Дэлхийн дулаарал Монголд ашигтай юу? | News.MN

Дэлхийн дулаарал Монголд ашигтай юу?

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн дулаарал Монголд ашигтай юу?

Дэлхийн дулаарал Монголд ашигтай юу?

Биднийг бага байхад хагас сайнд орсон бороо 7 хоног үргэлжилж хагас сайндаа зогсдог байсан. Тэр үед хагас сайнд л битгий бороо ороосой гэдэг байж, ер хагас сайндаа ч биш олон хоног үргэлжилсэн бороо ордог байсан. Мөн хөдөө нутгаар тугал харагдахгүй өндөр өвс ургадаг байсан одоо 10 см ч хүрэхгүй байна.

Цаг уурын дулаарлаар дэлхийн хүн амын 60% нь хохирол хүлээнэ гэж ОУВС судалгаа гаргасан байдаг. Зарим судалгаагаар Монгол, ОХУ, Канад зэрэг хүйтэн сэрүүн уур амьсгалтай улсуудын эдийн засагт үр ашигтай гарсан байна. Харин АНУ, БНХАУ-ын эдийн засагт бага хэмжээний сөрөг нөлөөтэй, Африк, Ази, Өмнөд Америк, Ойрхи Дорнодын улсуудын эдийн засаг маш муугаар нөлөөлнө гэжээ. Товчоор бол дэлхийн дулаарал сэрүүн уур амьсгалтай бүс нутгуудад эдийн засгийн үр ашигтай байдал бий болгож,  дулаан уур амьсгалтай орнуудын эдийн засгийн бүтээмжийг удаашруулахад хүргэнэ гэжээ.

Дулаарал нь Монгол шиг сэрүүн оронд ашигтай, дэлхийн дулаарлаас хамгийн их ашиг олох орнуудыг Монгол тэргүүлж байна гэж ч ярьж байна. Сүүлийн 100 жилд дэлхийн дулаарал 0.75С градусаар нэмэгдсэн бол Монголд сүүлийн 70 жилд үүнээс 3 дахин их байна. Уур амьсгалын эрсдлийн индексээр Монгол улс 8-д жагссан. Энэ нь бид байгал цаг уураас ихээхэн хараат гэсэн үг.

Мэдээж дулаарлын нөлөөгөөр хавар эрт дулаараад эхэлбэл утаа бохирдол нь багасч, хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, эдийн засгийн давуу талууд үүснэ. Нөгөө талаас эрт цас хайлаад эхэлбэл хуурайшилт нэмэгдэнэ. Тариаланчид тариалалтаа эрт хийхгүй, 5 сарын хяруу, 6 сарын бороогоо угтуулж тарих гээд хүлээнэ.

Зун нь ган болоод өвөл нь цас их ороод байвал яавч Монголд ашигтай бус. Сүүлийн жилүүдийн ган, зудын байдал Монголчууд бид цаашид хүн амын хүнсний аюулгүй байдлаа яаж хангах уу, 60,70 сая толгой малаа хэрхэн авч явах, бэлчээрийн доройтлоо хэрхэн багасгах вэ гэсэн тулгамдсан асуудлуудад авчирч байна. Малаа өсгөсөн нь малчдын буруу юу?

Монгол улсын бэлчээрийн даац 32-36 сая мал буюу хонин толгойд шилжүүлснээр 60 сая мал багтаах боломжтой. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 1960 онтой харьцуулбал бэлчээрийн даац 38-66 хувиар, ургамлын төрөл зүйл нь 2 дахин буурсан. Малын хэрэгцээт тэжээлийн 95 хувийг бэлчээрийн эко системээр, 3 хувийг хадлан, 1.8 хувийг таримал тэжээлээр хангаж байна. Сум орон нутаг нь мал сүргийн харьцаа, бэлчээрийн даацдаа анхаарсан  бодлогыг анхнаасаа явуулаагүй, дээр нь цаг уурын дулаарлаас бэлчээрийн хомсдол гамшгийн хэмжээнд хүрлээ. Өвс тэжээлгүй тураалтай мал өвчлөх нь тодорхой яг л сульдаатай хүүхдийг өвчин ороогоод байдагтай агаар нэг.

НҮБ-ийн шинжээчид “Монгол орны газар нутгийн 80 хувь нь малын бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж байгаа ба энэ нь Төв Азийн хувьд хамгийн томд тооцогдох экологийн доройтлыг үүсгэж ирэх хэдэн арван жилд нийт нутгийнх нь 80 хувь цөлжилтөнд өртөж энэ нь тус улсын усны хомсдолын гол шалтгаан болно” гэж дүгнэжээ.

Сүүлийн хэдэн жил олон жилийн дунджаас илүү халлаа. Тухайлбал, 2000 онд олон жилийн дунджаас 2.6 градусаар, 2001, 2007, 2010 онуудад 2.2 градусаар илүү халж байсан бол 2016, 2017 онуудад 2.8 градусаар илүү халж байна. Энэ нь 1950-иад оноос хойш ажиглагдаагүй үзүүлэлт аж. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж ийнхүү халж байгаа нь газар нутаг төдийгүй хүний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Эерэг нөлөө нь манай газар тариалангийн үйлдвэрлэлд боловсорч амждаггүй зарим тарималын болц гүйцэж үрээ өгөх, дулаан халаалтын зардал хэмнэгдэнэ. Сөрөг тал нь ган халууны нөлөөгөөр таримлын ургац буурах, элдэв өвчин, хортон ихэсч ургацыг бууруулж байна. Эдгээр сөрөг тал нь усалгаатай тариаланг эрхлэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Дэлхийн газар тариалангийн нийт талбайн 17 хувийг эзлэх энэхүү усалгаатай тариалангаас дэлхийн хүн амын 50 гаруй хувийн хэрэгцээг хангах бүтээгдхүүн авч байгаа нь түүний үр өгөөж хэр зэрэг өндөр болохыг харуулж байна.

АНУ-ын Небраска мужийн талаар

Урьд нь  “Америкийн Их Цөл,” гэж нэрлэгддэг байсан Небраскагийн тал нутаг өнөөдөр Америктаа хүнс, малын тэжээл, био түлшний үйлдвэрлэлээр тэргүүлж байна.

АНУ-ын Небраска муж нь 3.5 сая га талбайд усалгаатай тариалан эрхэлдэг. Усалгаатай тариалан нь мужийн газар тариалангийн бүтээмжийн гол үндэс. Ogallala aquifer гэдэг гүний уст давхарга нь дэлхийн хамгийн томоохон гүний усны нөөцөд багтдаг.  Гол нөөц нь Небраска мужийн доор байдаг. Небраска мужийн нийт тариалангийн талбайн 60% нь усалгаатай. Үүний 90% нь бороожуулагч систем ашигладаг. Бороожуулагчийн 98 хувь тойргийн усалгааны систем буюу 2.7 сая га нь тойргийн усалгааны системтэй.

Манайхтай адил 4 улиралтай, нэг  уртрагт оршдог. Хүн ам 1.8 сая. Небраска муж нь эрдэнэшишийн тариалалтаар АНУ-д тэргүүлдэг. Эрдэнэшишийн тэжээлээр үхрээ тэжээж дээд зэргийн үхрийн махыг дэлхийн өнцөг булан бүрд нийлүүлдэг.

Эрдэнэ шишийн жилийн борлуулалт нь 8.3 тэрбум $.Небраскагийн Алтан гурвалжин:                               

                                                             Эрдэнэшиш                                                                  

                                 Био түлш                                  Мал аж ахуй

Үхрийн махны үйлдвэрлэл Небраска мужийн ХАА-н гол салбар. 19’000 гаруй эх сүргийн аж ахуйд бойжсон тугалнуудыг 12 сар хүртэл нь бэлчээрт байлгаад бордох аж ахуй руу шилжүүлдэг. Бордох аж ахуй дээр нь эрдэнэшиш, царгас, тэжээлийн буудайгаар 3-6 сар борддог.

Үхрээ эрдэнэ шишээр тэжээснээр Небраскагийн үхрийн мах өөх мах алагласан судалтай, амттай зөөлөн болдог. Ийм ч учраас үхрийн мах нь дэлхийн зах зээлд эрэлт ихтэй байдаг. Жишээ нь Хятадын зах зээлд 1 кг үхрийн мах нь 60 $ боловч эрэлт ихтэй. Небраскагийн үхрийн махны үйлдвэрлэл нь жилд 10.3 тэрбум долларын борлуулалт хийдэг .Үхрийн тоо нь хүн амын тооноос 3 дахин их буюу 6.3 сая толгой үхэртэй. Гахайн аж ахуй нь 3.1 сая гахайтай. Жилд 1 тэрбум доллар гахайн аж ахуйгаас олдог. Мөн Америктаа 6-д орох галууны аж ахуйтай. Нийт 55000 толгой үхэртэй 200 гаруй сүүний фермүүдтэй. Сүүний үйлдвэрлэлээс жилд 300 сая доллар олдог. Тахианы аж ахуй нь нийт 9.5 сая тахиатай 2.8 тэрбум өндөг жил бүр зах зээлд нийлүүлж жилд 180 сая долларын борлуулалт хийдэг. . Шар буурцагны тариалалтаар жилд 700 мянган тонн шар буурцаг хураадаг. Шар буурцагны борлуулалтын орлого нь жилд 3 тэрбум доллар. Жилд 600 мянган га-д улаан буудай тариалж 2.5 сая тонн улаан буудай хураан авдаг.

Жилд 6 сая тонн царгас, малын тэжээлийн өвс бэлддэг. Малын тэжээлийн соргум 127,000 тонн хураан авдаг. Био түлш хийдэг мөн Хятад Япон Мексик рүү өндөр чанартай малын тэжээлд экспортлодог. 50000 бүл зөгийтэй, 1.7 сая кг зөгийн бал үйлдвэрлэдэг. Жил бүр 1.3 сая тонн чихрийн манжин хураан авдаг.Чихрийн манжингаас 150 сая долларын борлуулалт хийдэг.  Төмсний үйлдвэрлэлээр АНУ-д 10-т ордог, 400 мянган тонн төмс хураан авдаг. Ингээд тоочоод байвал бидний л хүсээд байгаа ХАА.

Небраска муж нь Хэнтий, Дорнодын нутаг дэвсгэрийг нийлүүлсэнтэй тэнцүү буюу 200356 км2. Манай газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймаг-41000км2, Булган-48700 км2, Төм аймаг-74000км2, Хэнтий-80325км2, Дорнод-123597км2

Небраска мужийн хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүнүүдийн жилийн борлуулалт нь 24.22 тэрбум ам.$ буюу манай улсын нийт гадаад өр 27.4 тэрбум ам.$-ийн 90%-тай тэнцэж байна.

Монголын хөдөө аж ахуйн хөгжлийн гарц Усалгаатай тариалан

Монгол улсын газар тариалан нь Тариалан эрхлэх эрсдэлтэй бүс нутагт ордог. Цаг уурын дулаарал энэхүү эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Манай улсын нийт гол мөрний  жилийн дундаж урсацын 60-70 орчим  хувь нь гадагш хил даван урсаж, үлдэх хувь нь хөрсөнд нэвчин газрын доорхи усыг тэжээж Говийн нууруудад цутган улмаар ууршдаг.

Усалгаатай тариаланд тохиромжтой талбайн хайгуул судалгааны ажлыг томоохон голын ай саваар хийсэн судалгаагаар 400 орчим мянган га талбайд услалтын систем байгуулж тариаланд ашиглах боломжтой гэж гарсан. Цаашид хайгуул судалгааг аж ахуйн нэгжүүд бие даан хийж ашиглах боломжийг нэмэгдүүлэх нь чухал. Бид 1 сая га талбайд усалгаатай тариалан эрхэлдэг болвол Америкийн Небраскагаас дутахгүй хөдөө аж ахуйтай болно.

Монгол улсын хувьд усны нөөцөө нэмэгдүүлэхийн тулд усан сан, далан барьж, усыг шуудуугаар татаж усалгаатай тариаланг нэмэгдүүлж , бэлчээрээ сайжруулах зайлшгүй шаардлагатай. Энэ ажил нь хөрөнгө оруулалт их шаарддаг учраас улсаас усан сан, даланг нь барьж өгөөд Америк, Канадын жишгээр усандаа тоолуур тавиад багахан төлбөрөөр урт хугацаанд төр нь хөрөнгө оруулалтаа нөхөөд авна, ийм нөхцөлд л усалгаатай тариалан эрс нэмэгдэнэ. Үүний тулд  Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн /ҮАБЗ/ дэргэд Усалгаатай тариалан, Ус, Бэлчээр хариуцсан алба, агентлагийг яаралтай байгуулж дорвитой ажлуудыг хийх шаардлагатай. Бэлчээрийн доройтол үндэсний гамшиг болсон энэ үед Хубилай хааны Монголд байгуулж байсан Бэлчээр ашиглалтыг удирдах газар дутагдаж байна.

Ус,  бэлчээр Монгол улсын Үндэсний Аюулгүй байдал, стратегийн гол хүчин зүйлүүд цаашлаад усалгаатай тариалан ч хүнсний салбарын тулгуур хүчин зүйл болно. Монгол улсын нийт усны 60-70 хувь нь гадагш урсаад  гараад явж байгаа, бэлчээрийн хомсдол нь үндэсний гамшиг болсон, газар тариалан мал аж ахуй нь ган зуднаас болж уналтанд орж байгаа энэ нөхцөлд зөв бодлогоор усны нөөцийг нэмэгдүүлэх, бэлчээрийг хамгаалах, усалгаатай тариаланг хөгжүүлэхийн тулд Ус, бэлчээр, усалгаатай тариаланг хариуцсан агентлагийг эсвэл хуучны Усны яамыг байгуулах хэрэгтэй.

Монгол улсын усны менежментийн чиг үүрэг нь байгаль орчин, барилга хот байгуулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч зэрэг олон салбарын янз бүрийн байгууллагуудад хуваагдсан зарим эрх үүрэг нь давхардсан, зарим нь эзэнгүйдсэн байгаагаас үзэхэд усны салбарын бүтэц зохион байгуулалтын өнөөгийн тогтолцоогоор усны нөөцийн нэгдсэн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжгүй юм. Усны байгууллагуудын эрх үүрэг хариуцлагын асуудал зарим тохиолдолд төдийлөн тодорхойгүй нэмэлт тайлбар шаарддаг бөгөөд зарим асуудал өөр хоорондоо давхцсан байхад, усны менежментийн зарим шаардлагатай ажил үүргийг ямар ч байгууллагад хариуцуулаагүй байгаа нь тухайн ажлыг хариуцаж гүйцэтгэх эзэнгүй буюу ажил үүргийн хийдэл үүсэх нөхцлийг бий болгож байна.

Энэ талаар яригддаг боловч хэрэгждэггүй. ХХААХҮЯ ч өөрт хамаарах ёстой газруудаа өөртөө байлгаж чаддаггүй. Үүнд: Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь чиглэлийн буюу ХХААХҮЯ-ндаа биш БСШУЯаманд, улаан буудайн үрийн нөөц нь Онцгой байдлын газар, хяналт үнэлгээ нь МХЕГазар харьяалагддаг.

Ус бэлчээр хариуцсан агентлагийг байгуулбал:

  1. Усны нөөц нэмэгдүүлэх, усан сан, далан, усалгааны шуудуу усан байгууламж, УЦСтанц, усалгаатай тариалан, бэлчээрийн усжуулалтыг бие даан хурдан шийдвэрлэж чадна. Усны салбарыг, усны нөөцийн менежментийг авч явж чадах хэмжээнд зохион байгуулах хэрэгтэй эсвэл Усны яамыг ч эргүүлж байгуулах хэрэгтэй.
  2. Бэлчээрийн доройтолд анхаарч чадна. Өнөөдөр бодит байдалд бэлчээрт анхаарч малын хөлийн татвар тавих асуудлыг УИХ хуульчидж шийдэж чадахгүй сум орон нутагт хариуцуулсан гэтэл сумын удирдлага нь сонгуулиас айж малчиддаа шаардлага тавьж чаддаггүй. Малын тоог цэгцлэх дээр яриад ч хэрэггүй. Энэ нөхцөлд бэлчээрээ улс нь буюу энэ бие даасан агентлаг л хамгаалж сайжруулж чадна.

Усалгаатай тариаланд Монголынхоо шилдэг компаниудыг татан оруулж Хөдөө Аж Ахуйгаа хөгжүүлж, нүүдлийн Монгол Ахуйгаа хамгаалах цаг болжээ.

Хүн амын хэрэгцээт гурилын улаан буудай, малынхаа идэх өвсийг гаднаас авч байгаа нь Үндэсний аюулгүй байдал алдагдаж эхэлж байгааг харуулж байна. Малын хөлийн татварыг малчдаас авч чадахгүйгээс хойш уул уурхайгаас Норвегийн сан шиг ХАА-г дэмжих сан босгож усны нөөцөө нэмэгдүүлэх, бэлчээрээ сайжруулах, хамгаалахад зориулах нь Монгол үндэстний асуудал болжээ.

Говийн гүний усны нөөцийг уул уурхайгаас илүү усалгаатай тариаланд ашиглаж ногоон хэрэм байгуулбал уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалахаас гадна агаарыг цэвэршүүлэх, усны чанар, нөөцийг сайжруулах, хөрсийг бэхжүүлэх, элэгдлээс хамгаалах зэрэг асар их экологийн ач холбогдолтой.

Монголын хөдөө аж ахуйн Алтан гурвалжинг ингэж л тодорхойлно                                                       

                                               Усалгаатай тариалан                                             

           Малын тэжээл                                                      Мал аж ахуй

Жишээлбэл одоо байгаа газар тариалангийн компаниудын нийт талбайн 30 хувийг усжуулбал, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг хангана. 1000 га-тай компани 300 га талбайгаа усжуулбал, 300 га-гаас 1500 тн ургац хурааж авах бөгөөд энэ нь нийт усалгаагүй талбайгаас дундажаас дээш авах ургацтай тэнцэнэ. Сэлгээндээ олон төрлийн ургамал, малын тэжээл буурцагт ургамал тариалах нөхцөл бүрдэнэ. Эргээд ургуулсан малын тэжээл нь мал аж ахуйгаа тэтгэнэ. Эрсдэлгүй учраас банк нь зээлээ өгнө. Ийм л учраас Усалгаатай тариалан Хөдөө Аж ахуйн хөгжлийн гарц шүү.

Нэмж хэлэхэд сүүлийн жилүүдэд Атрын 3-р аянаар олсон ололтоо алдаж, тэг элдэншүүлэгээс механик уринш рүү шилжиж байна. Үүний шалтгаан нь тариалангийн талбайд мал бэлчиж хөрсийг хатууруулж сүрлэн хучлага хийх боломжийг хааж байна. Малаас шалтгаалж ургацын 50-аас илүү хувийг алдаж байгаа нь газар тариалангийн бүс нутгийн тариан талбайг яаралтай хаших, эрчимжсэн газар тариалан мал аж ахуйн бүс нутгаа зааглах хэрэгтэйг харуулж байна. Усалгаагүй тариалангийн нөхцөлд хөрсний чийгийг хадгалах, нэмэгдүүлэх уриншийн технологи болох сүрлэн хучлага бүхий тэг элдэншүүлгийг бүрэн нэвтрүүлэхгүй бол хэдэн тариаланчид нь жил ирэх бүр ганд нэрвэгдэж дампуурсаар тариа тарих хүн олдохгүй болох вий. Үлгэрт эрт дээр үед нэгэн ядуу тариаланч байжээ… гэж гардаг шиг хэдэн тариаланчдаа ядууруулж, хүн ардаа хүнсгүй болгох нь энэ төрийн бодлого биш баймаар юм.

Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг шиг Төр нь усаа мэдэж усалгаатай тариаланг хөгжүүлж, газраа мэдэж бэлчээрээ хамгаалах цаг иржээ.

Э.Жаргал

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

8 2018-03-13 66.181.184.199

Mongol uur amisgaliin ersdeliin index-eer 8 – d jagsana gedeg denduu haraat baina gesen uzuulelt baina shuu.
Gan bolohod urgatsaa aldah, zud bolohod malgui boloh ersdel under baigaag E Jargal oilgomjtoi sain anhaaruulsan bna. Bayar hurgee.

Avatar

GW &CC 2018-03-13 66.181.184.199

Global warming and Climate change is big problem worldwide! 194 countries agreed to keep t= 2 degrees .
Mongolia should to reduce CO2- GHG emissions caused by dirty coal-burning. As result the deadly air pollution-smoke of Ulaanbaatar is disastrous for children's and public health including foreigners living there.
Mongolia should change the strategy policy against GW and CC ASAP.

Avatar

Иргэд эээ 2018-03-13 202.72.245.205

МОНГОЛД АШИГТАЙ БАЙЛГҮЙ ЯАХ ВЭ ДЭЭ, ТЭР ӨӨРЧЛӨЛТӨНД ТААРУУЛААД АРГА ХЭЛБЭРЭЭ ӨӨРЧЛӨӨД АМЬДАР, ТЭГЭХГҮЙ ХУУЧНААРАА УХАНДААД Л МУУ БАЙНА ГЭЭД ГОНГИНООД БАЙХ ХЭРЭГГҮЙ

Avatar

БАТ ИНЖЕНЕР 2018-03-13

Тавьсан асуудал нь зөв боловч гаргалгаа нь нэг талыг барьчихаж

Avatar

Зочин 2018-03-13 103.26.192.190

ОХУ, Канадад ашигтай тусч болох юм, Монголыг бүхэлдээ бэлчээрээс шалгаалдаг МАА-тай, тэр бэлчээр нь цөлжилтөнд өртөөд байгаа гэдгийг мэдэхгүй байгаа л даа. Гэхдээ одоо хүйтрэлийн цикл нь эхэлж байгаа гэсээн санаа зоволтгүй.

Avatar

gan zud 2018-03-13 66.181.184.199

Gan bolohoor gazar tarialangiin urgatsaa alddag , Zud bolohoor malaa 10 sayaar ni uhuuldeg ni Mongoliin hunsnii ayulgui baidald TOM ersdeliig uur amisgaliin onts ayultai uzegdel uusgeed baina!

Avatar

10 saya mal, 50% urgats 2018-03-13 66.181.184.199

2010 ond zudand 10 saya malaa aldsan yavdal, Mun 2017 ond ulaan buudain urgatsaa 50% -iig aldsan ni TOM ersdel yum . Mongol ulaan buudai , hadlangaa importaar avahad hursen ni martah argagui TOM dohio baina.

Avatar

Tsetsvv 2018-03-13 122.201.22.76

Ulaan buudai hadlangaa gadnaas avahaar l utgagvi boloof bga yum

Avatar

2.1 gradus !!! 2018-03-13 66.181.184.199

Parisiin heleltseereer delhiin dulaaraliig 2.gradusaas hetruulehgui baihaar 194 oron sanal negdsen baina. Delhiin dulaaral 2 gradusaas hetervel urgamal amitanii 60 % -ni ustah ersdelteig anhaaruulsan baidag. Getel Mongold dulaaral ali hediin 2.1 gradus bolson baigaa ni TOM erdsel bui bolsoniig haruulj baina daa! SOS!

Avatar

fromUB 2018-03-13 202.21.106.139

Asuudliig mash zov hondson bn. Bayarlalaa…Bid tsag aldaj alguurlaj ogt bolohgui!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж