битгий элгэн саднаасаа холд. Чухамдаа дахин нүүж ирвэл зохино гэв. Бао Чай инээж:

-Энэ үг арай хүндэднэ. Ямар нэг учраас харьсан юм биш. Ойрноос ээжийн ой ухаан ихэд муудсан бөгөөд тэнд байх өөр итгэлтэй хүн ч үгүй. Би ганцаараа болжээ. Үүний зэрэгцээ ах бас бэр буулгах болж, хичнээн их оёдол хийв. Гэрийн доторх эдлэл хэрэглэлийг ч бэлтгэж дуусаагүй. Ээжид хамжих, эргэцүүлж төвхнүүлэх юм даанч их байна. Би худал ярихгүй ээ. Та нар манай гэрийн явдлыг цөм мэднэ. Үүнээс гадна намайг хүрээлэнд байх үед зүүн өмнөх булангийн хаалга үргэлж нээлттэй байсан. Уг нь намайг орж гарахад дөхмийг бодсон юм. Тэгтэл зам дөтлөгсдийн гарч орохыг хориглох аргагүй болоод цөм түүгээр явдаг боллоо. Тэнд асуун байцаах хүнгүй. Хэрэв тэндээс хэрэг үүсвэл хэн алинд маань гай болох бишүү. Ер нь миний хүрээлэнд суух нь тийм ч чухал биш. Урьдах жилүүд бол нас бага, гэрт хийх юмгүй тул гадна байснаас энд орсон нь дээр байсан. Эгч дүү нар хамтдаа инээлдэн наадаж үйл утас оролдож байх нь гэртээ ганцаар уйтгарлан сууснаас хамаагүй дээр. Одоо бүгд том болцгоогоод эдний энд ч жил дараалан сэтгэлд нийцэхгүй учир явдал тохиолдох тул хүрээлэнгийн доторхийг харгалзан завдсангүйтэй мөн холбоотой юм. Хэдэн хүн дутуу бол сэтгэлийг төдий чинээ зовооно. Тийнхүү би өнөөдөр эндээс харихаар сэтгэл шуударсан бөгөөд бас И Нянд сануулъя. Одоо арвилбал зохих зардлыг даруй арвилбал мөн олны нэр нүүрийг алдагдуулах зүйлгүй. Бодвол хүрээлэн дэх энэ зардлыг чухам зогсоовол зохино. Урьдын адил явж болохгүй. Манай гэрт ч урьд мөн ийнхүү доройтсоныг И Нян тодорхой мэднэ гэв. Фөн Же энэ үгийг сонсоод даруй Ван Фүрэнийг харж инээн:

-Үүний санааг ойлголоо. Одоо үүнийг хорих хэрэггүй… гэсэнд цаадах нь толгой дохиж,

-Надад хэлэх юм алга. Чи дураараа бол гэв. Тэднийг ийн ярилцаж байтал Бао Юй ирж Лаое биднийг харанхуй болохоос өмнө харь гэсээн… гэсэнд Ван Фүрэнь:

-За яав, шившгээ үзүүлэв үү гэж асуув. Бао юй:

-Үзүүлээгүй ээ. Далимд нь овоо юм олж ирлээ… гэтэл эмгэд баахан юм барьсаар орж ирэв. Ван Фүрэнь захаас нь авч үзвэл, бийр бэхийн зүйл, зандан модон эрхи… зөндөө л юм байв. Бао Юй:

-Бийр, бэх үүнийг Мэй овогт бичгийн утгач өгсөн юм. Заримыг нь Ян Шылан өгсөн. Хүн бүр л хувь өгсөндөө… гээд өврөөсөө нэг зандан сахиус гаргаж ирээд, үүнийг Чин Гуогун зөвхөн надад өгсөн юм… гэсэнд Ван Фүрэнь суудалд ямар хүн байсан, ямар шүлэг зохиосон зэргийг сонирхов. Тэд энэ тэрийг ярилцаж дуусаад Бао Юй нар Жя Мүгийн мэндийг мэдэв. Жя Мү ихэд баярлан баахан юм асууж сонирхов. Энэ үед Бао Юй ганцхан Чин Вэнийг бодож байсан учир салахын мөн болж: “Мориор явсаар байгаад хамаг бие буларчихлаа” гэсэнд Жя Мү: “Шалавхан харьж хувцсаа солиод, баахан алхаж хөдөл. Битгий унтаарай. Тэгвэл бүр хөшчихнэ шүү” гэж захив. Бао Юй тэр дороо гараад хүрээлэнд очив. Чиү Вэнь, Шө Юэ хоёр, охид дагуулаад тэнд хүлээж байсан тул Бао Юйг хүрч ирмэгц авч яваа юмыг нь тосож аваад цуг ирцгээв. Бао Юй: “Халууцаж байна” гэж үглэсээр гадуур хувцсаа тайлан Шө Юэд бариулсанд цоохор дурдан цамцны хормойны завсраар улаан өмд цухуйна. Чиү Вэнь өмдийг харуут Чин Вэнь оёсныг санаад шүүрс алдан: “Эд нь мөнх, эзэн нь хэврэг” гэдэг үнэн юмаа” гэж шивэгнэсэнд цаадах нь: “Үүнийг харуут, цэнхэр цамц, хар гутал, хөө хар гэзэг, цав цагаан царай улам ч тодорхой харагдаж байна” гэв. Өмнө нь яваа Бао Юй үл сонсогч болон явж байснаа зогсоод “Би баахан алхмаар байна, одоо яахав” гэсэнд Шө Юэ “Гэгээн цагаан өдөр юундаа зовно вэ. Бас чамайг алдана гэж бодов уу” гээд хоёр охиныг түүнийг дагаад явж бай. Бид хоёр энэ юмыг тавьчхаад ирье гэсэнд Бао Юй:

-Эгч минь яарах юу байхав. Хариад жаахан байж байгаад ирээрэй гэсэнд Шө Юэ:

-Бид удахгүй ээ. Энд байхаар нэг нь бичгийн гэрийн баахан юм барьчихсан. Нэг нь ноён түшмэлийн малгай, бүс тэврээд, яг л ямбаны амьтан шиг эвгүй байна гэв.

Энэ үг Бао Юйн сэтгэлд их нийцэв. Тэгээд тэр хоёрыг дуртайяа явуулаад хоёр охиныг дагуулан цааш явав. Нэг хадны тэнд хүрээд охидоос: “Ши Рэнь эгч чинь намайг явснаас хойш хүн явуулж Чин Вэнь эгчийг нь эргэсэн үү” гэсэнд нэг нь: “Сун мөөмөөг явуулж эргүүлсэн” гэв. Бао Юй: “Тэр ирээд юү гэж байх юм бэ” гэсэнд охин: “Чин Вэнь эгч хүзүүгээ сунган нэг шөнө турш бархиран дуудаад, маргааш нь дуугарахаа болиод, юу ч мэдэхгүй амьсгаатай, амьсгаагүй хэвтэж байна” гэж байна лээ. Бао Юй: “Шөнө турш юу дуудсан гэнэ вэ” гэсэнд охин: “Ээжээ л гэж дуудсан гэсэн” гэтэл Бао Юй нулимс унаган: “Өөр юм дуудаж уу” гэвэл охин: “Мэдэхгүй” гэв. Бао Юй: “Чи сонсоогүй юм уу. Сонссоноо мартсан эргүү юм уу” гэв. Нөгөө охин нь сэргэлэнтэж, ойртон ирээд:

-Энэ үнэхээр эргүүтэж байгаа юм. Би тодорхой сонссон төдийгүй очиж үзсэн… гэхэд нь Бао Юй яаран:

-Чи яаж үзсэн юм бэ гэж асуув. Охин:

-Чин Вэнь эгч, бусадтай адилгүй хүн. Бидэнд их сайн байсан. Тэр хилсээр хөөгдөн тул бид туслах аргагүй боловч биеэр очиж эргэвэл, сайн байсан сэтгэлийг нь хөсөрдүүлэхгүй гэж бодсон юм. Хүн мэдээд, Тайтайд хэлж, биднийг яллаж занчсан ч дуртай хүлээнэ гэж бодсон юм. Би зодуулахаас айлгүй, хулгайгаар очсон. Түүний цэцэн сэргэлэн ухаан нь нүдээ аньтлаа ер хувирсангүй. Намайг харуут миний гарыг бариад “Бао Юй хаана байна вэ” гэж асуухад нь хэлсэн. Тэр уртаар шүүрс алдаад: “Уулзаж чадахгүй боллоо” гэхээр нь би “Ямар ч гэсэн хүлээж байгаад уулзахыг бод” гэсэнд тэр инээгээд: “Та нар мэдэхгүй. Би үхэх гэж байгаа юм биш. Тэнгэрийн оронд нэг цэцэглэг рахина дутсан тул хурмаст тэнгэр намайг очиж цэцэг захиртугай гэжээ. Одоо би хонин цагийн хоёр мөч болбол даруй тушаалд очно. Бао Юй хонин цагийн гурван мөч болсон хойно сая гэртээ ирнэ. Нэг мөчөөр цаг зөрөх тул уулзаж чадахгүй болжээ. Энэ ертөнцөд эцэс болох хүнийг эрлэг хаан элч томилон ирүүлж сүнсийг нь аваачдаг. Түр жаахан хойшлуулъя гэвэл баахан цаас шатааж, хоол унд болох төдий бизээ. Ирсэн элч нь зоос булаалдах завсар үхэх хүн баахан хойшилж болно. Одоо намайг тэнгэрийн сахиулсан ирж залж аваачих тул цаг мөчийг яаж саатуулж болох вэ” гэсээн. Би сонсоод итгэсэнгүй. Гэртээ ирээд цаг харж байвал үнэхээр хонин цагийн хоёр мөч болмогц тэр амьсгал хураажээ. Харин бүхэл гурван мөч болсон хойно хүн ирж, чамайг ирлээ гэж биднийг дуудсан гэж хэлэв. Бао Юй:

-Ийм учир үнэхээр байна. Чи мэдэхгүй байгаа биз. Нэг цэцэг захирах рахина гэж байна. Бас ерөнхийлэн захирах цэцэглэг рахина гэж байна. Тэр чухам ерөнхийлэн захирах рахина болов уу. Эсвэл ганц нэг цэцэг захирах рахина юм болов уу. Алин нь юм бол гэсэнд, охин хариу хэлж чадсангүй.

Энэ хэр яг найман сарын үе байсан тул хүрээлэнгийн нуурт цацагт цэцэг дэлгэрч байлаа. Охин даруй олж үзмэгцээ ухаан сийлж яаран “Би түүнээс “Ямар цэцэг захирах рахина болох юм бэ. Бидэнд хэлбэл хожим тахихад хэрэгтэй” гэж асуусанд: “Чи ганцхан Бао Юйд хэлж болно. Бусад хүнд тэнгэрийн нууц задруулж болохгүй” гээд надад тусгайлан цацагт цэцгийг захирна гэж хэлсэн гэв.

Бао Юй сонсоод гайхсангүй. Харин гуних сэтгэл нь баяртай болж, цацагт цэцгийг харж инээн” Энэ цэцгийг эрхбиш тийм хүн захирвал зохино. Хэдий зовлонгийн далайг гэтлээд дахин уулзаж чадахгүй болсон боловч тийм хүн эрхбиш их үйлсийг бүтээнэ гэгчийг би мэдсэн юмаа” гээд сэтгэл уярч “Эцэс болоход нь хэдий уулзаж чадаагүй боловч одоо чандрын өмнө очиж нэгэнт ёсолбол мөн тав зургаан жилийн найрсаг явдлыг хүндэтгэсэн болно гэж бодоод яаран гэр рүүгээ явтал Шө Юэ, Чиү Вэнь хоёр өөдөөс нь ирж явав. Тэд хамтдаа хариад жаахан азнаснаа Бао Юй хувцсаа сольж өмсөөд Дай Юйг эргэнэ гэж хүрээлэнгээс гаруут авс тавьдаг газарт хүрч очив. Түүнийг амьсгал хураамагц ах бэргэн хоёр нь эртхэн оршуулах зардал олж авъя гээд ордонд мэдэгдсэнд, Ван Фүрэнь арван лан мөнгө өгөөд: “Сүрьеэтэй хүнийг хотоос гадагш хурдан аваачиж шатаа. Охин хүний сүрьеэ өвчтэй хүүрийг үлдээж болдоггүй юм” гэсэнд ах бэргэн хоёр нь шалавхан авслуулаад хотын гаднах шарил шатаах газарт хүргүүлжээ. Түүний хувцас хунар, зүүсгэл чимэг гурав дөрвөн лангийн үнэтэй эд юмсыг нь хожим хэрэглэнэ гээд хамж аваад явжээ. Бао Юй авсны газар очсон боловч хоосон үүд мөргөөд дараа нь Дай Юйгийнд орох гэтэл цаадах нь эзгүй байв. Хаачсаныг сурагласанд: “Бао авхайнд очсон” гэж нэг нь хэлэв. Яваад Хөн Ү Юаньд хүрч очвол, хүмүүс нь нүүгээд хүний бараа алга байв. Гэнэт Ван Фүрэний шивэгчин араас нь ирж: “Лаое ирээд, чамайг олж ир гэлээ. Бас сайхан сэдэв олсон гэж байна лээ. Хурдал, хурдал” гэв. Бао Юй арга буюу шивэгчинг даган явав. Ээж нь гэртээ байвч эцэг нь алга байв. Тэгээд бичгийн гэр рүү явав. Энд Жя Жөн зочидтой намрын тухай ярилцаж байснаа:

-Тарахын өмнө гэнэт нэг юм санаанд орлоо. Чухамхүү “Эрхэм нэр цолгорон, элбэрэл журам хэтийдсэн” мянган оны яруу үг болой. Бүгдээр нэг анги тайлгын шүлэг бичихэд харин сайхан сэдэв болно гэв. Зочид “Ямар гайхамшигт хэрэг болов” гэж асуув. Жя Жөн

-Эрт урьд цагт нэг ван байжээ. Өргөсөн цол нь, Хөн Ван гэнэ. Тэр Чин Жөүг эзлэн сууна. Энэ Хөн ван гэгч өнгөнд дуртай, зэр зэвсэг хэрэглэхдээ сайн учраас олон сайхан гоо охиныг шилж авчраад өдөр бүр эрийн эрдэм боловсруулан, дайлах довтлох үйлийг сур гэж хэлжээ. Тэдний дунд Линь Сынян гэгч хүүхэн байж. Өнгө зүс сайтайгаас гадна цэргийн эрдэмд гарамгай болжээ. Энэ нь Хөн вангийн санаанд их нийцсэн тул түүгээр олон татвар эмсийг захируулахын хамт амарлингуй жанжин гэж нэрлэжээ… гэтэл зочид ам амандаа:

-Гайхамшгийн туйл болжээ. “Амарлингуй” гэх үгийн дараа “жанжин” гэдэг үг нэмсэн нь яруу сайхан болжээ. ҮнэхэЭр Ертөнцөд хосгүй, гайхамшигт шаштир ажгуу. Бодвол, энэ Хэин ван гэгч мянган оны алдар цуутай хүн байхаа гэцгээв. Жя Жөн инээж:

-Үнэхээр тийм юмаа. Тэгтэл сонирхолтой бөгөөд гунигтай хэрэг гарчээ гэсэнд зочид хирдхийн цочоод “Юу болсон бэ” гэж асуув. Жя Жөн:

-Дараа жил нь “Шар алчууртан”, “Улаан хөмсөгтөний” нэг бүлэг хулгайн үлдэгдэл дахин нэгдэж уулын зүүн орныг булаан эзэлж дээрэмджээ. Хөн ван, тэднийг хорхой шавьж мэт дорой амьтас хэмээн басаж, олон цэрэг дайчилсангүй. Цөөхөн цэргээр бүслээд цохичих юм бодсон чинь, нөгөө хулгай нар нь их аргатай болохоор хоёр дахиж оролдоод дийлэх байтугай ван өөрөө алагджээ. Тэгээд Чин Жөү хотын бичиг, цэргийн түшмэлүүд “Ван дийлээгүй юмыг бид яаж дийлэх вэ” гэцгээн, тэдэнд бууж өгөхөөс аргагүй юм боджээ. Энэ олиггүй мэдээг Линь Сынян сонсоод, нөгөө дайчин хүүхнүүдээ цуглуулаад “Чи бид нар угаасаа л вангийн өршөөлийг хүлээсэн улс. Тэнгэрт гарч, далайд оровч түүний ачийн нэг хувийг ч хариулж чадахгүй. Одоо ван нэгэнт төрийн төлөө төрсөн биеэ сүйтгэсэн тул би түүний хойноос амь биеэ сүйтгэе гэж бодлоо. Та нарын дотор намайг дагах хүн байвал надтай хамт яв. Явах дургүй нь эртхэн чиг чигээ хөөцгөө” гэсэнд, олон баатар хүүхнүүд, түүний зоригтойг хараад: “Дуртайяа явъя” гэжээ. Тэгээд Линь Сынян бусдыг дагуулан шөнө дөлөөр хотоос гарч шууд дээрэмчин хулгайчдын хуаранд очив. Дийлсэн дээрэмчид сэрэмжгүй байсан учир толгойлогчдыг цавчаад алчихав. Тэгтэл цэргүүд нь байлдаж эхлэв. Харваас хэдхэн охин байсан тул зоригжоод, үхэн байлдаж нэгийг нь ч үлдээсэнгүй. Зоригт хүүхнүүд тэнцвэргүй хүчинд ялагдсан боловч үнэнч журмын цадиг түүхийг үлдээжээ. Дараа нь нийслэлд мэдүүлсэнд тэнгэрийн хөвгүүн болон түшмэдүүд нь шүүрс алдан гайхжээ. Бодвол, хаан төрөөс цэрэг гарган дээрэмчдийг шүүрдэн цэвэрлэсэн нь лавтай. Харин энэ Линь Сыняны үйл явдал үнэхээр бишрэлтэй юмаа гэсэнд зочид цөм шүүрс алдаж: “Туйлын бишрэлтэй хэрэг. Энэ үнэхээр гайхалтай сэдэв байна” … гэтэл нэг хүн хэдийн бийр авч Жя Жөнгийн хэлснийг бичиж авснаа түүнд авчирч өгөв. Жя Жөн:

-Зөв байна. Саяхан бас эзний зарлиг бууж урьд төрөөс нааших өргөмжлөн шагнах хэрэгтэй бөгөөтөл мэдүүлгээс хоцорсон ийм маягийн хүмүүсийг шалган тодруулж, эм, лам, чавганц, гуйлгачин хэнч байсан тэр шагнавал зохих нэгэн зүйлийн хэргийг бүтээсэн бол даруй цуглуулан тэмдэглэж ёслолын зурганд мэдүүлж, эзний шан хүртээхээр бэлтгэгтүн гэжээ. Тиймээс түрүүнд ярьсан зүйлийн тухай ёслолын зурганд хүргэсэн. Бүгдээр энэ талаар сонссон болохоор цөмөөр нэг анги “Амарлингуй жанжны дуулал” бичиж түүний журмыг тэмдэглэе гэв.

Тэд цөм инээн: “Ийнхүү үйлдэх нь зүйтэй юм. Ганцхан бишрэлтэй нь, мянган жилийн явдлаас үлдэж хоцорсныг энэ төрд илтгэн дэлгэрүүлэх гэгч үнэхээр “Алтан төрд алдалгүй болой”… гэсэнд Жя Жөн: “Яг тийм” гэв.

Ийн ярилцаж байтал Бао Юй, Жя Хуань, Жя Лань нар босож ирээд сэдвийг үзсэнд Жя Жөн: “Тус бүрдээ нэг тайлга бичтүгэй. Хэн урьдаар бичсэнийг нь шагнана. Сайн бичвэл давхар хувь шагнана” гэв. Жя Хуань, Жя Лань хоёр ойрын өдрүүдэд олны өмнө хэдэн анги шүлэг зохиогоод зориг орсон тул сэдвийг харуут бодож эхлэв. Төдөлгүй Жя Лань биччихтэл Жя Хуань бас яарч биччихээд сийрүүлэн байхад Бао Юй мэлрэн суусаар харагдана. Жя Жөн нар эхлээд Жя Ланий шүлгийг үзэв. Тэрбээр нэг анги, долоон үгийн тасархай бадаг бичжээ.

Эрэмгий зоригт амарлингуй жанжин Лин Сы Нян гэгч

Эрдэнэ хашийн яс шөрмөс, болд төмрийн зүрхтэй

Эгэл биеийг мартан тэвчиж Хөн ванд хариулснаар

Эрхэм нэр нь одоо бас Чин Жөүгийн газар дуурсна.

Зочид үзээд гайхалдан: “Эрхэм агь, арван гуравхан насандаа ингэж бичнэ гэдэг үнэхээр амаргүй. Гэрийн сургаалын өргөн, гүнийг үүнээс мэдэж болно” гэж магтсанд Жя Жөн инээж:

Энэ чинь нялх хүүхдийн үг боловч бичихэд энүүхэндээ хэцүү шүү гээд Жя Хуанийхийг нь үзэцгээе гэв. Түүний бичсэн нь:

-Чимэн засагчид гунил бухимдлыг бодохгүй

Чин зоригтны эрэмгий зориг мохошгүй

Цэцэгт орхиулаас нулимсаа арчин салж

Чин Жөү хотоос хорслыг өвөрлөн мордов

Хүндэт вангийн ачийг хариулсугай гэвч

Хүчирхэг дайсныг хэрхэн дийлж чадах вэ.

Хөг шүлгээр журамт онгоныг чинь тахисугай

Хөвчин алдар чинь мянган онд цолгоров.

Бүгд “Нэн сайн болжээ. “Дүүгээсээ хэдэн нас ах ч гэсэн утга санаа мөн адилгүй” гэсэнд Жя Жөн: “Дэмий их алдаагүй гэвч санаагаа төдий л сайн илтгэж чадаагүй байна” гэв. Тэгтэл цаадуул нь: “Энэ болно. Өдий насны хүүхэд энэ мэт зохионо гэдэг чинь хэдэн жилийн дараа Да Руань Шяо Руань болж чадахгүй гэж зовох хэрэггүй” гэсэнд Жя Жөн инээж: “Хэтэрхий магтах юмаа та нар. Бичиг ном үзэх дургүйн гай илэрч л байна” гээд Бао Юй: “Яаж байна вэ” гэв. Цаадуул нь Эр Еэ нарийвчлан сэтгэж, урлан сийлэх нь эдэнтэй яаж адил байхав. Лав сэтгэл уярам гайхамшигтай зохиож байгаа бий гэцгээв. Бао Юй инээн:

-Энэ сэдэв хэмжээт шүлэг бичихэд нийцэхгүй мэт. Харин эртний шүлгийг дууриаж, дуулал тэмдэглэл мэтийн урт шүлэг бичвэл сая санаагаа гаргаж чадмаар санагдана гэсэнд зочид алга ташиж:

-Түүний утга санаа адилгүй гэсэн бишүү. Сэдвээ олмогц даруй ямар хэлбэртэй бичихээ боджээ. Энэ бол хуучин шүлэгчний гайхамшигт арга болой. Энэ сэдвийн нэр нь “Амарлингуй жанжны дуулал” гэх бөгөөд бас оршилтой тул эрхбиш урт магтуу буюу тэмдэглэл сая тохирно. Вэнь ба Ча-гийн “Ваар тогшсон магтуу” Ли Чан Жийгийн “Цугларан үлдсэн магтуу” бас Бай Жугийн “Гүн хорслын магтуу” мэтийн хэлбэрээр найруулах буюу эсхүл эртнийг магтсан дуулал найруулан, хэсэг өгүүлэн, хэсэг уянгалуулбал сая яруу сайхан болж гайхамшгийн туйлд тулна гэцгээв. Жя Жөнгийн санаанд нийлсэн тул “Сайн, сайн” гэнгүүтээ цаас аваад Бао Юйд: “За чи хэл, би бичье. Муухай болбол махтай чинь л ярина. Хэн чамайг урьдаар их үг хэл гэсэн юм” гэтэл Бао Юй нэг мөр уншив.

Зэр зэвсэгт дуртай Хөн ван өнгөнд шунасаар… гэтэл Жя Жөн бичээд толгой сэгсэрч “Болхи байна” гэсэнд тэндээс нэг нь: “Эртнийхийг энэ мэт дууриахыг болхи байна гэж болохгүй. Цааш залган бичихийг нь үзье” гэв. Жя Жөн: “За тийм бол үлдээе” гэв. Бао Юй залгаад:

Жимсэгт хээнцрийг шилж авчран харваж намнахыг сургана

Жингэнэх хөгжим, солонгорохыг сургана бүжигт бах тав эс эс ханаж

Жагсаал дэлгэн жад эргүүлэхэд сэтгэл сая баясна гэж уншсанд Жя Жөн яаран бичив. Зочид: “Ганцхан энэ гутгаар мөр гэхэд л эртний маягтай, хэрсүү дадамгай, гайхалтай болжээ. Дөтгөөр мөрд өгүүлсэн нь мөн тохиромжтой байна” гэв. Жя Жөн: “Магтан сайшаах хэрэггүй. Сэдэвт хэрхэн залгахыг үзсүгэй” гэтэл Бао Юй:

Барман тоос нэгэнт намхраад нүдний үзүүр тайван

Баатар жанжны гоолиг дүр улаан дэнд сүүмэлзэнэ… гэсэнд зочид “Энэ хоёр мөр чинь гайхалтай сайхан… барман тоос нэгэнт намхраад гэхийн доор бас гоолиг дүр дэнд сүүмэлзэнэ гэж залгасан нь нэн сайн болжээ гэв. Бао Юй залгаад:

Булбарай уруулаас зарлиг гарахуйяа анхилам үнэр ханхалж

Болд зэвсгийг өргөж авахуйяа нэмүүн бие нь тамирдана гэсэнд бүгдээр алга ташиж “Нүдэнд үзэгдтэл зураглажээ. Тэр Бао гүн тэнд байж нэмүүн биеийг нь харж, анхилам үнэрийг нь үнэртсэн бизээ. Тэгээгүй бол хэрхэн энэ мэт зурж чадах вэ” гэв. Бао Юй инээмсэглэн: “Ордны охид цэргийн эрдэм эзэмшихэд хэдий эрэмгий баатар боловч яаж эр хүнд хүрэх вэ. Нэмүүн зөөлөн байдлыг бараглавч мөн мэдэж болно” гэв. Жя Жөн: “Тэгээд хурдан залгахгүй, дэмий юү яриад байгаа юм бэ” гэсэнд Бао Юй жаахан бодоод

Цацагт товчийг засан товчилж дурдан бүсийг бүслээд… гэтэл

Тэд “Ц” толгойгоор хувилган холбосон нь нэн урсам сайхан болсон бөгөөд энэ мөрийг өнгөлөн чимсэн нь гайхалтай” гэцгээв.

Жя Жөн, шүлгийг бичиж дуусаад:

-Энэ мөр муу болжээ. Нэгэнт “Ханхалж”, “Нэмүүн” гэсэн байтлаа бас ингэж бичиж яах юм бэ. Энэ бол хүчин мөхөсдөөд, давхардсан үгээр аргацааж эвлүүлэх л гэсэн хэрэг гэсэнд Бао Юй инээж:

-Урт магтаал учраас баахан үгээр засаж чимэхгүй бол харин эвгүй болно гэв. Жя Жөн:

-Чи хэрэггүй үг хэлэхийг мэдэх юм. Үүний чинь дараа яаж зэр зэвсгийн учрыг залгах юм бэ. “Илжигт эвэр ургах” бишүү гэсэнд Бао Юй:

-Тийм бол дараах мөрийг огцом зогсоох нь зүй мөн… гэсэнд эцэг нь хүйтнээр инээмсэглэж:

-Ямар эрдэм чадал чамд байгаа юм бэ. Эхлээд их үг хэлээд байсан. Одоо эргүүлэх, зогсоох ч гэх шиг, энэ чинь” санаа байвч сачий хүрэхгүй” болох бишүү гэв. Бао Юй дуугүй бодлогошроод,

Чимэгт сувдыг зүүхгүй, эрдэнийн илдийг зүүнэ… гэснээ “Энэ мөр ямар сонсогдоно вэ” гэсэнд алга ташицгаав. Жя Жөн инээж:

-Бичээд залга… гэсэнд Бао Юй:

-Болбол даруй нэг амьсгаагаар залгана. Болохгүй бол жаахан бодъё гэв. Жя Жөн зандрах янзтай:

-Чи дуугүй бай. Муу болбол дахин бичиж болно. Арав, зуун удаа зохиовч зүдрэхээс халширч болохгүй гэсэнд Бао Юй арга буюу жаахан бодоод:

Цэлмэг шөнө боловсорч барахуйяа зүрх түгшин тамирдаж

Чийхрах хөлсөнд эрээнтсэн энгэсэг хив алчуурыг хиртээнэ… гэсэнд Жя Жөн: “Энэ мөрүүд чинь болж байна. Цааш нь… гэтэл Бал Юй

Дараа жилд явуул дээрэм Шандун газар босоод

Дархан хүч, аварга сүрээр сүрэглэх зөгий мэт хоморголов… гэсэнд

Цаадуул нь “Энэ явуул” гэдэг үгэнд гүн ба гүехэн илэрчээ.Энэ нэг мөрөөр өлгөсөн нь мөн хөшүүн биш болжээ гэв. Бао Юй, би дахиад хэдэн мөр хэлье.

Даран сөнөөнө гэж ван бодож, тэнгэрийн цэрэг дайчлан

Дахин, дахин тулан байлдавч дийлж эс чаджээ

Далант тарианы арвай буудай дайны салхинд ногоорч

Далбаа хиур наранд гялбавч барсын цацар хоосорчээ

Хөхөмдөг уул, нам сэлүүн орших ус хоржигноруун

Хөөрхий ван хатуужин байлдаад бие мөхсөн мөч

Хүртээл хур ясыг угааж цус нь өвсийг улайлгаад

Хүйтэн сарын үдшийн бүрэнхийд сүнс хүүрийг нь сахина… гэж уншсанд зочид “Үнэхээр сайн болжээ. Гайхамшигтай. Эсгэн тохируулах, үйл явдлыг өгүүлэх, үгсийг найруулах талаар алдаагүй хийжээ. Яахин Сы Нянтай холбохыг нь харъя. Лав сонин болох байх” гэцгээтэл Бао Юй:

Өнөр олон жанжин түшмэд биеэ хамгаалахыг бодон

Олныг сэдэж атал Чин Жөүг бор тоос бүрхэв.

Үнэнч журамтан эрхэмсэг ордонд байсныг хэн мэднэ

Үхсэн вангийн итгэлт хүний хилэн хорсол хөөрөв… гэтэл цөм л “үгс урнаар нугарчээ” гэсэнд Жя Жөн: “Яасан олон үгтэй юм. Цааш нь давхардуузай” гэсэнд Бао Юй шүлгээ үргэлжлүүлэв.

Өршөөлт вангийн итгэлт хүнээс хэнийг сайн гэвэл

Өрлөг баатар амарлингуй жанжин Линь Сынян тодорно.

Өндөр ордны хатад татварыг нэгэнтээ зандран цуглуулж

Өнгөт цэцэг мэт цэргийг дайчлан дайлахаар мордов

Өмссөн хуяг чимээ аниргүй, шөнийн уйтгар гүн

Үзэмжит эмээлд нулимс дусалж, сэтгэлийн гунил хүнд

Өнгөрсөн үеэс дийлж, дийлдэхийг урьтаж мэдэхүйеэ бэрх

Үхэх амьдрах заяаг хамтатгаж, ванд хариулахаар ам алдав

Уршигт хулгайн хүчийг няцааж тэнцэн тулах хэцүү.

Уд хувхайран цэцэг зулгарч улаан цус урсав

Унасан хүлэг нь шарилыг хэсэхэд анхилам үнэр ханхалж

Учиралт сүнс хотыг эргээд гэр нутгаас ангижирчээ.

Харавсан сум мэт хурдан чимээ нийслэлд хүрэхүйеэ

Харамсан гашуудах залуус хүүхдүүд сэтгэл уяран эмгэнэв

Хаан эзэн хэлмэгдэн бэгтэрч хот эзлэгдэхээс эмээн

Хамаг олон жанжин түшмэл толгой унжуулан гансрав

Гүрнийг тогтоох их ёсыг тэд юунд байгуулсан бэ?

Гүнгийн ордны гоо охинд харин эс хүрчээ

Амарлингуй жанжны ариун сүнсэнд би шүүрс алдаж

Аялан дуулж гүйцсэн боловч сэтгэл басхүү догдолно… гэж уншиж дууссанд бүгдээр баяр хүргээд дахиад эхнээс эхлэн дуустал уншуулав. Жя Жөн инээж:

-Зарим мөрийн санаа сайн илэрсэнгүй ээ… гээд за яв гэсэнд гурван хүүхэд чингэлгээс тавигдсан болжмор мэт үсрэн гарч гэр рүүгээ гүйцгээв.

Бүх хүн сэтгэл амар унтахад ганцхан Бао Юй сэтгэл зовж байв. Тэрбээр хүрээлэнгийн цацагт цэцгийг хараад л “Чин Вэнь цацагт цэцгийн Рахина болов” гэж бяцхан шивэгчин хэлснийг санаад л тэсгэлгүй баярлаж байсан ч цэцэг сая хараад шүүрс алдав. Тэгээд дотроо: “Үхсэн хойно нь чандрын өмнө очиж тахиж чадсангүй. Одоо цацагт цэцгийн өмнө очиж тахилга үйлдвэл ёсыг гүйцэтгэж чадна” гэж бодоод даруй явъя гэж бодсон боловч “Хайш яйш аашилж болохгүй. Эрхбиш хувцас хунараа засаж, идээний дээж бэлтгэвэл сая үнэн сэтгэлээ гүйцэтгэж болно” гэж бодов. Бас эртний хүний өгүүлсэн “Хурмал тунамал усч болов, хагд замаг өрөм ч болов, ван гүнийг ичээж, бурхан, чөтгөрт өргөж болно” гэдэгчлэн уг юм сэтгэлийн үнэнд байх ёстой. Яагаад би өөрийн тайлгын бичгээ бичиж, уяран гашуудах сэтгэлээ илтгэж болохгүй билээ гэж бодогдоно. Тийнхүү Чин Вэний бахархан дурладаг мяндан хивнээс нэгийг авч тод сайхан үсгээр хичээнгүйлэн бичээд “Нэрийг нь цэцэглэг рахины тайллага” гэж өмнө нь оршил бичээд хойно нь магтуу дагалдуулан бас Чин Вэний дуртай идээнээс дөрвөн зүйлийг бэлтгэв. Тэгээд бүрий тасран, хөл татарсан хойно нэг хүүхдээр бариулан цацагт цэцгийн өмнө аваачаад ёслосны дараа уг бичгээ цэцгийн мөчрөөс өлгөн эхэр татан уйлаад тайвуухан уншив.

Амгалан тайван аж төрсөн, ивгээлт сайхан оны гавир цэцэг бадран дэлгэрсэн баян тарган намрын арга барагдаж ааш завхарсан өдөр И Хун Юаний мунхаг хаш бээр хурмаст тэнгэрийн оронд цацагт цэцгийг захирагч хувилгаан дагины ариун сүнсний зуун цэцгийн гэсэр, зөөлөн мяндсан хив, ариун булгийн рашаан, амтат цайны дээжийг өргөн барьж үнэнч сэтгэл юүгээ илэрхийлэн тахисугай.

Миний санахад дагина та хүний ертөнцөд буугаад нэгэнт арван зургаан жил болжээ. Өвөг дээдсийн чинь, овог нэр, орон нутгийг мэдэх хүн үгүй тул эрсээр их уджээ. Хаш миний бие амран зугаацаж, алиалан наадах үдэш, унтаж хэвтэн угаан самнах зуур цуг байж ээнэгшин дасаад таван жил найман сар илүүхэн болов. Дагина таны амьд сэрүүн байсан үеийг санахад, эрхэм үнэтэй зан чанар чинь алт сувдаас илүү, ариун тунгалаг бие махбод чинь болор шилээс даваад, гэгээн саруул билиг оюун чинь нар сартай тэнцэж, гоо үзэсгэлэн зүс царай чинь цэцэг навчийг ичээж, төрсөн амарлингуй дөлгөөн занд чинь эгч дүүс бүгдээр биширч, ариун цагаан сэтгэл аятай нэмүүн суртлыг чинь ахмад хүмүүс бахархаж байсан. Шар шувуу өндөрт чинь мөчөөрхсөөр шонхор, тас доор унаж, ноцоогоно зангуу үнэрт чинь тачаадсаар агь хүж арчигдан хохирохыг хэн санаж олох вэ. Уян налархай цэцэг хуар угалзан салхийг яаж даах вэ. Уйтгар ихэт удын найлзуур аадар бороонд хэрхэн тэсэх вэ. Санаандгүй байж хорт могойд ороолгоод, салшгүй өвчин эмгэгт өртсөнөөр чавган улаан уруул нь хөхөрч тоорын ягаан хацар нь шаралжээ. Хараал зүхэл, халхавч хөшгөөс үүсэж, харгана бут, ой ширэнгэ харах нүдийг чинь халхалжээ. Ой гутаах харанхуй мананд гаршгүй төөрөөд хилс гүжрийн хар шороонд сэхэшгүй дарагджээ. Эрхэм дээд зан чанарт чинь атаархагсдыг Жя И мэт1 хорсолтой. Ариун журамд чинь жөтөөрхөж хорлосон нь Ван Жао Жюниас зовнилтой2. Гашуун нулимсыг асгаруулсаар тонилсон зуурдын сүнсийг өрөвдөх хүн хэн байна вэ? Ариун үүл арилж замхраад, алтан мөрийг чинь олохгүй болов. Баруун тэнгэрт гарах зам хаагдсан тул мөнхийн рашааныг яаж олно вэ3.

Зүүн далайд орох завьгүй тул хувилгаан эмийг яаж авчрах вэ4. Хөө хар хөмсгийг чинь өчигдөр би зурсан мэт, хөрсөн хаш бөлзгийг чинь одоо хэн бүлээсгэх вэ? Уусан эм чинь хүмүүсийн дотор үлдсэн. Уйлсан нулимс чинь урд энгэрээ дэвтээсээр. Галбингаа шувуу толины доторх сүүдэр юүгээ таних тул5 сарны доор хайрцгийг чинь нээж чадсангүй. Зандан сам луу болон ниссэн тул шүд нь хугарч унахаас зовно. Алтан чимэг юүгээ өвсөн дотор хаяжээ чи. Бадмаарагийн хайрцгийг шороон дотроос авсугай би6. Шаазгай нисээд асрын дотор хоосон7 Долооны үдэш уран зүү8 чинь ганцаар үлдэв. Уран хажин бүс минь тасарсныг урлан залгаж өгөх хүн үгүй. Баруун тэнгэрийн захирсан алтан намрын цагт би зүүднээс сэрэхүйеэ гав ганцаар хэвтнэм. Үдшийн бүрийд үүдний гадаа ариун сүнс чинь мөр сүүдэргүй арилав. Цацагт цэцгийн сайхан үнэр, хөшиг дотор бас үлдсээр. Зөөлөн амьсгаа, яданг бие чинь алга болов. Хатсан өвс тэнгэрт тулжээ. Хулс ганцаар ногооноороо үлдэж чадах уу? Гунигт эмгэнэл газрыг бүрхсэн нь голионы энсрэл мөн байхаа. Шүүдрийн чийг шөнийн чулуунаас хувцас анд шингэх нь мэдэгдэхгүй9. Бороонд мөнх ногоон майлс хэрмийн дээгүүр харагдаж, бодлогот лимбийн уярал хааяа сонсогдоно. Сайхан нэр чинь мартагдаагүй. Саравчны тоть ч дуудсаар л байгаа. Хашлагын гаднах хайтан ч хэдийн хярвайж эхлээд, хээнцэр сайхан дүр чинь үзэгдэхгүй болов. Нуугдаж тоглодог байсан халхавчийн ард хөнгөн лянхуан алхаа чинь сонсогдохоо болилоо. Өвс хэрэлдүүлсэн салхивчийн урдуур эрхэм цахирмаа бас дэмий л хүлээсээр. Энгэр тохой минь элэгдвэл энтэй торгыг хэн эсгэнэ вэ. Ханцуйны үзүүр сэмэрвэл хамба хилэнг хэн хайчлах вэ. өчигдөр би хатуу эцгийн тушаалыг хүлээж тэргээр довтолгон явж цэцгийн хүрээлэнг үзээд, өнөөдөр энэрэлт эхийн сэтгэлийг огоорч таяг тулан ирж шарилыг чинь оршуулав. Ариун чандрыг чинь шатаалаа гэж сонсоод, ясаа хамт тавих гэсэн сэтгэл минь хоосров. Чулуун онгоныг чинь сүйтгэлээ гэж сонсоод энэ насаа хамтатгах гэсэн элэг минь эмтрэв. Эдүгээ үдшийн салхин хүүгсэн хийдийн балгасанд хөх гэрэл сүүтэгнээд, оройн наран туссан эзгүй булшин дээр цагаан яс чинь бутарчээ.Хайлаас дом жихүүн жаварт исгэрэн шуугьж, хамхуул хүчит салхинд туугдан арилна. Хүдэн манан бүрхсэн хээрийн онгонд чөтгөр чичигнэн уухилалдаж, хөх униар тунарсан зөрөг замд сармагчин чарлан хашгирна. Улаан мяндсан хөшгөнд агийн найрсаг сэтгэл зузаан гэж яахин болно. Шар булгийн доорх охины заяа нимгэнийг сая л мэдлээ. Бань Ши хүйтэн салхинд цусан нулимсаа асгаруулж10 Зы Зө жихүүн сарнаа энэлэн эвхрэн гашууджээ11. Эвий, эвий, энэ лавтайя ад чөтгөрийн хорлол бизээ. Арш, бурхан бас атаат сэтгэлийг өвөрлөнө үү. Ганц солгой боолын хэлийг сугалсугай. Эднийг хэрхэн өршөөж болно вэ. Үнэгэн хулжин өлөгчдийн өвчүүг хадсугай. Хорсол минь яахин тайлагдах вэ. Хүний орчлонгийн хувь ерөөл чинь хэдий нимгэн боловч хаш миний мунхаг сэтгэл харин ч зузаан. Чин зүрхний угаас мөрөөдөн санаж, чивэлт тэр учрыг цөхрөлгүй асууснаар дээд тэнгэрийн ивээлийг хүртэж, цэцгийн ордоноо ажран залраад амьд байхдаа цахирмаа цэцэгтэй нөхөрлөж үхсэн хойноо цацагт цэцгийг захирсныг мэдэв. Өчүүхэн инжийн үгийг сонсоод, учиргүй дэмий гэж санасан боловч мунхаг хаш тунгааж бодоод, маш гүн учиртайг мэдэв. Юу гэвэл, эртний Е Байшань сүнсийг дуудан хөшөөний үг бичүүлж12 Ли Хэйг дуудан тэмдэглэл бичүүлсний13 учир нь өөр боловч ухаан нь нэг болой. Тийнхүү хүний чадварыг үзэж, хэрэглэх нь мөн бөгөөд тэр чадвар нь үгүй бол яахин дураар аваачна вэ! Дээд тэнгэр хүний хэр чадлаар дэвшүүлэн хэрэглэх нь, асар тохиромжтой. Эрдэм чадлыг чинь дарагдуулахгүй гэгчийг сая итгэв. Балай биш сүнсийг чинь бууж ирэх ч болзошгүй гэж хүссэн тул бядуу эмзэг хэдэн үгээ чамлалгүйгээр, ариун сонорын чинь чийр болгосугай. Тийнхүү сүнсийг чинь хурайлан даллаж дуулруун.

Хөх мөнгөн тэнгэр өндрөөс өндөр тунарчээ. Хаш цагаан луу хөлөглөөд чи сансар огторгуйд дүүлсэн бизээ. Хөрст алтан дэлхий уудмаас уудам налайжээ. Цас цагаан заан унаад чи сайр булагт буусан бизээ. Сүйх тэргэнд чинь сувд хорол өлгөжээ. Мул бурансадийн гэрэл бадарсан бизээ. Өд шүхэрлэсэн хүндэт жагсаал өмнө чинь удирджээ. Данисэд, Садбис дэргэд чинь шадарласан бизээ. Аянгын эзнийг ардаа дагуулжээ. Саран тэнгэрээр зам юугаа гэрэлтүүлнэ үү. Тэргэн хүрдний чинь хяхнах чимээ сонсогдоно. Гарди галбингаа хөлөглөөд алс холыг зорино уу. Анхилам сайхан үнэр хамарт ханхална. Энгэрээсээ хүнд самбуу зүүсэн бизээ. Өмссөн сайхан хувцаснаас чинь өнгийн туяа цацарна. Гэгээн сараар ээмэг сийлэн зүүсэн бизээ. Зава цагаан үндсээр хот мандал засжээ. Цахирмаагийн тосоор лянхуан зул барьсан бизээ. Хөндий хэмхийг зороод архины хундага болгов. Шимийн дээж, сэржимдээд гавирын сархад сөгнөх бизээ. Дээш өлийж үүлэн цацгийг харахад үнэхээр бас үзэгдэхүйц болсон байхаа. Дорогш өнгийж усны давалгааныг чагнахад бүүр түүр сонсогдох нь юү вэ. Улаан тоосонд намайг орхиод арилжээ чи. Уулзан золгохын хувь зохиолгүй болсон бизээ. Салхин тэнгэрээр тэрэг хийсгэн хүрсүгэй би. Зуузай холбон эргэж ирвэл болно уу. Үүнээс болж элэг зүрх минь эвхрэн ороолдсоор, гэнэт дуу тавин уйлавч ямар ч тус алга. Одоо чи шар булгийн дор өөдөө харан нойрсчээ. Үүнийг яахин дээд тэнгэрийн тавилга гэж болно вэ. Хүндэт чандар чинь, онгоны дотор тавтайяа оршжээ. Хүний орчлонгоос ангижраад бас чухам юу болно вэ? Өндөр хашаанд хоригдсон мэт санаагаар болохгүй байна. Намайг нэг өрөвдөж эргэж ирэх болов уу. Чи чухам эргэж ирэх санаатай юү, үгүй юү? Цэцэглэг архины хувилгаан сүнс залран буух байлгүй!

Одоо чи, арилсан галавын амарлингуй оронд байх тул энд залран ирсэн ч би олж үзэхгүй бизээ. Чи хөгц замгаар хөшиг халхавч хийж, хөх унгирлын цаана бат нуугджээ. Удын навчин нүдээрээ үүрэглэхийг хичээж, өр зүрхэн доторх зовлонгоо тэвчтүгэй. Янжинлхам чамайг гавирт асганд урьж замбагарав лянхуа нуурт залжээ. Нүн Юй хатан бишгүүр үлээж Хань Хуан дагина хураагч ташив. Сүн Шань хайрханы охин тэнгэрийг урьж Ли Шань уулын эх дагиныг залав. Алтан мэлхий нуурын хөвөөнд сайн бэлгэ үзүүлж, араатан жигүүртэн аясыг дагаж бүжиг бүжиглэнэ. Шүй голд шумбасан луу урхирч Жу Линь ойд цугласан гарди бүжиглэжээ. Өв тэгш тахил өргөсөн ч биш, үнэхүү сэтгэл юүгээ илтгэсэн төдий болой. Сансрын ордноос сүйх чинь хөдлөөд хан сүмбэрийн мандлаас далбаа хураан буцжээ. Бие сүүдэр юүгээ цухуйлгаад бас эргэж буцсан мэт. Ариун сайхан үнэр чинь ханхлан байснаа гэнэт үгүй болов. Учрах, хагацах гэгч униар будан татаад арилах мэт. Тэнгэр үүлшин бүрхжээ. Манан татаад бороо орох адил. Шороо тоос арилаад, одон мичид гялалзжээ. Уул ус тунараад гэгээн саран тонгойжээ. Зүрх минь юутай их түгшинэ вэ. Зуванзийн зүүдний эрвээхэй бүжиглэж байх биш биз14. Би тэсгэлгүй эхэр татан мэгшиж, нулимс асгаруулан зовнив. Хүний дуун тасарч, хулсны чимээ шуугин шаагина. Шувуу үргэн нисээд загас жараахай яраглан дуугарна. Гутрал гунигаа илтгэн даатгав. Өлзий хутаг орших болтугай! Эвий хөөрхий. Халаг14 хуухай! Дээжлэн амсаж зооглон соёрхму.

Тахилгын үгээ уншиж дуусаад Бао Юй, тахисан юмсаа шатаагаад явж чадахгүй байхад нь бяцхан шивэгчин дахин дахин шаардав. Тэгээд яван завдтал хадны араас нэг хүн босоод ирэв. Тэд учиргүй цочив. Нөгөө хүн “Хүлээж бай” гэж дуугарав. Ажин харвал, цацагт цэцгийн дунд хүний сүүдэр бөртөгнөн байсанд шивэгчин “Хүн биш, чөтгөр байх. Чин Вэний сүнс байх” гэсэнд Бао Юй хирдхийн цочоод ажиглан харав.

Хүн, чөтгөр хоёрын алин болохыг хойнох бүлэгт үзтүгэй!


Тайлбар:

  1. Жя И-Баруун Хань улсын дэвшилт үзэлтэн, зохиолч. Хуулийн сургаалтаны шугамыг барихыг зорьсон хүн. Зарим хүнд хавчигдан гадуурхагдаж яваад санаандаа хүрэлгүй, түүндээ гутарч үхжээ.

  2. Ван Заожюань-Баруун Хань улсын хааны бага хатан. Тэр үеийн Шүнүгийн тэргүүн Ху Ханьеэ Юванди хаантай найрамдсанд, хэдэн жил хааныгаа олж уулзаагүй байсан Ван Заожюань өөрөө гуйгаад шүнүгийн хаанд очжээ.

  3. Баруун тэнгэр-Баруун зүгт, тэнгэрийн орны нэг ууланд мөнхийн рашаан байдаг. Түүнийг үхсэн хүнд амсуулбал амилна гэсэн домогтой.

  4. Фэн Лай, Бан Зан, Ин Жоу гурвыг зүүн далай дахь бурхны орон гэнэ. Тэнд хүнийг мөнхрүүлдэг хувилгаан эм байдаг гэсэн домогтой. Үнэндээ бол тийм орон, тийм эм үгүй.

  5. Галбинга шувуу толины доторх сүүдэр юүгээ таних-Пань Тайн шүлгийн оршилд “Эртний Жи Бин улсын ван нэг галбингаа олоод, гурван жил дуугарахгүй болохоор хатан нь “Галбинга төрөл юүгээ үзээд дуугарна гэдэг юм. Толь өлгөөд харуулъя” гэсэнд Ван Толь өлгүүлэв. Толиноос өөрийгөө хараад галбинга гашуудан бархирсаар есөн тэнгэрт гарч алга болжээ гэж байдаг. Энд сэтгэл зүрхний ханиа алдсанаар зүйрлэжээ.

  6. Алтны чимэг-Тан улсын Шюань Цүн хааны хайртай хатан Ян Гүйфэйн үеэл ах Ван Гөзүн хамаг эрхийг атгаж, төрийг самууруулсан тул Ань Лушань урваж Ян Гөзүнийг барина гэжээ. Шюань Цүн хаан зугтааж Ма Юэпүэ даваанд хүрсэний дараа цэрэг нь Ян Гөзүнийг барьж алаад Ян Гүйфэйг боомилжээ. Энэ хоёр мөрд, хаан, хатнаа алуулсныг ёгтолжээ.

  7. Шаазгай нисээд асар дотор хоосон-Энэ өгүүлбэрт давхар утга багтжээ. Нэгд, хүн нь яваад гэр нь хоосров гэсэн санаатай. Хоёрт, асарт шаазгай үгүй бол, Бао Юй, Чин Вэнь хоёр хэнгэрэг, хэдрэг хоёр од шиг, долоон сарын шинийн долооны үдэш шаазгайн чимээгээр уулзаж чадахгүй гэсэн санаатай.

  8. Уран зүү-Эрт үед хятад бүсгүйчүүд, долоон сарын шинийн долооны үдэш гадна хүрээнд хэмх жимс таваглаад, долоон нүхтэй зүүнд өнгө бүрийн утас сүвлээд уран болгохыг гуйж мөргөдөг заншилтай ажээ.

  9. Хувцас цохих-хятад бүсгүйчүүд угаасан хувцсаа эвхээд тэгшхэн чулуун дээр тавиад модоор цохин атирааг нь гаргадаг.

  10. Фань Ши-Хань улсын үеийн Зан Шао, Фань Ши хоёрын явдлыг хэлжээ. Эртний тэмдэглэлд, Зан Шао, Фань Ши хоёр бол найз байжээ. Зан Шао үхэхдээ санаа алдан: “Найзтайгаа нэг уулзаад үхэхсэн” гэж гэнэ. Энэ үед Фаньти нь найзыгаа үхэж гэж зүүдлээд, гашуудал илэрхийлэхээр очиж явтал шарилыг нь гаргаж байжээ. Авсыг нь онгонд оруулах үед өргөж даагдахгүй байжээ. Эх нь авсыг илээд “Хүү минь, чи юү бодоов” гэж асуугаад гайхширан байтал Фань Ши цагаан морь хөлөглөсөн сүйхээр хүрч ирээд уйлан гашуудсаны дараа авсыг нь өргөвөл хөнгөрчихсөн байж. Тэгээд оршуулжээ. Энэ нь яриангүй сэтгэлч үзлийн уламжлал гэцгээдэг.

  11. Баруун Жинь улсын Ши Цүн, лимбэ сайхан үлээдэг Люй Зу гэдэг бага хатантай байжээ. Зао Ван Лүн эрхийг нь булааж, Ши Цүн эрхгүй болов. Зао Ван Лүнгийн нууц сүлбээтэн болох Сүнь Шиюжюа гэгч Люй Зу хатныг булаах гэж Ши Цүнг баривчлах бичиг тараасанд хатан өндөр байшингаас харайж амиа хорложээ.

  12. Е Башань-Тан улсын үеийн нууц эрдэмтэн. Энэ хүн Ли Юн гэдэг хүнээр өвөг эцгийнхээ хөшөөний бичгийг зохиолгоод бас сийлүүлэх гэсэнд цаадах нь бичиж өгсөнгүй. Тэгэхээр нь Е Башань бийр цаас бэлтгээд шөнөөр Ли Юнгийн сүнсийг дуудаж албадан бичүүлээд маргааш өөрт нь үзүүлсэнд маш их цочив гэдэг домог байдаг ажээ.

  13. Ли Цанжи-Тан улсын сүүлчийн үеийн алдарт шүлэгч Ли хэйг хэлж байгаа юм. Түүнийг өвчтэй байхад нэг бурхан ирээд, тэнгэрт цагаан хашаар байшин бариулаад Ли Хэйгээр тэмдэглэл бичүүлэх гэж дуудсанд, тэрбээр даруй үхжээ гэдэг домогтой.                              

  14. Зуванзи унтаагаараа эрвээхэй болоод дэрвэн нисэв гэж зүүдэлсэн гэх домог байдаг

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж