Иргэд юуны тухай ярьж байна?

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Иргэд юуны тухай ярьж байна?

УИХ-ын гишүүд чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагтаа ажиллаж байгаа. Иймд тойргийн иргэд, сонгогчид УИХ-ын гишүүдэд ямар асуудлыг онцлон тавьж байгааг нь сонирхлоо.

С.БЯМБАЦОГТ: 50-ИАС ДЭЭШ НАСНЫХАН Л МАЛ МАЛЛАЖ БАЙНА

-Хөдөөгийн   малчидтай  нэлээд уулзлаа. Ялангуяа алслагдсан бүс нутагт аж төрж байгаа малчидаа анхаарахгүй бол үнэхээр хүнд болжээ. Үнэндээ өнөөдөр багаасаа мал дээр өссөн 50-иас дээш насныхан л мал маллаж байна. Залуучуудад мал дагах сонирхолгүй болж. Яагаад гэвэл, хөдөөд мал, малчин хоёрын үнэ цэнэ эгээ адилхан болж. Мал аж ахуйн салбар ийм байдалтай удвал эрсдэлд орохоор байна. Малчдын маань сэтгэл гундуухан байна. Мөн алтай нутагт чоно нохойн асуудал хүнд болжээ. Бид талын чоныг хайрлана, хамгаална гээд ярьж байхад алтай нутагт айлын 20 тугалыг өвөлд нь идчихэж байна. Энэ жилийн хувьд бяруу, унагатай айл харьцангуй цөөхөн байна. Гэгээн цагаан өдөр малыг нь барих хэмжээнд хүртлээ чоно элбэгшсэнийг нутгийнхан хэлж байна. Чоныг устгаж, тоо толгойг нь тодорхой хэмжээгээр бууруулах талд малчид санал санаачилга гаргах ёстой. Үүнийг нь төр засгаас ч дэмжих ёстой гэж бодож байна.

Я.БАТСУУРЬ: САЙН ТӨСӨЛД БАРЬЦАА ХӨРӨНГӨ БАЙХГҮЙГЭЭС ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ БАЙНА

-Жижиг, дунд үйлдвэр­лэлийг хөгжүүлэхэд төрөөс олон тэрбум төгрөгийн дэмж­лэг үзүүлж байгаа. Гэхдээ энэ нь тодорхой үр нөлөө үзүүлэхгүй байгаа юм шиг харагддаг. Учир нь хөдөөний малчин хүн ЖДҮ-ийн зээлд хамрагдаад юу үйлдвэрлэхээ мэдэхгүй байна. Тухайлбал, бие биеэ дуурайсан буюу оёдол, нарийн боовны цех зэргийг нэг суманд ажиллуулж байна. Ямар ч зах зээлгүй. Түүнчлэн сайн төсөлд барьцаа хөрөнгө байхгүйгээс хэрэгжих боломжгүй байгаа гэхчлэн бэрхшээл ярьж байна. Хамгийн чухал ЖДҮ эрхлэгчдээс гарсан бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд дээр борлуулах, худалдаж авах тухайд хамтарч чадахгүй байна. Энэ тал дээр ямар нэг зохицуулалт хэрэгтэй. Оёдлын үйлдвэр ажиллуулж байгаа иргэдийг дэмжээд, бүтээгдэхүүнийг нь зах зээлд дээр таниулах, худалдах нөхцөл бололцоог нь хангаад өгвөл Эрээний барааг хэрэглээд байх шаардлага байхгүй шүү дээ. Гэхдээ манайх шиг ийм тархай бутархай суурьшилтай улс оронд ЖДҮ-ийг хөгжүүлэх нь боломж бололцоо муу байдаг. 1000 хүрэхгүй хүнтэй суманд үйлдвэрлэл эрхэлж, зээлээ төлнө гэдэг хэцүү шүү дээ.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж