Худалдааны дайнд хэн ч хожихгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.13-нд нийтлэгдсэн

Худалдааны дайнд хэн ч хожихгүй

Худалдааны дайнд хэн ч хожихгүй

АНУ-д 1930 онд Сенатор Рид Смүүт болон Төлөөлөгчдийн танхимын гишүүн Уиллис Холи нарын лоббигоор Смүүт-Холигийн татварын хуулийг баталсан юм. Импортын 20 мянга гаруй бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлснээр АНУ худалдааны дайнд ялна гэж Смүүт, Холи нар америкчуудад амлаж байв.

Танил сонсогдож байгаа биз? Түүнээс хойш 88 жилийн дараа ган болон хөнгөн цагаанд импортын өндөр татвар ноогдуулахаар болсон тухай мэдэгдэж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаад худалдааны маш муу гэрээнээс болж хохирсон америк ажилчдыг хамгаална хэмээн амлалт өгчээ.

Смүүт, Холи нарын амлалт хий хоосон амлалт болж хувирсан. Энэ хууль их хямралын үед АНУ-ын эдийн засгийг улам дордуулж, цаашлаад дэлхийн дэг журамд тогтворгүй байдлыг авчирсан.

АНУ-ыг юу хүлээж байна вэ?

Ган, хөнгөн цагааны импортын шинэ татвар бол Трампын “Америк нэгдүгээрт” бодлогоо хэрэгжүүлэх бас нэг чармайлт ажээ. Трампын уран амлалт үйл хэрэг болсон энэ шийдвэрийн талаар Цагаан ордон мэдэгдэхдээ “АНУ дотоодын үйлдвэрүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд импортын ган болон гангийн бүтээгдэхүүнд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ноогдуулахаар болсон” гэсэн юм.

Гэсэн хэдий ч АНУ-ын засаг захиргааны зарим гишүүд энэ шийдвэрийг хэрэгжинэ гэдэгт итгэж чадахгүй байгаа ажээ. Трампын эдийн засгийн зөвлөх Гэри Кон дээрх асуудлаар ерөнхийлөгчтэй санал нийлээгүй учраас огцрох өргөдлөө өгчээ. Гэри Кон бол Трампыг ажлаа хүлээж авснаас хойш халагдсан АНУ-ын засаг захиргааны олон албан тушаалтны нэг юм.

Голдман Сакс банкны гүйцэтгэх захирал асан Гэри Коны үг АНУ-ын эдийн засгийн бодлогод жинтэй нөлөө үзүүлдэг. Гэвч тэрбээр Трампын импортын шинэ татвартай холбоотой шийдвэрээс болоод түүнтэй цаашид хамтарч ажиллахаас татгалзсан байна.

Гэри Коныг огцорсны дараа CNN  “Түүнийг явсны дара Трампын засаг захиргаа биднийг хаашаа хөтөлж байгаа талаар олон асуулт хариултгүй үлдэж, Dow Jones индекс 300 пунктээр уналаа” хэмээн онцолсон.

Ган, хөнгөн цагаанд татвар ноогдуулахын өмнө нэгдүгээр сард АНУ угаалгын машины импортын татварыг гурван жилийн хугацаанд 50 хувь хүртэл, нарны зай хураагуурын татварыг  дөрвөн жилийн хугацаатай 30 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Энэ бол АНУ барагтайд ашигладаггүй  1974 оны Худалдааны тухай хуулийн 201 хэсэг дэх заалтыг анх удаа мөрдсөн хэрэг юм. Худалдааны хуулийг АНУ 2001 оноос хойш импортын татвар ноогдуулах болон гадаадын импортын бараа бүтээгдэхүүнд хориг тавихад хэд хэдэн удаа ашигласан билээ.

Трампын шийдвэр Гэри Коныг огцрохоос өмнө дотоод гадаадад эсэргүүцэлтэй тулгарсан.

Дэлхийд алдартай жийнс үйлдвэрлэгч “Levi’s” импортын татварыг эсэргүүцсэн.

‘Бид хүн болгонд нэг дүрэм үйлчилдэг нээлттэй зах зээл, чөлөөт худалдааг дэмжинэ. Нэг талыг барьсан татварын бодлого эрсдэл бий болгохоос гадна дэлхийн эдийн засагт тогтворгүй байдал авчирна.  Үүний дүнд америк брэндүүд, ажилчид, хэрэглэгчид давхар хохирно” хэмээн “Levi’s”-ийн төлөөлөгч мэдэгдсэн.

АНУ-ын тэргүүлэгч компаниудын гүйцэтгэх захирлуудын холбоо “Business Roundtable” мөн мэдэгдэл гаргаж,  импортын шинэ татвар АНУ-ын эдийн засгийн өсөлтийг сааруулж, америк компаниуд болон хэрэглэгчдэд эрсдэл учруулахаас гадна АНУ-ын экспортод сөрөг үр дагавар авчирна гэжээ.

Трамп “зөгийн үүрийг бусниулав”

Трампын засаг захиргааны импортын татварын талаар авч хэрэгжүүлж буй дээрх арга хэмжээ АНУ-ын худалдааны түнш орнууд болон холбоотон орнуудын зүгээс асар хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч байгаа юм. АНУ-ын худалдааны түнш Хятад болон Европын холбоо дээрх алхмыг олон улсын худалдаа, дэлхийн дэг журамд ноцтой үр дагавар учруулах “маш буруу”, “болчимгүй алхам” хэмээн мэдэгдэж, АНУ үнэхээр ган болон хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулвал бусад улс орнууд ч мөн хариу арга хэмжээ авна хэмээн анхааруулсан.

Трампын шийдвэрийг АНУ-ын гангийн хамгийн том нийлүүлэгч Канадын Ерөнхий сайд Жастин Трудо шууд эсэргүүцэж, “ийм шийдвэрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн.

АНУ Канадтай хийдэг гангийн худалдаанаас 1.55 тэрбум ам.долларын илүү ашиг олдог учраас ган, хөнгөн цагаанд импортын шинэ татвар ноогдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Канадын Ерөнхий сайд мэдэгдсэн.

 ХБНГУ-ын Герман инженерийн холбоо АНУ дур мэдэн импортын татвар ноогдуулах нь худалдааны дайн дэгдээж болзошгүйг анхааруулсан.

‘Ерөнхийлөгч Трамп шиг чөлөөт худалдааны талаар ярих дуртай хүн ийм шударга бус арга хэрэглэж болохгүй” хэмээн ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Бригитте Зиприс хэлсэн байна. 

Франц мөн Трампын шийдвэрийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлсэн юм. Тус улсын Сангийн сайд Бруно Ли Мэйр “Европын холбоо дээрх шийдвэрийн хариуд нэгдсэн арга хэмжээ авахаар бүх боломжит хувилбарыг судалж үзнэ” гэжээ.

Европын комиссын тэргүүн Жан-Клод Жанкер “АНУ ган, хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулсны хариуд бид “Харли-Дэвидсон ” мотоцикль, Levi’s жийнс болон Бурбон дарсанд импортын татвар ноогдуулна” гэсэн байна.

АНУ-ын худалдааны хамгийн том түнш Хятад  Трампын шийдвэрийг эсэргүүцэж, энэ алхам нь Дэлхийн худалдааны байгууллагын олон талт худалдааны механизмд эрсдэл учруулж, гадаад худалдааны нормыг алдагдуулна хэмээн анхааруулсан.

Хятадын Худалдааны яам албан ёсны мэдэгдэл гаргаж, ‘АНУ-ын дээрх шийдвэр Хятадын эрх ашгийг хөндвөл бид эрх ашиг нь зөрчигдсөн бусад орнуудтай хамтран өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэнэ” гэжээ.

Худалдааны дайн хэнд ч ашиг авчрахгүй

‘Гадаад худалдаанаас тэрбум тэрбумыг алдаж буй орны хувьд худалдааны дайн ашиг авчирна. Энэ дайнд бид хялбархан ялна” хэмээн ган болон хөнгөн цагаанд импортын татвар ноогдуулах тухай мэдэгдсэнийхээ дараа твиттер хуудсандаа жиргэсэн юм.

Болзошгүй эрсдэл ойрхон байгааг ойлгосон Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн Роберто Азеведо Трампын мэдэгдлийн хариуд “Дайныг хэн ч хүсэхгүй” хэмээн хэлсэн.

Дэлхийн эдийн засагт үүрэг оролцоо их байхын хэрээр олон улсын худалдааны гэрээ хэлэлцээрт хүлээсэн үүргийнхээ дагуу АНУ ухарсан алхам бүрийнхээ төлөө төдийчинээ ихийг төлнө” хэмээн олон улсын худалдааны шинжээчид хэлж байна.

Смүүт-Холигийн татварын хууль АНУ-ыг их хямралыг даван туулах үеийг улам хэцүү болгосон. АНУ-ын импортын татварын хариуд бусад түнш орнууд экспортын бараа бүтээгдэхүүнд хариу арга хэмжээ авснаар дэлхий даяар эдийн засгийн үндсэрхэг үзэл ноёлсон юм.

‘Түүхээс хэн ч сургамж авдаггүй, мартаж орхидог нь хамгийн харамсалтай” хэмээн “Morgan Stanley Asia”-гийн тэргүүн, ахлах эдийн засагч Роуч хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж